Орон нутгийн худалдааны салбараас нийслэл дэхь төв оффиссын
маркетингийн алба руу шилжсэн нь
Тэрээр жирийн л нэг албан хаагч. Орон нутгийн их сургууль төгссөн ч
томоохон корпорацид ажилд орж чадсан маш азтай залуу хэмээн өөрийгөө боддог.
Гэтэл тэрээр нэгэн найзынхаа туршлагаас илүү сайхан боломжийн талаар сонсож
гэнэ. Найз нь түүнтэй нэг сургуульд сурч байсан, мөн нутагтаа нэгэн худалдааны
салбарт ажилладаг байсан хэдий ч төв компанийнхаа худалдааны албанд томилогдон
нийслэл хотыг зорих болсон байна. “Би ч гэсэн одоохондоо орон нутгийн
маркетингийг хариуцаж байгаа боловч энэ жилдээ багтаад төв рүү явах санаатай
байгаа” хэмээн тэрээр өөртөө их л итгэлтэй хэллээ. Янз бүрийн нөхцөл байдлаас
шалтгаалж ихэнх ажилтнууд ерөнхийдөө төв рүү шилжтэл 2-3 жил хүлээдэг байхад
тэрээр “энэ ондоо багтаж” дэвшихээр сэтгэл шулууджээ. Хэрэв ойрын 2, 3 жилдээ
дэвших байх гэсэн бол би ч гэсэн хагас дутуу итгэсэн, дэмжсэн болоод өнгөрөх
байсан байх. Гэтэл “энэ ондоо багтаж” гэж их л итгэлтэй хэлсэн нь бодит байдал
дээр хэрэгжих хувь илүү өндөр мэт сэтгэгдэл төрүүлэх шиг. Хэд хоногийн өмнө тэр
над руу залгаж дахиад уулзая гэлээ. “Түрүүчийн удаа өгсөн зөвлөгөө тань надад
маш их тус болсон шүү. Таны ачаар төв рүү томилогдсон. Тэр ч бүү хэл худалдаа
биш маркетингийн албанд. Тэр үедээ шууд танд хэлье гэж бодож байсан боловч
таныг гурван сарын дараа яриарай гэсэн болхоор чинь ...” гээд нүүр дүүрэн
инээмсэглэлээ. Би ч “Баяр хүргэе” гээд гар сунгав. Баярласанаа илэрхийлээд
намайг үдийн хоолоор дайлж хамтдаа жаахан алхлаа. Тэрээр орон нутгийн
худалдааны салбараас төвийнхөө маркетингийн алба руу томилогдох болсон нь
түүний хөтөлдөг блогоос үүдэлтэй ажээ. Тэр хэлэхдээ “Өөрийгөө өөрчлөх,
хөгжүүлэх анхны алхам бол телевизор, компьютер тоглоом хоёроос өөрийгөө
тусгаарласан явдал байсан. Ажилд орсноосоо хойш ажлынхаа стрессийг тайлах
нэрийдлээр телевизор их үзэж, компьютер тоглоом ч их тоглодог байлаа. Гэтэл энэ
нь харин ч улам их ядрааж амьдралыг эрч хүчгүй болгодог байсан юм билээ” гэж
билээ. Тийнхүү чөлөөт цагаараа ном унших болж уншсан номныхоо талаар тэмдэглэл
хөтлөх зорилгоор блог хөтөлж эхэлжээ. Маркетингтай холбоотой ном уншиж долоо
хоногт доод тал нь хоёр номын тэмдэглэл бичиж оруулдаг байсан нь яван явсаар
түүний цуглуулсан мэдээлэл, тэмдэглэл зэрэг нь нийт 500 хуудас /А4/ хол давсан
байна. Түүний блогийг уншсан төвийн маркетингийн албаны дарга түүнийг дуудаж
өөрийн албанд шууд л урвуулан авчээ. “Танаас би бас нэг зүйл дээр зөвлөгөө авах
гэсэн юм. Би ажлын бус цагаар маркетингийн асуудал, бэрхшээлтэй тулгарч буй
хүмүүст туслах зорилгоор Маркетинг, Менежментийн судалгаа, сургалтын төв
байгуулмаар байна. Гэхдээ ширээний ард сууж бичиг цаас эрээчиж суудаг газар
биш, би өөрөө компаниудаар явж хүмүүстэй уулзаж ярилцан тэдэнд асуудлыг
шийдвэрлэх арга зам, чиглэлийг өгдөг, жинхэнэ үр дүнг гаргаж чаддаг тийм төв
байгуулах санаатай байна. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд байгууллагынхаа
зорилтыг маркетингийн менежерүүдэд чиглүүлэх үү? Эсвэл маркетингийн
мэргэжилтнүүдэд төвлөрүүлэх үү?” Мэдээж тэр компанидаа ч иймэрхүү шинэ соргог
бодлого санаачлага гаргаж олон сайхан үр дүн авчирдаг байх. Өөр хүн байсан бол
ч надад итгэл төрөхгүй л байх байсан. Харин “тэр” бол чаднаа гэсэн бодол шууд
төрж билээ. Ийнхүү түүнтэй ярилцсан олон сайхан үнэ цэнэтэй зөвлөгөө,
мэдээллүүдээс та бүхэнтэй ч мөн хуваалцъя. Түүний энэ асуулт хэдий зүгээр нэг
байгууллагын маркетингийн чиглэл зорилгын талаар ярьж байгаа боловч 100 хүртэл наслах
бидний ирээдүйн амьжиргааг шийдвэрлэх чухал асуулт ч байж болох. Тэрээр
тэтгэвэрт гарахаас өмнө байгууллагадаа хэрэгжүүлж болох ажил, зорилгыг
тэтгэвэрт гарсны дараа үргэлжлүүлэн хувьдаа бизнес болгож болох ажил
санаачилсан нь амьдралд хамгийн үнэ цэнэтэй шйидэл биш гэж үү. Тэгвэл бид
хэрхэн компанидаа амжилттай ажиллахын зэрэгцээ тэтгэвэрт гарсан ч ад
үзэгдэхээргүй под хийсэн бизнестэй болох вэ?
Би хувьдаа үүнийг 3М-ийн зарчим шийднэ гэж итгэдэг. Ингээд тус бүрд нь
аваад үзье.
Оюуны хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан эхний 3М буюу Mенежер
Юуны өмнө оюуны хөдөлмөр эрхлэгчид менежер буюу зохион байгуулагч,
удирдагчийн хувиар хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Энэ нь одоогийн зогсож буй
байрнаасаа аль болох дээшээ ахих хэрэгтэй гэсэн үг юм. Менежерийн замнал гэж
багийн дарга, хэлтсийн дарга, албаны дарга, гүйцэтгэх захирал, ерөнхий захирал
гэх мэт байгууллага дотор тушаал дэвших
уламжлалт аргаар явахыг хэлнэ. Тэрээр цаашид Маркетинг, Менежментийн сургалт,
судалгааны төв байгуулахад хамгийн эхний алхам бол тухайн компанийхаа
маркетингийн албаны дарга, захирал болж байж тэр салбартаа мэргэшсэн гэдгээ
бусдад таниулах явдал юм. Одоогийн хийж гүйцэтгэж буй ажил, хувийн туршлага,
арга барилаа хайхрахгүй байж огт болохгүй. Мэдээж албаны дарга, захирал байх нь
тийм ч амаргүй. Гэвч одоогийн байр суурьнаасаа амжилт олсон туршлага үгүй бол
ирээдүйд ч амжилт олохгүй гэсэн үг.
Оюуны хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан эхний 3М буюу Mастер
Дараа нь оюуны хөдөлмөр эрхлэгч нь
мастер буюу мэргэжилтэн байх ёстой. Удирдан зохион байгуулагч байх
амаргүй учир сүүлийн үед хүмүүс өөр өөрийн салбартаа тэргүүлэгч мэргэжилтэн
байхыг хүсэх болсон. Тиймдээ ч өөрийгөө хөгжүүлэхэд бүхнийг зориулж цаг зав,
мөнгө хайрлахаа больсон. Гэхдээ хүн “жинхэнэ” мэргэжилтэн болохын тулд бэлтгэх
явц өөр өөр боловч би л хувьдаа тэднийг “Телевизор, компьютер тоглоомноос хол,
өдөрт хоёроос доошгүй цагийг өөртөө зарцуулдаг, жилд 50-100 ном уншдаг, уншсан
номныхоо талаар тэмдэглэл дүгнэлт бичдэг, тогтмол лекц семинарт оролцож илтгэл
тавьж ном бичдэг” гэх мэт тасралтгүй өөрийгөө хөгжүүлж шинэчлэх гэж хичээл
зүтгэл гаргадаг нийтлэг талтай гэж боддог. Тэгж байж л амжилтанд хүрнэ.
Оюуны хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан эхний 3М буюу Mентор
Эцэст нь оюуны хөдөлмөр эрхлэгчид ментор буюу дасгалжуулагчийн замналаар мөн алхах ёстой. Менежер байх нь уламжлалт арга барил, мастер байх нь өнөөгийн нийгмийн хандлага, харин ментор байх нь ирээдүйд хамгийн эрэлттэй, анхаарал татах арга юм. Та бүхэн өөрийн гэсэн маркетингийн сургалтын төвтэй болохыг хүсвэл менежерийн замналаар эхэлж мэргэжилтэн болоод дасгалжуулагчийн чадвар эзэмшиж байж жинхэнэ мэдлэгийг бусдад түгээж чадна. Тиймээс менежер болохын тулд шаргуу хөдөлмөрлөж мэргэжилтэн болохын тулд идэвхийлэн суралцаж дасгалжуулагч зөвлөгч болохын тулд бусадтай чин сэтгэлээсээ ярилцаж нэвтрэлцэж чаддаг байх хэрэгтэй болно. Ингээд эцэст нь дүгнэлт бол АЖИЛЛАХ-СУРАЛЦАХ-ХАРИЛЦАХ ЗАРЧИМ ДЭЭР ҮНДЭСЛЭСЭН 3М БУЮУ MANAGER (МЕНЕЖЕР), MASTER (МЭРГЭЖИЛТЭН), MENTOR (ДАСГАЛЖУУЛАГЧ, ЗӨВЛӨГЧ) гэсэн зарчмыг хэрэгжүүлсэнээр та байгууллагадаа ч, өөртөө ч амжилтыг авчрах болно.
Танд
амжилт хүсье.
Б.Даваасүрэн
Эх сурвалж: Human Capital сэтгүүл
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |