Харин бид цаг зуурын
үзэгдэл болсон энэ асуудлыг төр засаг нь ч үл ойшоож, төрийн албан
хаагчид нь ч үүнийг үзээгүй, сонсоогүй дүр эсгэж сууна. Ямар ч үзэл
бодолтой хүн шинжлэх ухааны аль нэг салбарын нарийн ширийн бүхнийг сурч
эзэмших болно. Гагцхүү сурсан эрдэм мэдлэгээ юунд зориулах вэ? гэдэг нь
тухайн хүний бүрэн эрх гэдгийг мартаж үл болно.
Өнөөдөр хүний эрхэм ёс зүй, хүнлэг чанар хөсөр хаягдаж, зөвхөн эрх
мэдэл, мөнгө бүхнийг шийддэг зарчим хууль ёс мэт дарангуйлж байна.
Хэнийг ч эхээс төрөхөд нь энэ хуульч, эдийн засагч, улс төрч, сайд,
ерөнхийлөгч төрлөө гэж тааж мэдэх аргагүй. Харин түүнийг эцэг эхийн
хайртай хүү, охин гэдгийг онцолдог. Тухайн хүний өсөж хүмүүжсэн орчин,
ертөнцийг танин мэдсэн эрдэм мэдлэг нь тэр хүнийг амьдралынх нь зам руу
нь хөтлөн оруулдаг билээ. Сурсан эрдэм ном, эзэмшсэн мэргэжил нь түүний
бурхнаас заяасан авах ёстой л зүйл. Харин уг хүний эцэг эхээс уламжилж
авсан, ертөнцийн эрээн барааныг ухаж ойлгосон тэр хосгүй эрдмийг түүний
тархи, оюун санааны мэдрэмж л бий болгодог. Үүнийг нь хэн ч, хэзээ ч
өөрчлөх “арга” даанч байхгүй .
Монгол хүн бусдаас “гэгээлэг, тэнгэрлэг” хүмүүс гэж бид өөрсдийгөө
магтдаг. Тийм ч байх үндэс нь бидэнд бий. Учир нь хүн төрөлхтний
хамгийн оюунлаг хүмүүс нь байгальдаа хамгийн ойрхон, байгаль дэлхийд
хор хөнөөл бага учруулдаг ард түмэн байдаг. Тэр ард түмэн нь бид
байсан. Одоо харин 20 хүрэхгүй жилд хамгийн харгис, хэрцгий байгальд
ээлгүй хүмүүс монголчууд болчхоод байна.
Өнөөдөр Монгол Улсын хүн ам хоёр сая долоон зуун мянгад хүрлээ л гэнэ.
Хүн амын бараг 30-40 хувь нь дээд боловсрол эзэмшсэн оюунлаг улс
болчихлоо л гэдэг. Нэг улсад оногдох их дээд сургуулийн тоогоор
Гиннесийн номонд бичигдэх амжилтанд хүрч очлоо гэж бид сайрхах болов.
Нэдэр дээрээ дээд боловсрол эзэмшигчийг бус, дээд хэмжээний залилан
мэхлэгч, дэндүү залхуу нэгнийг олшруулаад хүмүүсийг “үйлдвэрлээд” байна
бус уу?
Монгол улсын ирээдүйн иргэнийхээ хувь заяагаар тоглож байгаа “Нэр сүр”
нь ахадсан дээд сургууль хэмээх нэр зүүсэн “Амбаар”-ууд хэзээ хаалгаа
барьж буруугаа хүлээх юм бол. Ирээдүйгээрээ дэндүү даажигнан тоглож
байгаа эрх мэдэлтнүүдийн энэ “үйлдвэрлэл” яавч ариун явдал биш. Толгой
нь эргэсэн, будилсан монголчуудаараа ингэж тоглох гэж байх уу.
Боловсролын гажиг ийм тогтолцоог хээл хахууль, авлига, албан тушаалын
хэнээрхэл, харийн валютын ноёрхол улам гааруулсаар л байна.
Улсын маань нийслэл утаа, хогоо дийлэхгүй боллоо гэж ярьж байна. Үүнээс
ч их аюул хөнөөл дагуулж байгаа нь оюун санаагаар тоглон дайжигнаж буй
боловсролын гажиг тогтолцоо юм. Энэ салбарын бүх шатанд шургалан
орчхоод байгаа “бөөс хуурс”-ыг анзаардаг төр, засаг, эрх мэдэлтэн байна
уу? Гэтэл өнөөгийн монголчуудын өдөр тутмын амьдралд түлээ нүүрс, ундны
ус, байрны хөлс, гэрэл, дулаан, цахилгаан, хоол, хүнс, сургалтын
зардал, тээврийн хэрэгслээс эхлээд бүх амьжиргааны амин чухал зүйлсүүд
цаг минутаар нэмэгдсээр байна. Хот хөдөөгүй монголчууд үнийн хөөрөгдөөд
дарамтлуулсаар туйлдлаа. Ирж буй 2009 он хүн төрөлхтнийг ширүүхэн
шалгах гээд байгааг дэлхий даяараа ярьж, үүнээс хэрхэн, яаж эрсдэл
багатай гарах арга замыг хайх боллоо. Монгол улс үүнд ч хамаарна. Энэ
гамшгаас багахан хохирол амсч гарах арга замыг төр, засгаас анхаарч
дорвитой, шийдвэртэй алхам хийхгүй бол “Үхэр” жилд үрэгдэж мэдэх нь.
Үүнийг даруйхан таслан зогсоох шийдвэртэй арга хэмжээ авч ард иргэдээ
ажиллаж, хөдөлмөрлөх нөхцөл, боломжоор нь хангаж чыадвал улс орон
өөдлөн дэвжих гарц байж л таарна.
Хүний хөгжлийн эх сурвалж нь төрийн хайр ивээлээс гадна эх оронч,
хүмүүнлэг ёс суртахууны хүмүүжил, оюун санааны зөв гарц, шийдэл өөдрөг
үзэл бодол байх ёстой. Боловсрол мэргэжлийг ямар ёс суртахуун,
хүмүүжилтэй хүн эзэмшиж болно. Гагцхүү эзэмшиж, сурч мэдсэнээ хүний
сайн сайхны төлөө зориулдаг эрхэм чанар Монголын Улсын иргэний эрх,
үүрэг байх ётсой. Боловсрол гэдгийг нэг талаас харах нь өрөөсгөл. Харин
хүн ямар нэг зүйлийг бусдаас илүү хийж чаддаг тэр авьяас, чадварыг нээх
нь боловсролын байгууллагын үндсэн үүрэг, зорилт юм. Хэн юуг хамгийн
чанартай хийж олон түмний таашаал авч, зохих хөөс хүчээ үнэлүүлж
амьдарч чадаж байгаа нь тухайн хүний сайн сайхан амьдрахын эхлэл
болдог. Энэ зарчмыг баримталсан бодлого явуулж, хүний эрхийг дээдэлсэн
улс орон өнөөдөр дэлхийн хамгийн чинээлэг, хөгжилтэй нь байгааг бид
мэднэ.
Өнөөдөр өргөн уудам газар нутагтай, чамгүй байгалийн баялагтай, гурван
сая ч хүрэхгүй хүн амтай улс орны ард түмнийг эн тэгшхэн өлсгөж
цангаахгүй, эрүүл саруул, энх тунх, аз хийморь, цог золбоотой аваад
явчих төрийн чигч бодлого үгүйлэгдсээр л…
www.dandaa.mn
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |