Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.77%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.50%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.35%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.39%
Гишүүдийн булан
- 2011 / 05 / 03
Нэрийн хуудас хэрэглэх талаар
Ингэхэд Монголд нэрийн хуудас хэзээ хэрхэн нэвтэрсэн хэрэг вэ? 1950-иад оны сүүлч, 1960-аад оноос эхтэй гэж ахмад сэхээтнүүд үздэг. Тэгэхдээ тун хязгаартай байж. Тэр үед төр, засгийн дээгүүр тушаалтан, гадаадынхантай харьцдаг ганц нэг хүмүүс л гол төлөв монгол, орос хэлээр хоёр талд нь хэвлэсэн даруувтар нэрийн хуудас хэрэглэдэг байж. Хэвлэдэг газар нь ч (Ордны хэвлэх) тодорхой. Нэрийн хуудастны тоо тэр үед лав 1000 хүрч байсангүй. Харин гадаад харилцаа, гадаад худалдааны салбарт нэрийн хуудасны хэрэгцээ байсан тул дипломатчид, гадаад худалдаачид гайгүй хэрэглэж хэвшсэн тэр л дүр төрхтэйгээ 1990 онтой золгосон байна.
  1990-ээд оноос Монголд  “Нэрийн хуудасны их тэсрэлт” гарчээ. Одоо хэрэглэдэггүй хүнийг эрж ол гэвэл нэлээд маапаантай байж болох юм. Гэхдээ соёлжсон түвшинд бүрэн хэвшсэн гэвэл арай эртдэнэ. Хэвшүүлэхийн тулд өчүүхэн ч нэмэр болтугай хэмээн дараахи зүйлийг сургамжлая.  
  Нэрийн хуудас гэж юу юм бэ? Европ даяар XIX зууны эхэн үеэс баян язгууртнууд нэрийн хуудсыг түгээмэл хэрэглэх болж, нэг ёсны ёслолын нарийн дэг журам болгож ирсэн бөгөөд нэрийн хуудсыг илгээгчийн нэр хаягаас илүүтэй тэр хүний соёл, хүмүүжлийг илэрхийлэх, түүнийг нь дүгнэх хэрэгсэл болгон түгэж тархжээ. Майн Ридийн “Морь унасан толгойгүй хүн” номд Морис Жеральд нэрийн хуудсаа ашиглан зам заасан нь сүүлдээ хайр сэтгэлийнх нь бэлгэ тэмдэг болсон хүүрнэл буй. Өөрөөр хэлбэл АНУ-д XIX зууны сүүлчээс түгээмэл хэрэглэдэг болж.
  Баяр хүргэх, талархал илэрхийлэх, уулзах гэх зэрэг сэтгэлээ илэрхийлэхийн тулд өөрийн биеэр нэрийн хуудсаа аваачиж өгдөг, хэрэв уг хүнд эвгүй бол ойрынх нь хүнээр уламжилж үлдээдэг дэг Европ, Америкт эхлэн тогтжээ. Ингэхдээ нэрийн хуудасныхаа зүүн талын дээд өнцгийг бага зэрэг нугалж орхидог байж. Харин гашуудал, харуусал илэрхийлэхдээ нэрийн хуудасныхаа зүүн талын доод өнцгийг нугалж орхих ёстой байж. Энэ бол анхны хэлбэр төлөвшлийн нь түүх.  
  Өнөөгийн нөхцөлд энэ бүхнийг тэгтлээ хэрэглэхээ больсон ч баяр хүргэх, бэлэг дурсгал илгээх, хариу талархал, эмгэнэл илэрхийлэх зэрэгт нэрийн хуудсыг дэл­хий даяар түгээмэл хэрэглэсээр байна.
   Нэрийн хуудас бол юуны өмнө Таны хэн гэгч болохыг танилцуулахаас гадна түүнийг хэрэглэж байгаа байдлаас чинь шалтгаалж тодорхой утгыг илэрхийлдэг. Ажил албаны анхны уулзалтаар танил­цахдаа нэрийн хуудсаа солилцдог заншил­тай. Эсвэл хүлээн авалт, зоогийн үед танил­цангаа нэрийн хуудсаа өгч, цаад хүн нь ч хариу өгдөг. Ингэхдээ албан тушаал доогуур буюу эсвэл насаар дүү нь нэрийн хуудсаа эхэлж өгдөг. Хэрэв насны хувьд ойролцоо бөгөөд хэн нь дүүгээ тодорхойлоход хэцүү бол илүү соёлтой нь түрүүлж өгдөг.
  Нэрийн хуудас нь дотроо:
1) Албаны
2) Хувийн
3) Гэр бүлийн гэсэн гурван янзын хэлбэртэй (хувилбар) байж болдог.
• Албаных нь: Нэрийн хуудасны голд овог нэр, албан тушаал, зэрэг дэв, зүүн талын доод буланд албан газрын хаяг, баруун талын доод буланд утас, факс, Е-мэйл, вэбсайт бичигдэнэ.
Зөвхөн нэг талдаа бичвэр­тэй, нөгөө тал нь цулгуй байвал Та илүү соёлтойн шинж гэдгийг саначих.  
• Хувийнх нь:  
Овог, нэрээ төв хэсэг нь бичиж баруун доод буланд нь гэрийн хаяг, утас, факс, мэйлээ  тавина.
• Гэр бүлийнх нь: Төв хэсэгт нь нөхөр , эхнэрийн овог, нэр, баруун доод буланд нь гэрийн хаяг, утсаа гэхчлэн бичсэн байх нь түгээмэл.
  Зарим улс оронд 16 нас хүрээгүй хүүхдэд ерийн хэмжээнээс арай жижиг цаасан дээр нэрийн хуудас хийж өгдөг заншил бий. Гэхдээ хаяг бичих баруун доод буланд «Chez maman» (эхийн ивээлд) гэж бичсэн байдаг.
  Албан тушаал,  зэрэг дэвээсээ шалтгаалан албан газрын хаяг, утас, факс, Е-мэйл заавал бичигдэх албагүй. Жишээ нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын сайдууд овог нэр албан тушаалаа бичихэд л хангалттай. Төрийн өндөр албан тушаалтан албаныхаа нэрийн хуудсанд хаяг, утсыг бичдэггүй,  зөвхөн улс, нийслэлийн нэрийг л  бичдэг.
  Тэгээд ч интернэт хөгжсөн энэ цаг үед хүсвэл хэрэгтэй гэж үзвэл хаяг ба бусад мэдээллийг дуртай цагтаа олж болно. Эсвэл их нэр хүнд бүхий олон нийтийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, гэгээнтэн бол интернэт дэх вэб хуудасны хаягаа бичсэн байх нь бий.   
  Нэрийн хуудсан дээр бичигдсэн албан тушаал, зэрэг дэв өөрчлөгдсөн бол түүнийг үзгээр баллаж сохлох, штрихээр баллаж засч бичиж өгөх нь тун зохимжгүй бөгөөд ийм тохиолдолд тухай бүр нэрийн хуудсаа аль болох хурдан сольж хэвлүүлэх нь соёлжсон хүний шинж чанар юм.
  Бас нэг анхаарал зүйл бол уулзаж танилцаагүй боловч нэрийн хуудсаа солилцсон л бол уулзсантай адил үзэж харилцаж болдог. Интернэт, мэдээллийн энэ эринд энэ бол хамгийн түгээмэл үзэгдэл болж байна. Жишээ нь олон улсын нэгэн хурал дээр хэдэн талаасаа танилцсан олон хүн байж гэж бодъё. Хурал дээр төдийлөн харилцаагүй, нэрийн хуудас солилцоод л өнгөрчээ. Тухайлсан хоёр хүн хурлаас хойш мэйлээр харилцсаар байгаад дотно танилцаж, сүүлдээ ажил ярилцаж, бие биеэ урьж, нэг нь нөгөөдөө айлчлан очсон явдал манайханд ч (жишээ нь зохиогч миний хувьд) хүртэл тохиолдох болжээ.
   Манайхан зайлшгүй анхаарах ёстой, байнга санаж явууштай нэг практик байна. Эхнэргүй эрэгтэй хүн нэг гэр бүлийн хоёр хүнд хоёуланд нь нэрийн хуудсаа үлдээдэг ёсон бий. Эхнэргүй эрэгтэй хүнд эмэгтэй хүн нэрийн хуудсаа өгч болохгүй. Нэг гэр бүлийн хоёрт нөхөр нь нэрийн хуудсаа нөхөрт нь, гэр бүлийнхээ хуудсыг эхнэрт нь өгдөг. Хоёр эмэгтэй хүн хоорондоо танилцаад цаашид харилцаатай байх хүсэлтэй бол нөхрийнх нь албан тушаал дээгүүр нь, эсвэл эгчмэд нь нэрийн хуудсаа түрүүлж өгдөг юм шүү.
  Нэрийн хуудсан дээр баяр хүргэх, амжилт хүсэх, талархал, эмгэнэл илэрхийлэх, урилга хүргүүлэх гэх мэт бүх зүйлийг гараараа балын харандаагаар зүүн талын доод өнцөгт нь гаргацтай нэмж  бичдэг. Сэтгэлээ илэрхийлэх эдгээр үгс бол:
  p. r. (pour remercier) - талархал илэрхийлэх
  p.f. (pour fete) - баяр хүргэх

p.f.c.(pour faire connaissance) – танилц­сандаа сэтгэл таатай байх
  p.f.N.A.(pour feliciter Nouvel An) – шинэ жилийн баяр хүргэх
  p. f.F.N.(pour felicitez Fete National)- үндэсний баярын мэнд хүргэх
  p.p.c.(pour prendre conge) – уулзаж чадалгүй салж явах (бүрмөсөн буцах)
  p.c.(pour condoleances) – эмгэнэл илэрхийлэх
  p.p.(pour presentation) – танилцах гэсэн утгатай юм шүү
   Эдгээр франц үгсийн үсгийг бичмэл жижиг үсгээр бичдэг боловч зөвхөн p.f. N.A.,  pf F.N хоёрт N.A.ба F.N хоёр үсгийг томоор бичдэг. Мөн үсгийг андуурч бичсэнээс болж эвгүй байдал гарах ч тохиолдол байдаг. p.p.c. гэхийн оронд нэг “р”-г гээж “p.c.” гэх буюу эсрэгээр хэрэглэвэл юу болох нь ойлгомжтой.
  Нэрийн хуудасны үзэмж хийц нь Таныг олон талаар тодорхойлох тул тун хянуур хандууштай. Нэрийн хуудас бол ерөөсөө л Таны ажил хэрэгч зан байдлын товч илэрхийлэл юм.
  Нэрийн хуудсан дээрхи Таны албан тушаал, зэрэг дэв, гавьяа шагнал (Төрийн шагналт, МУГЖ, МУСТА, академич, доктор, профессор гэх мэт) хичнээн олон болж жагсах тусам Таны нэр хүнд төдий чинээ доошлоно шүү. Ялангуяа бизнесч хүнд эрдмийн зэрэг цол, ТТБ-ын тэргүүний хавсарсан туршаал, өргөмжлөл, тийм академийн академич гэхчлэн бивэл Таны нэр хүнд унаж байгаа нь тэр дээ.
  Нэрийн хуудсаа хэвлүүлнэ гэдэг нэг талаасаа Таны өндөр хариуцлага, хүмүүжил, ухамсар шаардсан ажил, нөгөө талаасаа Таны урлагийн мэдрэмжийг бас хэлээд өгнө.
  Олон өнгө будгаар гоёх, ирмэгийг нь дугуйлах, ирмэгийг нь алтдах, эвхдэг хавтас хэлбэртэй байх, элдэв эмблем тавих, босоо хэвлэсэн байх, цагаан цааснаар өөр цаас буюу хатуу гялгар эд дээр хэвлэх  тусмаа л Та алдаж байна гэсэн үг шүү.  
   Нэрийн хуудас хийхэд зориулсан зориулалтын хэвлэлийн цаас байсаар байтал чамирхаж гялгар хавтан буюу лаакадсан цаас, кардон дээр хийх нь тун зохимжгүй. Ер нь 2-өөс дээш өнгө будаг орвол нэрийн хуудас чинь марзан болж, нэр хүнд чинь унана. Соёмбо нь шар, бусад бичээс нь хөх байвал илүү зохимжтой. Зочид буудал, рестораны нэрийн хуудаснаас хувь хүмүүсийнх заавал сайхан байх албагүй, гол нь Таны буурь суурь, хариуцлага, соёлын илэрхийлэл гэж бодох нь зүйтэй.
  Төр улсын болон олон улсын эмблемийг авч хэрэглэх нь Таныг цаад хүндээ маш эргэлзээтэй байдалд оруулна гэсэн үг. Жишээ нь НҮБ-ын эмблем бүхий нэг нэрийн хуудсыг энд жишээлж болно. Энэтхэгийн нэг мужид НҮБ-ыг дэмжих ТББ байгуулагдаж, тэр нөхөр дарга нь болсон юм байна. Тэглээ гээд НҮБ-ын эмблемийг нэрийн хуудсандаа хэрэглэхийг зөвшөөрч боломгүй. Гэтэл ард нь тэр хүний 10 албан тушаалыг жагсаасан нь чухам л их гарын луйврын жулик гэмээр сэтгэгдэл төрүүлэхээр. Энэ бол надад тохиолдож байсан ганцхан жишээ.
  Нэрийн хуудсыг авч явах тухайд их нарийн учир бий. Манайхан мөнгөний түрийвчнээсээ гаргаж өгч байгаа харагддаг. Зарим нь халаасандаа зүгээр сул авч явдаг. Пиджакны энгэрийн жижиг халаас бол нэрийн хуудсанд зориулагдсан эд биш. Энэ бол энгэрийн алчуур хийж яв гэж гаргасан эд шүүдээ.
  Нэрийн хуудасны тусгай төмөр, ширэн хавтага гэж байдаг. Төмөр нь шар, эсвэл мөнгөлөг өнгөтэй, ямар нэг зураг чимэглэлгүй байвал илүү төв даруу, ширэн хавтага ч мөн адил. Тийм хавтагыг эрэгтэйчүүд пиджакны зүүн талын дотор доод жижиг халаасандаа, эмэгтэйчүүд цүнхэндээ авч явах нь зохимжтой. Танилцах үедээ хавтагаа аажуухан гаргаж, гартаа барьж цаад хүнийхээ нэрийн хуудсыг уншингаа аажуухан буцааж хийвэл Таныг намбатай харагдуулна.
  Нэрийн хуудсыг авто машин, автобус, хонгил, цахилгаан шатанд, явуут дундаа, эсвэл нисэх онгоц тосоод шууд солилцох нь эвгүй тул зөвхөн албан ёсны уулзалт, зоог дээр солилцвол зүйтэй. Зочноо анзаараагүй үед, завгүй, гар нь сул биш байхад нэрийн хуудсаа өгөх гэж бүү яараарай. Хэрэв тийм үед нь өгчихөөд цаад хүн нь төдийлөн анзаараагүй, ширээн дээрээ орхиод гарвал Та бүү гомдоорой!
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #423 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/04/01-04/22) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/10_240422
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #0401 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/09_240419 (24/04/10-04/19)
- 2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #422 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/03/04-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/08_240329
- 2024 / 04 / 22
-2024 / 04 / 22
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #421 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/02/26-03/29) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/07_240329
-2024 / 04 / 01
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #040 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/06_240329 (24/03/13-03/29)
-2024 / 03 / 26
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - A #039 төгсөгчдөд сертификат олгох тухай. (ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/05_240325 (24/03/13-03/25)
HR Фото