Сурч байгаа оюутан, сургаж байгаа сургууль нь энэ талаар бодолцох цаг болоогүй гэж үү. Эдгээр залууст ажил, амьдрах ухаан хэрэгтэй юу эсвэл хоосон диплом хэрэгтэй юм уу. Эцэг эхээ шаналган байж дөрвөн жилийн сургалтын төлбөр, хоол, унааны мөнгө гэж хуруу хумсыг нь хуйхлан байж сургууль төгсчихөөд ажилгүйчүүдийн армид элсэх нь даан ч харамсалтай. Ажил хүнийг голно уу гэхээс биш ажлыг хүн голохгүй гэж манайхан ярих дуртай. Тэгсэн атлаа тэр сайхан бэлэн үг нь амьдрал дээр хэрэгжиж байгаа нь хаана байна. Бүгд л ажлыг голдог. Би хуульч, эдийн засагч мэргэжлээр төгссөн юм чинь заавал мэргэжлээрээ ажиллана гэх сэхүүн бодолдоо автах нэг нь ч бий. Аливаа юм багаасаа өгсдөг гэдгийг умартан шууд л цалин ихтэй бэлэн суудал дээр суух гэж байгаа юм шиг аягладаг нь нууц биш. Дээр нь атаархуу зантай. Хэн нэг нь гайгүй ажлын байртай болчихоор ар, өврийн хаалгаар оржээ гэж ярилцдаг. Тэр битгий хэл ажилд орсон нэгэндээ дарамт шахалт үзүүлдэг гэх.
Юуны түрүүнд сургаж байгаа сургууль нь мөнгөнд хэт улайрснаас болж сургалтын чанартаа анхаарал тавихгүй байгаатай холбоотой. Хагас жилийн шалгалт дөхөөд ирэхээр хэн нэгэнд мөнгө төлөөд хичээлээ хийлгэх эсвэл багшаа аргалдаг оюутнууд цөөнгүй. Зөвхөн өнөөдрөө л аргацаасан оюутнуудын энэ арчаагүй байдлыг багш нар ч өөгшүүлдэг. Эцэст нь түүнийхээ горыг амсаж, ажилд гологдохын гашуун зовлонг мэдэрнэ. Ажлын шаардлага хангадаг нь өдрийн од шиг.
Англи, орос хэлний мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн дээд боловсролтой ажилтан шалгаруулж авна гэсэн зар хэвлэлээр байнга цацагддаг. Харамсалтай нь энэ шалгуурыг даван гарч ажилтай болох дээд боловсролтонгууд ховор. Тэгсэн атлаа ажил олдохгүй байна гэж ярих дуртай. Бас сурсан мэдсэнээ голдоггүй хэрнээ ажил голоод хийхгүй нь хачирхалтай. Ингээд ажил олдохгүй байна гэж яван явсаар хамгийн сүүлд очдог газар нь баар, цэнгээний газар эсвэл шүүх цагдаагийн үүдний сахиул болох нь олон.
Хэрэв мэргэжлээ зөв сонгосон бол ажилгүй байхын зовлон амсаач уу үгүй ч үү. Гэтэл улс оронд нь ажиллах боловсон хүчин ус, агаар шиг хэрэгтэй байдаг. Ялангуяа барилга, сантехник, зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарт мэргэжлийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ их. Дотоодынхоо энэ хэрэгцээгээ хангаж чадахгүй болохоор хятад ажилчдаар орох оронгийнхоо тоосгыг өрүүлж, замаа бариулж байгаа шүү дээ. Цаашилбал гутал, цүнхнийхээ уранхай цоорхой, цахилгааныг нь хүртэл оёулж байна.
Тэгэхээр дээд боловсролтой гэсэн сэтэр зүүчихээд юу ч хийж чаддаггүй цагаан гартнууд олон байхын хэрэг байна уу. Үүнд бас эцэг эхчүүд ч буруутай. Хүүхдээ, ялангуяа охиноо дээд боловсролтой болгож л байвал аль сургуульд ямар мэргэжлээр сурах нь огт хамаагүй. Тиймээс энэ талаар хэн хэн нь бодолцох цаг болсон баймаар. Ажилгүй хүүхэд нь өглөө гэрээсээ ажил хайна гэж гараад хаана, юу хийгээд явж байгааг тэр бүр эцэг эхчүүд мэдэхгүй шүү дээ. Сүүлийн үед гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн дийлэнх нь дээд боловсролтой эрхэлсэн тодорхой ажилгүй залуус байгаа аж.
Засгийн газраас ажлын байраар хангах төсөл, бодлого хэдийгээр тодорхой хэмжээнд явж байгаа хэдий ч тэрний хэрэгжилтийг хянах үйл ажиллагаа бараг л байхгүй гэж хэлэхэд хэлсдэхгүй. Бүгд л өндөр цалинтай, хий ажилгүй шахуу ажлыг сонирхож байгаа гэмээр. Бас нэг талаасаа өөрийгөө борлуулж, худалдаж, үнэлж сураагүй. Энэ уг нь буруу утгаараа биш. Өөрийнхөө хэмжээ хязгаар, мэргжшлээ мэдэн тэрнийхээ хэмжээнд дуртай ажилаа хийх нь чухал шүү дээ. Үүнийг нийгмээсээ, найз нөхдөөсөө, эцэг эхээсээ суралцвал бас нэг мэдлэг.
Эх сурвалж: http://misty.delhii.net/2007/09/09/347/
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |