Хүн амын өсөлт эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг мөн үү?
Хүн амын өсөлт эдийн засгийн хөгжлийг дэмжин түлхэц өгдөг гэсэн анхны санааг Данийн эдийн засагч Эстер Босрап дэвшүүлсэн бөгөөд XVIII зууны Европын аж үйлдвэрийн хувьсгал болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өсөлтийг дагалдан Европын хүн ам өссөн түүх үүнийг гэрчилдэг. Гэхдээ түүний үзлийн гол санаа нь хөдөө аж ахуйн хувьсгалтай холбоотой гарч иржээ. Аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжилд хүн амын өсөлт дэм болсон гэдгийг хөгжлийн түүх илтгэж байгаа боловч өнөөгийн хөгжингүй орнуудтай харьцуулахад ялгаатай гэдгийг хөгжлийн олон үзүүлэлт харуулдаг. Тухайлбал, өнөөдөр буурай хөгжилтэй орнууд ерөнхийдөө хөгжингүй улс орнуудын 200 гаруй жилийн хугацаанд туулсан хөгжлийн туршлагад тулгуурлан алдаа нь төдийлэн давтахгүй байна. Өндөр хөгжилтэй улс орнуудын хөгжлийн амжилтыг импортлох замаар буурай хөгжилтэй орнууд хүн ам зүйн шилжилтийн (хөгжлийн түвшин дээшлэхийн хэрээр төрөлт, нас баралт маш доогуур түвшинд хүрнэ) үе шатуудад ердөө 30-50 жилийн хугацаа зарцуулж байна.
Хүн амын өсөлт болон эдийн засгийн хоорондын харилцаа нь тухайн улс орны дамжин өнгөрч буй хүн ам зүйн шилжилтийн ямар үе шатанд байгаагаас ихэвчлэн хамааран өөрчлөгдөж байдаг. Ажиллах хүчний нийлүүлэлт буюу хангамж талаас авч үзвэл чухам аль насны хүн ам илүү хурдацтай өсч байна вэ гэдэг нь эдийн засгийн хөгжлийг хурдасгахад чухал хүчин зүйл болдог. Төрөлтийн бууралтын нөлөөгөөр нийт хүн амд насанд хүрсэн хүн амын тоо өсч байгаа нь эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, хүн ам зүйн шилжилтийн нөлөөгөөр ажиллах хүч огцом өсч, эдийн засгийн хөгжлийн нийтийг хамарсан, нэг удаагийн үсрэлт гардаг "хүн ам зүйн урамшуулал буюу түлхэц"-ийг бий болгодог. Иймд хүн ам зүйн чухал элемент нь хүн амын нийт тоо биш харин насны бүтэц гэж ойлгож болохоор байна. Упс орны хүн амын насны бүтэц нь нийгмийн өөрчлөлтийн гол өдөөгч болж байна.
Монгол улсын хүн ам ерөнхийдөө залуу насны бүтэцтэй байснаа идэрших бүтэц рүү шилжиж байгаа бөгөөд хүн ам зүйн урамшуулал манайд ид явагдаж байна. Төрөлтийн түвшний бууралтаас үүдэн нийт хүн амд хүүхэд насны хүн амын эзпэх хувийн жин буурч, хөдөлмөрийн насны хүн ам илүү хурдацтай өсч байгаа бөгөөд судлаачдын үзэж байгаагаар энэ хандлага 2020-иод он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Өнөөгийн байдлаар хөдөлмөрийн насны хүн амын эрчимтэй өсөлт сүүлийн 50 гаруй жилийнхээс хамгийн өндөр түвшинд хүрээд байна. Төрөлтийн огцом бууралтын үр дагавраар хүн амын насны бүтэц нэлээд өөрчлөгдөж, хүн амын хөгшрөлт хөгжингүй орнууд дахь хөгшрөлтийн түвшинтэй харьцуулахад тийм их биш байгаа ч илүү хурдацтай явагдах төлөвтэй байна.
1970-1980 онд төрсөн масс ихтэй хүн ам бөөнөөр хөдөлмөрийн насанд шилжин ирсэн бөгөөд төрөлтийн өнөөгийн бууралтаас үүдэн тэд 2025 оноос цааш нэгэн зэрэг тэтгэврийн насанд шилжснээр ирээдүйн тэтгэврийн ачааллыг нэмэгдүүлэхээр байна. Бид өнөөдөр хөдөлмөрийн насны хүн амын эдийн засаг дахь оролцооны түвшинг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалд бүрэн хамруулж чадахгүй бол төрөлтийн түвшин буурсан үеийн хүн ам буюу өнөөгийн бидний үр хүүхэд энэхүү ачааг ирээдүйд үүрэх болно гэдгийг бодлого боловсруулагчид, бизнес байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, иргэд өөрсдөө ойлгох нь чухал юм. Иймд бид хүн амын тоонд илүү ач холбогдол өгөх үү эсвэл нэгэнт бий болоод буй хүн амынхаа бүтцэд түлхүү ач холбогдол өгөх үү? Үүний хариулт нь улс орны эдийн засгийн бодит нөхцөл байдалд тулгуурласан оновчтой сонголт байх ёстой.
Оновчтой гарц хаана байна вэ?
Жулиан Саймон эдийн засгийн хөгжилд ахиц гаргахад "хамгийн хэрэгтэй нөөц" бол хүн амын өсөлт бөгөөд байгалийн хязгаарлагдмал нөөцийг технологийн хөгжлөөр орлуулж болох ба энд хамгийн гол нь хүний өөрийн чадавхи, чадвар, бүтээлч байдал илүү чухал гэсэн санааг 1980-аад онд дэвшүүлж байжээ. Тэрээр хүн амын дунд зэргийн хурдтай өсөлт (хурдан эсвэл хэт удаан гэхээсээ илүү) хүмүүн капиталыг нэмэгдүүлэхэд хамгийн тохиромжтой бөгөөд энэхүү өсөлт нь эдийн засагт ашигтай байхын тулд хүмүүс өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, бүтээлч байх боломжийг бүрдүүлсэн орчинд явагдах ёстой гэсэн таамаглалыг тавьжээ. Түүний энэ санаа нь өнөөдөр хүний хөгжлийн үзэл баримтлалын үндсэн зарчмуудын нэг болох хүний бүтээлч оюунлаг байдлыг дэмжих, хөгжүүлэх асуудлыг агуулж байна.
Тодруулбал, хүмүүсийн чадавхийг бий болгох, хөгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулж улмаар бүтээлч чадварыг нь хамгийн дээд хэмжээгээр ашиглах макро эдийн засгийн орчинг бий болгох тухай асуудал юм. Иймд эдийн засгийн өсөлт нь хуний хөгжлийн загварын нэгэн чухал хэсэг болохоос үндсэн зарчим нь биш юм. Хүний хөгжлийн үзэл баримтлалын үүднээс хөрөнгө оруулалтыг авч үзвэл дан ганц капиталаар, тухайлбал машин механизм, байшин барилга, үйлдвэрлэлийн технологи, эсвэл маш сайн зам, холбоо харилцааны сүлжээ зэрэг дэд бүтэц байгуулахад зарцуулах мөнгө гэж үзэж болохгүй юм. Энэ нь боловсрол, эрүүл мэнд зэрэг хүмүүн капитал буюу мэдлэг хуримтлуулж чадваржих, бүтээлч, санаачлагч байж уг чадвараа ашиглах чиглэлээр хийгдэх хөрөнгө оруулалтыг ч мөн багтааж байдаг.
Ерөнхийдөө, хүн амын өсөлтийн ерөнхий түвшин нь эдийн засгийн хөгжилд аль нэг насны бүлгийн өсөлтийн түвшнээс бага нөлөө үзүүлдэг ажээ. Бусад насны бүлгийн хүмүүстэй харьцуулахад залуу хүмүүсийн тоо өсөх, ялангуяа, төрөлт буурах үйл явц нь аажим биш, огцом тохиолдох нь эдийн засагт илүү ашигтай байна. Мэдээж хүн ам зүйн өөрчлөлт нь эдийн засгийн хөгжлийн цорын ганц хувьсагч биш нь ойлгомжтой. Хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийн эрх, чөлөөт зах зээл, ардчилсан засаглал нь тухайн улс орон хөгжиж, эдийн засгийн өндөр түвшинд хүрэх үү, эсвэл энэ түвшиндээ саатаж, эдийн засгийн хувьд зогсонги байдалд орох уу гэдэгт чухал нөлөөтэйг улс орнуудын туулж өнгөрөөсөн түүхэн туршлага харуулсаар байна.
Иймд юуны өмнө хүн амын тооны асуудлаас илүүтэй чанарын асуудалд онцгой анхааран, нийгмийн халамж, хамгаалалд хөрөнгө дайчлахаас илүү ажиллах хүчний өнөөгийн болон ирээдүйн хандлагыг ухаалгаар хүлээн авч тэднийг шингээх үр дүнтэй, бүтээмж өндөр ажил эрхлэлтийг дэмжихэд хангалттай хөрөнгө оруулалт хийхэд Засгийн газар хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна. Нөгөө талаас, иргэд, нэн ялангуяа залуучууд эдийн засгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бүтээмж өндөр салбарт хөдөлмөр эрхлэх сэтгэлгээ, санаачлага, бүтээлч байдлаа дайчилж улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ чимх боловч оруулах нь чухал байна. Эцэст нь дүгнэхэд, улс үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнол, эдийн засгийн хөгжилд хүн амын тоон хэмжээ чухал боловч бид хүн амын бүтцийн өнөөгийн боломжийг оновчтой, бүрэн дүүрэн ашиглах нь хөгжлийн гол түлхүүр байх болно.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |
Аливаа бизнесийг хийхийн тулд өөрийн зан характерийг зөв тодорхойлж, үүнээс үүдэлтэйгээр ямар төрлийн ажилд хамгийн тохиромжтой болохыг эртхэн тодорхойлох нь зүйтэй. Дараах тайлбаруудаас өөрт хамгийн тохиромжтойг олж авч дүгнэлт хийж шинэ бизнест өөрийн эзлэх байр суурийг зөв тодорхойлж, цаашид амжилттай бизнес эрхлэхийн тулд хэрхэн баг бүрдүүлэх буюу өөрөө алдаа гаргахаас нь өмнө түүнийгээ залруулах боломжийг ашиглах хэрэгтэй.