ХӨДӨЛМӨРИЙН МАРГААН ТАСЛАХ КОМИССЫН ДҮРЭМ (L1)
Засгийн газрын 1999 оны 122 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ХӨДӨЛМӨРИЙН МАРГААН ТАСЛАХ
КОМИССЫН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Монгол улсын хуульд шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах орон тооны бус комиссоор хянан шийдвэрлэхэд энэ дүрмийг мөрдөнө.
2. Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэдбэрийн аж ахуй нэгж, байгууллагын дэргэд хөдөлмөрийн маргаан таслах комисс /цаашид “комисс ” гэнэ. / байгуулж ажиллуулна.
3. Комисс нь хөдөлмөрийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулна.
4. Хөдөлмөрийн маргааныг комиссын хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Комиссын хурлаас шийдвэр гаргана. Хурлын явцын тухай тэмдэглэл хөтлөнө. Тэмдэглэлийг хавсралтад заасны дагуу хөтлөнө.
Хоёр. Комиссын бүрэлдэхүүн , зохион байгуулалт
5. Комисс нь ажил олгогчийн болон ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэлийн , үйлдвэрчний эвлэл байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ.
6. Ажил олгогчийн болон ажилтны төлөөлөгчдийн тоо нь тэнцүү байна.
7. Комиссын бүрэлдэхүүнд орох үйлдвэрчний эвлэлийн болон ажилтны төлөөлөгчийг тухайн байгууллагуудын нийт ажилтны хурлаас олонхи саналаар сонгоно. Ажил олгогчийн төлөөлөгчийг ажил олгогчийн шийдвэрээр томилно.Нийт ажилтны хурлын болон ажил олгогчийн шийдвэрт төлөөлөгчийг ямар хугацаагаар сонгосон буюу томилсон тухай тэмдэглэсэн байна.
8. Талуудын төлөөлөгчид нь комиссын үйл ажиллагаанд тэгш эрх , үүрэгтэй оролцох бөгөөд тал тус бүр өөрийн ахлагчийг сонгоно.
9. Комиссын бүрэлдэхүүнд орох өөрчлөлтийг энэ дүрмийн 7 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
Гурав. Хөдөлмөрийн маргааны талаар өргөдөл гаргах ,
маргааныг хянан хэлэлцэх үйл ажиллагаа
10. Ажилтан нь хөдөлмөрийн харилцаатай холбогдсон маргааны талаар зохих үндэслэл бүхий өргөдөл хууль тогтоомжид заасан хугацаанд комисст гаргана.
11. Хөдөлмөрийн маргааны тухай өргөдлийг холбогдох бусад материалын хамт ажилтны төлөөлөгчийн ахлагч хүлээн авч бүрдэнэ. Комисс нь өргөдлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор маргааныг хянаж шийдвэрлэнэ.
12. Хөдөлмөрийн маргаанд холбогдох материалыг нарийвчлан шалгаж, комиссын хуралд оруулах бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллах хүнийг комиссын бүрэлдэхүүнд орсон талуудын ахлагч нь өөрийн гишүүдээс томилно.
13. Комисс нь хөдөлмөрийн маргаантай холбогдох материалыг эрх зүйн талаас нь шалгах , түүний үндэслэлийг тогтоох ажилд мэргэжлийн хүмүүсийг татан оролцуулж , ажил олгогчоос шаардлагатай баримт бичиг , тооцоо , тайлбарыг гаргуулан авах эрх эдлэнэ.
14. Комиссын хурлыг шаардлагатай үед зарлан хуралдуулах бөгөөд хурлын дарга, нарийн бичгийн даргын үүргийг хоёр талын төлөөлөгчид ээлжлэн гүйцэтгэнэ. Хурлын дарга болон нарийн бичгийн даргын үүргийг нэг талын төлөөлөгчид нэгэн зэрэг гүйцэтгэж болохгүй.
15. Комиссын хуралд өргөдөл гаргасан ажилтныг биеэр байцуулан маргааныг шийдвэрлэнэ. өргөдөл гаргасан ажилтны хүсэлтийн дагуу түүнийг байцуулахгүйгээр маргааныг хянан шийдвэрлэж болно. өргөдөл гаргасан ажилтан комиссын хуралд оролцохоо мэдэгдээд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тохиолдолд маргааныг хянан шийдвэрлэх ажлыг дараагийн хурал хүртэл хойшлуулна. өргөдөл гаргасан ажилтан комиссын хуралд оролцохоо мэдэгдээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд өргөдлийг хэлэлцэхгүйгээр маргааныг хэрэгсэхгүй болгож болно.
16. Комиссын хуралд маргалдагч талууд /ажил олгогчийн уг асуудалд холбогдох албан тушаалтан , өргөдөл гаргасан ажилтан/ - аас гадна тухайн маргаантай холбогдсон асуудлыг шалгахад оролцсон ажил олгогчийн холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно.
17. Комиссын хурлыг нийт гишүүдийн болон тал тус бүрийг төлөөлөх гишүүдийн 75 – аас доошгүй хувь оролцох тохиолдолд хуралдуулна.
18. Хуралдаанд оролцсон комиссын гишүүдийн олонхийн саналаар комиссын шийдвэр гарах бөгөөд уг шийдвэрийг үүрэг хүлээсэн тал тэмдэглэлд заасан хугацаанд заавал биелүүлнэ. Комиссын хуужль тогтоомжид нйицүүлэн гаргасан шийдвэрийг ажил олгогч заавал биелүүлэх үүрэгтэй.
19. Комиссын хурлын шийдвэрт хуралдаанд оролцсон комиссын бүх гишүүд , хурлын тэмдэглэлд тухайн хурлын дарга, нарийн бичгийн дарга тус тус гарын үсэг зурна. Хэрэв комиссын хурлаар асуудлыг тодорхой тэмдэглэнэ.
20. Комиссын хурлын шийдвэрийг маргалдагч талуудад албан ёсоор танилцуулж , шийдвэрийн хувийг өгнө.
21. Комиссын шийдвэрийг ажил олгогч болон өргөдөл гаргасан ажилтан эс зөвшөөрсөн , эсхүл комиссын гишүүд нэгдмэл тохиролцоонд хүрээгүй , тэрчлэн шийдвэрийн дагуу үүрэг хүлээсэн тал үүргаа хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн тухай хуулийн 127.1-д заасны дагуу шүүхэд давж заалдана.