HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.20%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.00%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
28.00%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.80%
HRM- Сонгон шалгаруулалт
- 2011 / 07 / 04
Төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалттай холбоотой зарим асуулт, хариулт
1. Асуулт: Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд ажиллах хүн заавал сонгон шалгаруулалтад орох ёстой юу?

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал нь хоёр түвшингээр зааглагдсан байдаг. Төрийн төсөвт байгууллагын ерөнхий менежерийн болон менежерийн албан тушаал гэж ангилна. Үүнээс Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн дагуу Ерөнхий менежерийн албан тушаалд зайлшгүй нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-т зааснаар төрийн жинхэнэ албаны  менежерийн түвшин /нэгжийн дарга/-ийн удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх боломжгүй тохиолдолд тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, захиалгыг үндэслэн нээлттэй сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлөөс зохион байгуулан дүгнэлт гарган томилох эрх албан тушаалтанд хүргүүлдэг журамтай.

2.Асуулт: Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын босго оноог хэдээр тогтоосон байдаг вэ?

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах тухай Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлаар сайшаагдсан зөвлөмжид зааснаар нийт авбал зохих онооны 60 хувь гэсэн үг. Сорил /тест/-оор 50, ярилцлагаар 50 оноо авсан байх ёстой. Ингээд нийт 100 оноо авах ёстойгоос 60 оноог нь цуглуулсан тохиолдолд эрүүл мэндийн үзлэгт хамрагдана.

3.Асуулт: Ер нь удирдах ажилтны сонгон шалгаруулалт нь хэдэн үе шаттай байдаг юм бол?

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг  сонгон шалгаруулах журам”-ын 26-д “Удирдах албан тушаалд ажиллах хүсэлт ирүүлсэн иргэний анкет, холбогдох бусад материалыг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол, журам, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий ба тусгай шаардлагатай харьцуулах замаар эхний шалгаруулалт явуулна”, мөн журмын 27-д зааснаар “Эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийг дараах хэлбэрээр сонгон шалгаруулна:  удирдах ур чадварын төвшин тогтоох;  ярилцлага хийх; эрүүл мэндийн үзлэг”-т хамруулах зэрэг юм.
Төрийн албаны зөвлөлийн 2003 ны 13 дугаар тогтоолоор баталсан ”Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга (захирал, эрхлэгч)-ыг сонгон шалгаруулах журам”-д ч мөн ийм жишгээр зохицуулсан байгаа.

4.Асуулт: Яам, агентлаг дээр удирдах ажилтны сонгон шалгаруулалт хийгдэж байна гэж яригдах юм. Энэ талаар тодруулж өгөөч?

Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 126 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журмын 1.1-д Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг яам, агентлаг, аймаг ,нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх Төрийн албаны зөвлөлийн зохион байгуулалтын бүтцийн салбар нэгж мөн гэж заасныг баримтлан  Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45.1-д зааснаас бусад төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан, төсвийн байгууллагын дарга /захирал, эрхлэгч/-ын албан тушаалд томилогдох албан тушаалтны сонгон шалгаруулалтыг бие даан зохион байгуулах эрхтэй юм.

5.Асуулт: Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн хугацаа хэдэн жил байдаг вэ?

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан журмын 39-д “Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн шийдвэр 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.” гэж заасан байдаг.

6. Асуулт: Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын нөөцөд байгаа иргэн өөр бусад албан тушаалд шууд томилогдож болох уу?

Монгол Улсын Их Хурлаас 2003 онд баталсан 13 дугаар тогтоолын хавсралт журмын 40-д “Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. Харин өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл  сонгон шалгаруулалтад дахин орно” гэж заасныг үндэслэл болгодог.

7. Асуулт: Сонгон шалгаруулалтыг хэдийд зарладаг юм бэ?

Томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн уг албан тушаалын сул орон тоо гарсан үед Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлд харъяаллын дагуу сул орон тооны захиалгаа ирүүлдэг, Монгол Улсын Их Хурлаас 2003 онд баталсан 13 дугаар тогтоолын хавсралт журмын 17-д зааснаар 21-ээс доошгүй хоногийн өмнө зарлах учиртай. Зарлалдаа хэзээ, хаана, ямар цаг хугацаанд, ямар материал бүрдүүлэн бүртгүүлэх талаар  тодорхой зааж өгдөг.
Сонгон шалгаруулалтын зарыг сүүлийн үед төсөв санхүүгээс шалтгаалан Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар ихэвчлэн нийтэд хүргэх бодлого барьж байна.

8. Асуулт: Сонгон шалгаруулатад тэнцсэн иргэдээс хэрхэн нэр дэвшүүлдэг вэ?
Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “төрийн захиргааны болон хуульд өөрөөр заагаагүй бол төрийн тусгай албаны удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаархи дүгнэлтээ уг ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгөх”, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Төрийн албаны төв байгууллага нь дараахь албан тушаалд нэг хүний нэрийг дэвшүүлж, түүнийг томилох эрх бүхий этгээдэд санал болгоно” гэснийг баримтлаж 1 нэр дэвшигчийг томилох эрх бүхий этгээдэд санал болгоно. Тэгэхдээ тухайн албан тушаалыг эрхлэх боловсрол, мэдлэг, чадвар, туршлагыг голлодог, Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 10.1, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 5.1.3-д заасан шаардлага болон төрийн албаны тухай хуулийн 33.4, 33.5-д заасан тусгай шаардлагыг харгалзана.

9. Асуулт: Яам, агентлагийн зохион байгуулалтын нэгжийн дарга нарын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасныг баримталж нэр дэвшүүлэхдээ заавал 2-оос дээш хүний материал ирүүлэх ёстой юу?

Төрийн албаны тухай хуулийн 17.1-д зааснаар тухайн байгууллага нь төрийн жинхэнэ албан хаагчдаас нэр дэвшүүлэн салбар зөвлөл болон манай Зөвлөлд саналаа ирүүлэх ёстой. Монгол Улсын Их Хурлаас 2003 онд баталсан 13 дугаар тогтоолын хавсралт журмын 33-ын “б”-д зааснаар бол 2-оос доошгүй иргэний нэрийг дэвшүүлэхээр журамласан хэдий ч Төрийн албаны тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн холбогдох заалтыг баримталж Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөл нь томилох эрх бүхий албан тушаалтанд зөвхөн нэг нэр дэвшигчийг тухай албан тушаалд томилуулахаар санал болгоно.
Нэр дэвшигч нь тухайн ажлын байрны тодорхойлолтын шаардлагад бүрэн нийцсэн байхын зэрэгцээ үр дүнгийн гэрээний биелэлт буюу үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээгээрээ сайн байх  ёстой.

10.Асуулт: Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулалт бусад сонгон шалгаруулалтуудаас юугаараа ялгаатай байдаг вэ?

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулдаг бол төсвийн байгууллагын дарга /захирал, эрхлэгч/-ыг Төрийн албаны зөвлөлийн 2003 онд баталсан 13 дугаар тогтоолын дагуу зохион байгуулдаг юм.
Мөн төрийн албаны тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг цэрэг, цагдаа, авлига, шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, гаалийн байгууллага зэрэг нь тус бүртээ өөрийн онцлогт тохирсон байдлаар сонгон шалгаруулалтаа хийдэг.

11. Асуулт: Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад өрсөлдөхөд ямар шалгуур хангасан байх шаардлагатай вэ?

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр баталгаажсан ажлын байрны тодорхойлолт, түүнд тусгагдсан шаардлагыг боловсрол, мэргэжил, мэргэшил,ур чадвар, туршлагын хувьд хангасан байх ёстой.

12.Асуулт: Төрийн албаны ямар албан тушаалууд удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтаар томилогддог вэ?

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан болон Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна.” гэж заасны “удирдах” гэсэн төрөлд хамаарч буй төрийн албан хаагчдыг удирдах ажилтны сонгон шалгаруулалтад хамааруулдаг. Энэ нь дотроо төрийн жинхэнэ албаны албаны, төсвийн байгууллагын дарга, эрхлэгчийн сонгон шалгаруулалт гэж хуваагдаж байгаа.
Мөн төрийн албан хаагчдын ангилал, зэрэглэлийг баталсан Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор төрийн албаны удирдах ажилтны ангиалал, зэрэглэлийг баталсан байгаа.

13.Асуулт:  Бүх түвшний удирдах албан тушаалтнуудыг Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулдаг уу? Эсвэл ялгамжтай байдаг уу?

Төрийн албаны зөвлөлийн эрхлэх асуудлын хүрээнд яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны газрын дарга, Засгийн газрын агентлагийн дарга, дэд дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга болон төр, засгийн удирдах дээд байгууллагын Ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга нарын албан тушаал хамаардаг.
Үүнээс бусад удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын хувьд яам, агентлаг, аймаг, нийслэлийн дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл зохион байгуулдаг журамтай.

14.Асуулт: Сонгон шалгаруулалт зарлалгүйгээр зарим удирдах албан тушаалууд дээр хүнийг томилж байх юм. Энэ ямар учиртай вэ?

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.3, 45 дугаар зүйлийн 45.1.5-д заасан албан тушаалтнууд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орохгүй.
Хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг ажил, албан тушаалд түр буюу түр орлон гүйцэтгэгчээр томилох зохицуулалтгүй.

15.Асуулт: Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад тэнцэж нөөцөд бүртгэгдвэл уг нөөцөөсөө өөр удирдах эсвэл гүйцэтгэх албан тушаалд нэр дэвшиж томилогдох боломж бий юу?

Удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэн гүйцэтгэх албан тушаалын сул орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар нэр дэвшигдэн томилогдох боломжтой.
Тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий этгээд нь сул орон гарсан, уг орон тоонд  нөөцөөс хэнийг нэр дэвшүүлж буй саналаа Төрийн албаны зөвлөл болон түүний салбар зөвлөлд ирүүлдэг.

17.Асуулт: Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад өрсөлдөх хүсэлтэй хүн ямар хууль тогтоомжтой заавал танилцсан байх шаардлагатай вэ?

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан маань ажилтан, албан хаагчдыг ажилд томилдог, чөлөөлдөг, цалин хөлсийг нь тогтоодог, шагнаж урамшуулдаг, сахилгын шийтгэл ногдуулдаг, сэлгэн ажиллуулдаг, тэдэнд тэтгэмж, буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргадаг гэх мэт олон асуудлыг нь бие даан болон хамтын удирдлагын зарчмаар шийдвэрлэдэг тул тэдэнд зайлшгүй мэдвэл зохих олон хууль тогтоомж бий.
Хамгийн эхэнд Монгол Улсын Үндсэн хууль,Төрийн албаны тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Улсын Их Хурлын тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Агентлагийн эрх зүйн тухай хууль, Авлигын эсрэг хууль болон төрийн албан хаагчдын харилцаатай холбоотой Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, засгийн газар, Төрийн албаны зөвлөлийн тогтоол, Сангийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаал зэргийг зайлшгүй судлах шаардлагатай.

18.Асуулт: Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын зарлал, мэдээллийг хаанаас авах вэ?

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын зарыг “Зууний мэдээ” сонин, Төрийн албаны зөвлөлийн цахим хаягаар мэдээлдэг.

19.Асуулт:  Бүртгүүлэхэд ямар бичиг, баримт бүрдүүлсэн байх ёстой вэ?

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг нээлттэй сонгон шалгаруулах тохиолдолд дор дурдсан материалыг бүрэн бүрдүүлж өөрийн биеэр бүртгэх байгууллага,  ажилтанд хандах ёстой:

   1. Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);
   2. Боловсролын  дипломын эх хувь, түүний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
   3. Мэргэших сургалтад хамрагдсан тухай гэрчилгээ, түүний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
   4. Монгол Улсын иргэний үнэмлэх,  түүний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
   5. Ажил байдлын тодорхойлолт;
   6. Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
   7. 4х6-ийн хэмжээтэй 2 хувь зураг;
   8. Ажилласан жил заасан тохиолдолд Хөдөлмөрийн дэвтэр болон Нийгмийн даатгалын дэвтэр.

20. Асуулт: Хууль, дүрэм, журмыг хараад байхад хоорондоо зөрчилдсөн заалт байх юм. Энэ талаар тодруулж өгөөч.

Зарим хуулийн заалттай дүрэм, журам нь зөрчилдөх явдал амьдрал дээр олон байна. Энэ нь зарим хуульд шинээр нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд өмнө нь  батлагдсан дүрэм журам нь хуулийн зүйл, заалттай зөрчилдөж эхэлдэг. Ийм тохиолдолд эрх бүхий байгууллага холбогдох дүрэм, журмаа хуулийн шинэ зүйл, заалтад нийцүүлэн өөрчлөх хүртэл хуулийн зүйл, заалтаа барьж ажиллах хэрэгтэй. Учир нь хуулиас дээгүүр заалттай дүрэм, журам байх ёсгүй.

 
Эх сурвалж: http://csc.gov.mn

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 10 / 02
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
Тухайн байгууллагад ажилд горилогчдын тоо олон байвал байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр, хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ.
- 2023 / 10 / 02
Сонголт шалгаруулалтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг. Хүний нөөцийн бүрдүүлэлт нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
- 2023 / 09 / 10
-2023 / 09 / 06
Дараах шалгуурууд таныг хамтран ажилладаг багаа шинжихэд чинь хэрэг болж магадгүй юм. Нэг багийнхан гэдэг бол ийм л байх ёстой билээ.
-2023 / 02 / 15
1. Асуултуудыг бэлтгэсэн ярилцлага. Энэ нь урьдчилан бэлтгэсэн сэдэв, асуулттай ярилцлага юм. Ярилцлага хийж буй ажилтан ярилцлагыг удирдана. Урьдчилан бэлтгэсэн асуултуудтай учраас бүх бүх ажил горилогчдод ижил асуулт ирнэ. 2. Асуултуудыг бэлтгээгүй ярилцлага - Ярилцлага хийж буй ажилтан урьдчилан цаасан дээр асуултаа бэлддэггүй, тэмдэглэл хийдэггүй, чөлөөт ярилцлага. Өөрөөр хэлбэл асуулт хариултаас асуулт хариулт үүсэж явагдана. Ярилцлага өгч буй хүн өөрийгөө олон талаар харуулах боломж нээгддэг.
-2022 / 08 / 12
Карьеркаст компани цалин хөлс, урамшуулал зэрэг хүчин зүйлүүд, сонгон шалгаруулалтын эерэг үр дүн дээр үндэслэн эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын жагсаалтыг гаргажээ.
HR Фото