Байгалийн
нөөц баялаг, тусгаар улсын түүх, хүн амын нийтийн боловсрол зэрэг
тодорхой нөөц боломжууд байсаар байхад бид яагаад ядуу, хоцрогдсон,
чадалгүй, чадваргүй явна вэ? 60-аад оны үед Их Британий Лэйборист намын
гишүүн Тон Бэныг Нийтийн танхимаас Лордуудын танхимд шилжүүлэхээр хатан
хаан санал болгосон ч тэрбээр \"Би Ар Монголд очиж ажилламааргүй
байна\" гэж хэлээд Лордын танхимд элсэхээс татгалзаж байжээ. Их Британид Лордын танхим нь гол төлөв тэтгэвэрт гарсан ахмад насны төрийн зүтгэлтнүүд цалингүй ажилладаг парламентын дээд танхим байдаг бол Нийтийн танхимд төрийн гол эрх мэдэл төвлөрч түүний гишүүд нь ард түмэнтэйгээ илүү ойр, ардчилсан зарчмаар сонгогдон ажилладаг. Иймээс ч тэр үеийн нэгэн парламентч ийнхүү Лордын танхимыг Ар Монголтой зүйрлэсэн нь өдгөө ч өргөн хэрэглэгддэг хэллэг хэвээр байх юм. Монгол улс дэлхийн түвшинд алслагдмал, жижигхэн, буурай орны тоонд орж, гадаадын доноруудаас хамааралтай, өөрийн гэсэн хөгжлийн замнал, зорилго тэмүүлэлгүй явсаар байх уу? 1. Бидэнд хөгжлийн бодлого бий юу? Монгол улсын төр засгийн хэтийн зорилго гэхээр Үндсэн хуульд заасан "иргэний, ардчилсан хүмүүнлэг нийгэм байгуулах" гэсэн ерөнхий зарчмыг нэрлэдэг. Хэдийгээр ардчилал, улс төрийн агуулгын хувьд Черчиллийн хэлдэгээр "одоогоор хүн төрөлхтөний олсон хамгийн тохиромжтой" нийгмийн зохион байгуулалт мөн ч хэтэрхий ерөнхий зарчимд дулдуйдсан төр нь үндсэндээ тодорхой "бодлогогүй" болохдоо хүрч байна. Монгол улс таван жилийн дараа хөгжиж буй орнуудын дунд хөгжлийн үзүүлэлтээрээ хаана явах, эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл ямар хувьтай болох, авлигал хэдэн хувиар буурах, хүн амын орлогыг хэдэн хувиар өсгөх талаар тодорхой, бодитой тооцоо, хугацаатай, тогтвортой зорилтууд бидэнд бий эсэхэд эргэлзээтэй. Хөгжлийн бодлогод төрийн оролцоо ямар байх, олон нийтийн өсөн нэмэгдэж байгаа үүрэг ролийг хэрхэн үнэлж ашиглах, ядуурлыг буруулах эдийн засгийн өсөлтийг бодитоор хэрхэн хангах, байгаль орчин тогтвортой хөгжлийг яаж бүрдүүлэх, дотоодын нөөц болон үндэсний өрсөлдөх чадварыг олон улсын зах зээлд дээшлүүлэх зэрэг хөгжлийн амин чухал асуудлууд улс төрийн хүрээнд тодорхой зорилт, нэгдмэл ажиллагааг хүлээн байх шиг. Өнөөдөр манай төрөөс ямар зорилгод хэзээ яаж хүрэх тухай бодлого, стратеги нь маш бүдэг байгаа учир нийгэмд зорилгогүй, цаг алдсан, улс төржсөн, зарчимгүй байдал газар авч эцэст нь төр нь өөрөө энэ бүхнээс гарах гарцаа олж ядан бүдрэх болов. 1990 оноос хойшхи их шинэтгэлийн жилүүдэд эдийн засгийн анхан шатны хэд хэдэн дорвитой шинэчлэл хийгдсэн ч сүүлийн жилүүдэд эдийн засгийн шинэчлэлийн эрчимтэй, зоригтой алхамууд хийгдсэнгүй. Одоогоор Монголын нийгэмд улс төрийн ардчилал хөлөө олох гэж хамаг энерги зарагдаж байгаа нь нэг талаас зайлшгүй туулах ёстой зам ч улсын хөгжил эдийн засаггүйгээр, үйлдвэрлэл, зах зээл, баялаггүйгээр хоосон зүйл гэдэг нь тодорхой. Дэлхийн томоохон онолч эдийн засагчид эдийн засгийн өсөлт байгаа учраас ардчилал хөгжиж байна уу эсвэл ардчилалтай учраас эдийн засаг хөгжиж байна уу гэсэн асуултыг тавьж, Хятад улсын жишээг татах нь элбэг ч аль алиныг сонгосон манай улсын хувьд цогц шинэчлэлийг тууштай үргэлжлүүлж, байнга боловсронгуй болгох талаас нь ажиллах үлдэж байна. Ардчилсан нийгмийн онцлогийг харахад улсын хөгжил нь дан ганц төрийн бус иргэний нийгмийн хамтын оролцоотой буюу өргөн хүрээний "тоглогчид" улсын хувь заяаг барилцаж байна. Нэгэнт иргэний нийгэм хүчтэй түрэн орж ирэх болсон нөхцөлд төр нь хуучны арга барилтайгаа зууралдаад зөрчилдөөд цаг алдаад байх бус орчин үеийн хөгжлийн шаардлагад нийцсэн "төр барих" ажлыг хуваалцах механизмыг чадварлаг, цаг алдалгүй нэвтрүүлэх нь зохистой болов уу. Хэрэв төрийн үйл ажиллагааг урьдчилан мэдэх боломжтой, үйл ажиллагаа нь нээлттэй, бодлого нь тодорхой бөгөөд тууштай, төрийн бодлого эрх зүйт зарчимд үйлчилж байвал нийгэмд мэдээллийн хомсдлоос газар авч буй хардлага сэрдлэгэ үүсэхгүй байх байсан биз. Монгол улс хөгжлийн тодорхой бодлого, стратегийн зорилтуудтай байж дэлхийн улс орнууд, бүсийн хэмжээнд өөрийгөө харьцуулж, хөгжлийн үзүүлэлтээр тэдгээр улсуудтай өрсөлдөж, бодлого үйл ажиллагаагаа чиглүүлсэн бол шилжилтийн явц ийнхүү олон жилээр удаашрахгүй байх байсан биз. Хөгжлийн цогц бодлогогүйгээр, улсаа гэсэн сэтгэлгүйгээр, бүтээн босгох тэмүүлэлгүйгээр аливаа улс, төр засаг доройтдог нь дэлхийн хөгжиж буй орнуудын олон жишээн дээр харж болно. Манай орон нь 1990 оноос хойшхи хүрсэн улс төр, эдийн засгийн тодорхой амжилтууд байвч тэдгээр нь төдийлөн тогтвортой бус байгаа учир бидний ажил талдаа ороогүй байна гэж ойлгож болох юм. Тиймээс төр нь ул суурьтай судалгааны "хөгжлийн судалгааны институци байгуулах" үндсэн дээр хөгжлийн бодлогоо цаашид тав, арав, хорин жилээр тодорхой болгож, эдийн засаг, салбарын болон орон нутаг, хот хөдөөгийн хөгжлиийг уялдуулах, бизнес, өрсөлдөөн, хөрөнгө оруулалтыг өсгөх, үр дүнгээ нарийвчлан тооцох нь чухал юм. Тухайлбал, өнөөгийн төрийн яамд улсын бодлогыг жинхэнэ утгаар нь боловсруулах арга барилд суралцаж, илүү үр дүнтэй, шинжлэх ухааны үндэстэй, уялдаатай бодлого ярьж, түүнийгээ хэрэгжүүлэх, хянах гинжин процессыг мэргэжлийн өндөр түвшинд хийх шаардлагатай байна. Улсын хөгжлийг төр залж хэрэгжүүлдэг ч түүний цаана бодлогын хувьд яах аргагүй улс төрийн хүчин буюу нам гол тодорхойлогч нь болдог. Манайд буй намууд харамсалтай нь бодлогооор уралдахаас илүү эрх мэдлийн төлөөх "гар нүцгэн" тэмцэл явуулж, иймээс ч аль нэг нам нь төр барих эрх авлаа гээд онцгой өөрчлөлт гарахгүй байна. Энэ нь намуудын хувьд улс орны хөгжлийн тухай тодорхой санал, бодлого, тэдгээрийг хэрэгжүүлэх тооцоо судалгаа, аргачлал, мэргэшсэн хандлагаар тун ядмаг байгаагийн нэг илэрхийлэл юм. Аль ч намд салбарын бодлого бүр ч хүндхэн байдалд байдаг нь тэнд тодорхой салбарын боловсон хүчин, мэдээлэл судалгаа дутмагаас илэрхий. Намууд нийгмийн гэхээсээ цэвэр улс төрийн амьдралд хутгалдаж, тодорхой асуудлыг шийдвэрлэх арга тактик нь улс төржсөн, мөн л явцуу хүрээний байх юм. Олон намын тогтолцоотой нийгэмд асуудлыг олон талаас авч үзэн зөв хувилбарыг сонгох нь чухал байтал намууд нийгэмд тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлдэггүйгээс иргэний хөдөлгөөнүүдэд зайгаа тавьж, иргэдийн үзэл бодлыг төлөөлөх чадвараа алдаж байна. Намууд улсын үндсэн салбараар урт хугацааны бодлого, концепцитай тэрийгээ иргэдэд танин мэдүүлдэг, төрийн залгамж чанарыг алдагдуулахгүйгээр төрийн эрх барьж ажиллаж чадах тийм улс төрийн орчин үеийн хүчин үгүйлэгдэж байна. Намын шинэчлэлийн тухай ярьж байгаа өнөө үед намууд шинэчлэлийн үйл ажиллагаагаа шуурхай эхлүүлж, асуудлаа зөв тодорхойлж, зөв чиг зүгээ олох болтугай гэж найдья. 2. Хурд? Хурд бол хөгжлийн маш чухал хүчин зүйл. Хурдтай байсан учраас монголчууд 12-13 –р зуунд мандан, дэлхийн түүхэнд байгаагүй Их эзэнт гүрэн байгуулж явсан. Өнөөдөр энэхүү хурдыг АНУ эзэмдсэнээр дэлхийн номер нэг супер хүчин хэмээн тооцогдож ирсэн ч Энэтхэг, Хятад хэмээх том гүрнүүдийн хөгжлийн хурд өрсөлдөн гарч ирлээ. Том гүрнүүдийн хэмжээнд ярьдаггүй юмаа гэхэд монголчууд бид өөрийн улсыг баян, чадварлаг болгож шилжилтийн үеийн хундрэлийг богино хугацаанд давахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргах хэрэгтэй байна. ЗХУ-г задрахад Европын холбооноос ОХУ-д асар их буцалтгүй тусламж, техникийн туслалцаа үзүүлсэн ч үсрэнгүй хөгжил хүссэнээр ирээгүй. Үүнийг өнөөгийн барууны эдийн засагчид тайлбарлахдаа тус улсын тогтолцооны гажуудлыг засч залруулах нь гол хүндрэл нь болсон гэдэг. Бизнес, хөрөнгө оруулалтын томоохон төслүүд тогтолцооны гажуудлаас болж урагшлахгүй, төрийн хүнд суртлын аппаратыг дийлэхгүй нурах нь энүүхэнд байсан гэж дүгнэдэг. Монгол улсын хувьд эдийн засгийн хурдтай хөгжлийг сааруулж байгаа томоохон хүчин зүйлийн нэг нь яах аргагүй тогтолцооны гаж талууд болох шуурхай бус байдал, авилгал, төрийн аппаратын босоо тогтолцоо, хүнд суртал, тодорхой бус дүрэм журам, мэдээлэлийн солилцоо удаан, тэгш бус зэрэг олон \"түгжээс\" үйлчилж байна. Төрийн үйл ажиллагааг хурд, бага зардлаар ихийг бүтээх хэмнэлттэй чанар (efficiency) болон үр дүн (effectiveness) гэсэн гурван үндсэн зарчмаар явуулж, шаардлагатай гэвэл тухайн харилцаанд маш тодорхой, нарийвчилсан дүрмийн зохицуулалт хийж тэр нь иргэддээ нээлтэй байх, шаардлагагүй буюу зах зээл нь өөрөө зохицуулах зүйлийг төрөөс оролцоод байлгүйгээр эрх чөлөөг нь олгох маягаар асуудалд обьектив хандвал зүгээр гэж үзэж байна. 3. Мэргэшил ба хөгжил Англид өмгөөлөгчийн ажлын нэг цагийн хөлс 100 фунт стерлингээс эхэлж байна. Өмгөөлөгч хүн тэнд маш өндөр цалинтай, нэр хүндтэй байдаг бол манайд зах зээл дэх хэрэгцээ нь бага байсаар байхад хэтэрхий олон хуульч, өмгөөлөгчийн нийлүүлэлт бий болгосон нь тэдний цалин хөлс, чанар чансаанд хэрхэн нөлөөлж байгааг ер тооцохгүй байх жишээтэй. Монгол улс хэрэгцээнээсээ хол давсан хуульч, эдийн засагч бэлтгэн төгсгөөд лангууны худалдагч болгож байгаа нь цөөнгүй. Энэ нь нүдэнд харагдаж буй илэрхий асуудал ч түүнийг шийддэггүй, удаашруулаад, тогтолцооны \"өвчин\" болдог. Тогтолцооны асуудлыг шийдвэрлэх аргачлал, улс төрийн хүсэл зориг, үр дүнд хүрэх тэмүүлэл баймааж нь төрөөс тодорхой зохицуулалт хийж, зах зээлд эрүүл өрсөлдөөнийг хөхүүлэн өөгшүүлэх чадамжтай болох юм. Тухайлбал, өмгөөлөгчийн эрхийг үнэхээр чадалтай цөөн хүнд олгож тэдний чадвар, цалин хөлс нэмэгдэх боломжийг бий болгох, эсвэл инженер, барилгачин зэрэг хэрэгцээтэй мэргэжилтэнийг бэлтгэх нарийн мэргэжлийн сургуулиудыг тусгайлан дэмжих гэх мэт. Монголчууд бид зах зээлд шилжээд байна л гэдэг ч зах зээлийг өөрийг нь сайн судалж амжаагүй, зах зээлээ ухаантай зохицуулж чадалгүй явсаар өдий хүрч байна гэхэд хилсдэхгүй. Зах зээлтэйгээ уялдсан бодлогыг хэрэгжүүлбэл улс маань хөгжих боломж их байна. Мэдээлэл технологийн эрин үед мэргэшил чухал үүрэгтэй байдаг. Аливаа макро түвшний асуудалд мэргэжлийн хүний зөвлөгөөгүйгээр \"харанхуйгаар\" зүтгэх нь бүдүүлэг бөгөөд маш их эрсдэлтэй. Монголын төр өөрийн бодлогоо мэргэжлийн судалгаан дээр үндэслэдэг болох нь ихээхэн шаардлагатай болж байна. Тодорхой бодлогыг хэрэгжүүлэхэд гарах зардал, эрсдэл, үр дүн, ашгийн тооцоо, эерэг ба сөрөг талууд, олон нийтийн ашиг сонирхол зэрэг бүхий л хүчин зүйлийг зөв тооцсон мэдлэгт тулгуурласан шийдвэр нь алдаа багатай байдаг. Бид үндэсний сэхээтэн, оюуны нөөцийг \"үндэсний тархийг\"? хөгжүүлж, үндэсний судалгааны институт, мэдээллийн санг бий болгож, холбогдох бодлого боловсруулах, анализ хийх, харьцуулах think-tank-ийг Засгийн газрын дэргэд хөгжүүлэх, гадаадад амьдарч, сурч байгаа өндөр мэргэжилтэй монголчуудаар дотооддоо оюуны хөрөнгө оруулалт хийх нөхцлийг бий болгох, шинжлэх ухааны тодорхой салбаруудыг санхүүжүүлэх, судалгаанууд хийж гадаадад худалдах, Монгол брэндийг гадаадад мөнгө зарж сурталчлах, олон улсын зах зээлд өрсөлдөх зэрэг асар олон стратегийн чухал алхмуудыг цаг алдалгүй хиймээр байна. 4. Шинэчлэлийн дараах үе шат 1990 оноос хойшхи Монгол дахь үйл явцыг ажиглахад үндсэндээ шилжилтийн эхний үе шатыг давсан буюу суурь өөрчлөлтийг бид хийж чаджээ. Саяхан Европын холбооноос Монгол улсыг шилжилтийн үеийн улс гэдэг ангилалд багтаасан тухай мэдээлэв. Өөрөөр хэлбэл Монгол улс шилжилтийн улс орнуудын адил ижилхэн бэрхшээлийг туулж яваа бөгөөд эдгээр орны нийтлэг замнал, учирч буй бэрхшээл нь хэв шинж төсөөтэй байна. Шилжилтийн үеийн улс орнуудад тогтолцооны төлөвшил удаан явагдаж байгаагаас Зүүн Европын зарим орнууд Европын холбоонд элсэх зорилгоор энэхүү тогтолцооны шинэчлэлийг хурдацтай хийж чадсан байх юм. Харин хэтийн ирээдүйд \"Европын холбоонд\" элсэх гэх зэрэг тодорхой зорилго байхгүй улс орнуудад шинэтгэл удаашрах, улс төрийн тогтворгүй байдал өрнөх зэрэг нийтлэг үзэгдэл ажиглагдаж байна. Орчин үеийн төр нь нийгмийнхээ шаардлагын дагуу шинэчлэгдэх, олон улсын байдал, дэлхийн өөрчлөлтөд мэдрэмжтэй хандах, дотоод болон гадаадын оновчтой бодлогыг явуулах нь улсын хөгжилд асар нөлөөлж байна. Төр өөрөө институцийн хувьд хууль ёс, сайн засаглал, зөв бодлого, олон нийтийн оролцоог дэмжин ажиллах шаардлага улам бүр нэмэгдсээр байна. Шинэчлэл гэдэг нэг цэгээс эхэлж түүний үр дүнгээс нь дараагийн шинэчлэл эхэлдэг байнгын цагирган үйл явц юм. Тиймээс ч бидний шинэчлэлийн процесс зөв явж байгаа эсэх, үр дүнгээ зорилтондоо тодорхойлсноор өгч байгаа эсэх талаар байнга эргэж харах хэрэгтэй юм. Улс төрийн намууд, иргэний болон мэргэжлийн байгууллага, иргэд байнга боловсрох шаардлагатайгаас төр нь өөрөө боловсронгуй болохын тулд үр дүнгээ маш сайн тооцож хянаж байх, тогтсон муу практикийг зоригтойгоор шинэчлэх нь хөгжлийн үндэс гэж бодож байна. Төрийн үүргийг өнөөдөр үндсэн гурван чиглэлд хуваадаг нь нэгдүүгээрт, боломж нөхцлийг бүрдүүлэх, хоёрдугаарт, зохицуулах, гуравдугаарт, үйлчилгээ үзүүлэх зэрэг юм. Энэ үүднээс авч үзвэл манай төр зохих үйл ажиллагаа, хандлага, чиг үүргээ өөрчлөх, орчин үеийн шаардлагад нийцүүлэх, байнгын боловсронгуй болох тал дээр анхаарч ажиллах нь чухал болж байна. 5. Хүн-баялаг Хvн ам цөөтэй Монгол улсад хүн бол асар үнэтэй баялаг. Хүнд чиглэсэн бодлого, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр, оюуны хөгжил, амьдрах орчинг бүрдүүлэхээс гадна бие биентэйгээ нэгдэж ажиллаж чаддаггүй гэгдэх монгол хүний онцлогийг анхаарч хүмүүсийн эв нэгдлийг бэхжүүлэх, хамтран ажиллах хөтөлбөрүүдийг хөрш, гудамж, хороо, компаний хэмжээнд зохион байгуулах, багаар ажиллах чадварыг, аргачлалыг хүүхдэд багаас нь сургуульд заах зэрэг ажлыг зохион байгуулбал боломжтой мэт. Олон нийт, нийтийн ашиг сонирхол гэсэн сэтгэлгээг хөгжүүлэх, төрийн үйл ажиллагааны үндсэн зорилт болговол эх оронч үзэл тогтоно гэж бодож байна. Түүнчлэн хүн ам цөөтэй манай улсад хүний нөөцийн маш оновчтой бодлого чухал үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй. Чадал чансаатай хүнээ үнэлж, ашиглаж, эх орондоо баялаг бүтээхэд нь онцгойлон анхаарч дэмжих нь чухал ач холбогдолтой юм. Хүн ам цөөтэй манай улсад хүн амын тусгай бодлого зайлшгүй шаардлагатай байгаа нь тухайлбал, давхар иргэншлийг хүлээн зөвшөөрөх, гэр бүл, олон хүүхэдтэй өрх гэрийг онцгойлон дэмжих, цагаачлалын нарийн шалгуурыг бий болгох, биеэ үнэлэх, хууль бус үр хөндөх, хил дамнуулан худалдах, хар тамхи, ДОХ-оос урьдчилан сэргийлэх зэрэг хүн амын өсөлт, үндэсний аюулгүй байдалд хамаатай асуудлыг ихээхэн анхаарч үндэсний аюулгүй байдлын бодлогыг тодорхойлвол зүйтэй мэт. Мэдээж хэрэг нийгмийн хөгжилд үндэсний бахархал болох гар урлал, уран зураг болон бусад оюуны бүтээл, шинэлэг санаа, бүтээлч байдлыг дэмжиж урамшуулах, нийгэмд тогтсон стереотипыг эвдэх, стандарт бус сэтгэлгээг хөгжүүлэх, үндэсний баялагийг тогтвортой хөгжүүлэхэд дан ганц төр бус хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгуулага, урлаг соёлын үүрэг асар их юм. Эх сурвалж: tsahimurtuu.mn |
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |