Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.27%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.65%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.13%
Гишүүдийн булан
- 1970 / 01 / 01
Эдийн засагаар сурч төгссөн хүнийг ямар ажил хүлээж байдаг вэ?

Анагаахаар сураад эмч болно, хуулиар сураад хуульч, өмгөөлөгч болно гэж ярьдаг бол эдийн засаг дээр тийм биш. Тэгвэл их сургуульд олж авах эдийн засгийн боловсролын нэлээд нь шууд ажил дээр гарч хэргийг нь гаргах боломжгүй байдаг. Макро эдийн засаг дээр гарах Филипсийн муруй гэдэг ч юмуу, тоглоомын онол дээр гарч ирэх Нашийн тэнцвэрийг ажил дээр яаж ашиглана гэх вэ? Жилд өчнөөнөөрөө “үйлдвэрлэгдэж” байгаа төгсөгчдийн дотор Парето оптималчилал, Филипс муруй энэ тэрийг ажил мэргэжлээ болгоод явах ганц нэг нөхөр байдаг л биз, хэдэн зуун хүнийг тэжээх Филипс муруйн хөдөлмөрийн зах зээл Монголд байхгүй. Төгсөгчдийн дотор сургуульдаа үлдэж мастер доктороор үргэлжлүүлэн суралцаж, улмаар эрдэмтэн судлаач болох цөөн хэдэн хүн гарна. За тэгээд хичээлдээ овоо гайгүй байсан хэдээс нь холбогдох яам тамгын газар, эсвэл төв банк ч юмуу, ямар нэг судалгааны хүрээлэнд эдийн засагч, шинжээчээр орж ажиллана. Онолдоо гаргууд, эмпирик судалгааны аргачлалд гаршсан хүмүүсийн хувьд тэр. Судалгаа, эрдэм ном хөөгчдийн дотроос өгүүлэл, нийтлэл бичдэг судлаач-сэтгүүлчид бас ганц нэг төрнө.Төгсөгчдийн зарим нь төрийн албан хаагч болох боловч эдийн засгаасаа тэс хөндлөн ажил хийнэ. Яг эдийн засгийн мэргэжлээр улсад ажиллана гэвэл статистикч, татварын байцаагч гэх мэт бас л хүрэлцээ муутай эд. Ингэхээр “эдийн засагч” гэж хэлэгдэх хүмүүс буюу дээр дурдсан багш, судлаач, сэтгүүлч, улсын байгууллагын мэргэжилтнүүд нийлээд нийт төгсөгчдийн 10%-д хүрэхтэй үгүйтэй л байх болов уу. Үлдсэн хүмүүс юу хийх вэ? Тэдний сонгох ажил мэргэжлийн замыг үндсэнд нь 1. Нарийн бөгөөд гүнзгий - 2. Өргөн бөгөөд гүехэн гэж хуваана.


Нарийн бөгөөд гүнзгийгийн хамгийн тод жишээ бол дээр дурьдсан эмч, хуульч гэх мэт мэргэжлийн салбарууд юм. Нэг насныхаа талхыг олж идье гэж шийдсэн чиглэлдээ гүнзгийрэн дагнаж, төгсөөд шууд ажил дээр гархад хэрэг болох мэдлэг, арга зүйг эзэмшдэг хэсэг. Мэргэжилтэн (specialist, professional) болно гэсэн үг. Банк санхүүгийнхэн ерөнхийдөө энэ ангилалд орно. Монголд үнэт цаас, хувьцаа, санхүүгийн арилжаа зэрэг нь яваандаа гүнзгий мэдлэг, тооцоолон бодох арга чадвар бүхий мэргэжилтнүүдийг шаарддаг салбар болж цаашдаа улам хөгжих бизээ. Нарийн-гүнзгий замыг сонгох нь төгсөөд ажлын байр олдох нь амар, цалин орлого сайн, тогтвортой гээд тун дажгүй. Чимхлүүр нямбай, нөр хичээнгүй чанарыг шаарддаг учир хүссэн хүн бүр чадаад байдаггүй. Хоёр дахь ангилал буюу өргөн бөгөөд гүехэн гэдэгт сургуульд байхдаа нэг юмаар дагнаж гүнзгийрээгүй байх бөгөөд макро эдийн засгийн хичээл ч үзсэн, менежмент дээр ч хоёр гурван кредит бөглөсөн, бас нэг дипломын ажил аятай юм бичсэн байна.

Тэдний хувьд сонголт өргөн боловч ирээдүй нь тодорхойгүй, нэг үгээр хэлбэл харьцангуй эрсдэлтэй. Цаашилбал тус тусын мэргэжлээр гүнзгийрсэн олон мэргэжилтнүүдийг холбож, тэдний хүчийг нэгтгэн ажил зохион байгуулах чадвартай хүмүүс нийгэмд хэрэгтэй. Лидерүүд, менежерүүд, өөрчлөгчид, үүсгэн байгуулагчид. Ийм хүмүүс яаж төрдөг вэ? Сургуулийн программ лидер болгоод өгөхгүй. Менежментийн ангид онц сайн сурлаа гээд онц менежер болчихгүй. Төрөлхийн авьяастай боловч хүн хард жаал гайхагдахаас өөр юу ч бүтээлгүй явсаар хорвоогийн хоногоо барах хүн олон. Мэдлэгтээ чадвартай боловч үхмэл царцанги хүн цөөнгүй. Үнэндээ лидер болоход сэтгэлийн чинзориг гэдэг юм хамгаас чухал билээ. Дарагдашгүй, булагдашгүй, оргилж гарсан халуун тэмүүлэлтэй, ирмүүн амбицтай байх эсэхээс бүх юм хамаарана. Нийгэмд ийм юм шинээр бий болгох юмсан, үүнийг ингэж өөрчлөх юмсан гэсэн амбиц, хүсэл эрмэлзэл, цанхаатай хүмүүсийн хувьд санаа зориг нь нэг хүнээр хэмжигдэж, нэг насаар дуусах эд биш. Зуун хүн бүтэхгүй гэж байсан ч, ганцаараа бүтээнэ гэж дайрах ийм хүмүүс л аварга компаниудыг байгуулж, улс орныг өөрчилж, урд тээглэсэн аварга том NO-ийг YES болгох хүмүүс.

Ийм эрч хүч хүсэл зориг гэдэг юм “за жаахан эрч хүчтэй байя” гэж бодохоор л аяндаа ундраад ирдэг юм бишээ. Энэ бол бага багаар бүрэлдэж, исч, дотроосоо халж ирдэг зүйл. Түүнийг хүн өөрөө дотроо асааж, өрдөж явах хэрэгтэй байдаг. Өнөөдөр эдийн засгаар сурч байгаа оюутнууд маань макро микро онолоо ч үзээд, татвартай ч танилцаад, маркетингийг ч магадлаад, санхүүгээс ч самардаад, ихэнх нь юу сураад яах гээд байгаагаа сайн ойлгохгүй л яваа болов уу. Ихэнх нь ойлгоогүй чигтээ нэг мэдэхэд сургуулиа төгсч байгаа бизээ. Нарийн-гүнзгийгээр явсан хүн ч байдаггүй, бүгдээрээ урсч байгаад нэг мэдэхэд өргөн-гүехэнгүүд болчихдог. Төгссөн хойноо хэд хэдэн ажлын хаалга тогших боловч энэ гээд хүнд гайхуулах юмгүй болохоор очсон газар болгондоо гологдоно. “Чи юу чадах вэ, үзүүл дээ?” гээд асуудаг, юу ч чадахгүй. Адмоны захирал Р.Энхбат “Манай компани дээр ажилд орох гээд олон залуус ирдэг. Менежментийн ангийг төгссөн гэдэг. Юу ч чаддаггүй, хаанаас нь ч авсан яг адилхан, чадвар муутай. Бүгдээрээ туйлбартай биш, аймхай. Хүн өөрийн гэсэн бодолтой, толгойтой, байх ёстой” гэж бодит байдлыг нүдэнд харагдтал ярьж билээ.

Оюутан байхдаа нийгмийн ч юмуу сайн дурын ажилд оролцож, хүнтэй хамтран ажиллаж үзсэн, дадлага хуримтлуулсан, ядаж нэг зөвлөгөөн хөтлөөд ч юмуу, протокол бичээд сурчихсан бол бас яахав. Тиймээс нарийн-гүнзгий, мэргэжлийн дагнасан чиглэлээр явах хүсэлтэй залуучууд их сургуульд байхдаа зөвхөн хичээлийн кредит бөглөх биш, тухайн сонгосон мэргэжлийнхээ талаар бие даан судалж, хэний ч дор орохгүй болохын тулд бүх хүчээ төвлөрүүлэх хэрэгтэй.

( Өөрийгөө ялж биеэ дайчлах нь )

Амжилтанд хүрсэн хүмүүсийн цор ганц нийтлэг чанар бол гагцхүү өөрийгөө ялах чадвар билээ. Авъяас билгээрээ алдрын оргилд хүрэх хүн байдаг л даа. Гэвч авъяастай төрсөн хирнээ зуурдын цэнгэл, архи дарсанд шунаж арчаагаа алдаад адаг сүүлд нь амьдралын ёроолд живсэн хүн бас олон. Авъяас 1 хувь, хөдөлмөр 99 хувь ч гэх ярьдаг. Хүн шиг амьдарч, хүссэнээ бүтээж чадах нь өөрийгөө хэдий чинээ ялахтай холбоотой бололтой. Өөрийгөө бүрэн ялна гэж байхгүй, харин ялахын төлөөх тэмцэл өөрөө утга учиртай амьдралыг авчирдаг. Ихэнх хүний залуугийн мөрөөдөл талаар болдог нь тэд “Уруу татах хүч”-нд ялагдсанаас болдог бөгөөд зугаа цэнгэл, биеийн амрыг харах сонирхол гэх мэтийн уруу татах хүчийг ялж чадах үед хүн амжилтанд хүрч чадна.

“Уруу татах хүч” энэ үнэхээр ер бусын хүчтэй эд аж. Хүн нэг сайхан ном уншаад, сайхан яриа сонсоод, эсвэл ямар нэг хүчтэй өдүүлэлт аваад нэг хэсэгтээ биеэ дайчлах нь бий. Эрч хүчээр жигүүрлээд уруу татах хүчрүү сүр жавхлантайгаар довтолдог. Гэвч хэсэг хугацаа өнгөрөхөд энэ бүхэн сарнин одох ба хүн нөгөө л бахь байдаг руугаа буцсан байдаг. Үнэндээ эрч хүч гэдэг юм байнга сэлбэж л байхгүй бол амархан унтарчихдаг богинохон амьтай эд аж. Иймд бид эрч хүчийг үргэлж ноцоож байхын тулд янз бүрээр оролдож үзэх хэрэгтэй. Жишээ нь ухаалаг сайхан хүнтэй ярихад маш их цэнэг, эрч хүч авдаг. Гэтэл тийм завшаан тэр бүр тохиогоод байхгүй. Харин маш үр дүнтэй нэг арга бол сэтгэл сэргээж хийж бүтээх хүсэл төрүүлэм ном унших юм.

Номыг мэдээж хүн бичнэ, иймд ном унших нь бичсэн тэр агуу хүний яриаг сонсч, хүч энергийг нь хүртэн авахтай ижил хэрэг болно. Цэнэг авсан үедээ бид жишээ нь өнөөдрөөс эхлээд өдөрт 2цаг англи хэл үзнэ гэх ч юмуу өөртөө амладаг. Гурав хоног, за сайндаа долоо хоног үргэлжилнэ. Яг тэгж байтал ар гэрийн ч юмуу, яаралтай чухал нэг ажил гарах ба нөгөө хуваарь маань саатахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний амьдралд юу ч тохиолдож болох учир иймэрхүү саатал гарцаагүй гарна, харин үүний дараа шууд горимондоо буцан орж үргэлжлүүлэх нь чухал. Гэтэл бид тэгдэггүй ба хоног өдрүүд хүүе хайя гэхий зуургүй урсан одож нэг л мэдэхэд нэг, хоёр сар өнгөрчихсөн байдаг. Бүтэн жилүүд, тэр ч бүү хэл бүтэн залуу нас тэрчигтээ өнгөрнө. Энэ бүхэн юуг хэлээд байна?

Зорилгоо тавьсан, хийх ажил тодорхой болсон бол өөрийнхөө өдөр бүр, цаг нэг бүрийг мэдэрч, хянаж, тольдож байх шаардлагатайг хэлээд байгаа юм. Өөрийгөө ялах тэмцэл өөрийгөө хянаж мэдрэхээс эхэлнэ. Япончууд шиг өдөр болгон усанд орж шүдээ угаахад эхний хэд хоног гайгүй хийгээд байлаа, гэтэл үүнийг бүтэн сар үргэлжлүүлээд ирэхэд залхаж яршигтай санагдаж ирдэг юм байна. Харин дахиад жаахан тэсээд байж байтал яваандаа нэг их төвөгтэй зүйл биш болж, ердийн нэг зуршил болж ирсэн юм. Ингээд бодоод үзэхэд өөрийгөө ялахад хамгийн чухал нь байнга үргэлжлүүлэх өөрөөр хэлбэл тэвчээр болж таарч байгаа юм. Бид нэг хэсэгтээ цэнэг аваад хичээдэг боловч тун удалгүй зогсдог, үргэлжлүүлж чаддаггүй. Байнга үргэлжлүүлнэ гэдэг хамгийн хүнд, гэхдээ хамгийн шийдвэрлэх хүчин зүйл билээ. Тэвчисний эцэст хүний бие шинэ дадалд дасдаг. Хэсэг хугацаанд амраад ирсэн хүн хичээлийн ширээний ард удаан сууж чаддаггүй оюутнууд анзаардаг байх. Ийм тохиолдолд дасах хүртэлээ өөрийгөө албадаж хүчлэхээс өөр аргагүй. Түүнээс гадна ямарваа нэг ажил үйлийг эхлүүлээд явж байхад заавал тохиолддог нэг саад бол сэтгэл санааны хэлбэлзэл юм.

Хүний сэтгэл санаа зогсолтгүй өгсөж, уруудаж байдаг. Дэврүүн хөгжүүн үедээ урам зоригтойгоор эхлүүлсэн ажил, сэтгэл гундах үед унтардаг. Эсвэл бусдад атаархаад үзүүлээд өгье гэж бодож эхэлсэн эрч хүч, сэтгэл тайтгарч, гуниг үргэсэн үед хамтдаа үгүй болох нь бий. Харин тэсвэр тэвчээрээр энэ сэтгэлийн хэлбэлзэлд автахгүй байж болно. Английн их зохиолч Самьюэл Жонсон:”Агуу үйлсүүд нь хүч чадлаар бус, цөхрөлтгүй оролдлогоор биелэлээ олдог” гэж хэлжээ. Уруу татах хүчийг бут цохих хүчтэй мөрөөдөл бидэнд бий. Ямар ч үед тэвчээр болж, ямар ч боломжгүй үед хүч чадлыг дууддаг зүйл бол мөрөөдөл билээ. Тэнэгүүд л хоосон мөрөөддөг гэж хэлэх хүн байдаг. Харин ихэнх хүн өөрийгөө ялж чаддаггүй учраас л хоосон мөрөөдөлтэй хоцордог аж. Уруу татах хүчинд дийлдчихээд эцэст нь бүх бурууг хувь заяанд тохдог байна. Тэгвэл хүн ямар байвал зохистой вэ?

Өргөн хүрээгээр сэтгэж, мөрөөдөх хэрэгтэй, харин урдаа байгаа жижиг зүйлээс хийж эхлэх шаардлагатай. Зорьсон үйлийнхээ төлөө элсний ширхэг зөөх мэт уйгагүй хөдөлмөрлөн, цаг мөч бүрд бүх боломжийг хайсан хүн заавал ид шидтэй учирна гэдэгт би итгэдэг. Наполеон Бонапартын “Боломжгүй гэдэг үг зөвхөн тэнэгүүдийн үгийн санд байдаг” гэсэн алдартай үгийг санацгаа. Агаарт хөвөх мэт биднийг тойрон байгаа мянга мянган боломжуудаас гагцхүү чихээ байнга сортойлгож, нүдээ байнга бүлтийлгэн өөрийгөө дайчилсан хүн л олж шүүрч чадна. Орчлон ертөнц агуу уудам болохоор тэр хэрээр хүний анхаарал сарниулах бэрхшээл их бий. Тэр болгоныг анхаараад шийдээд явна гэвэл бүтэхгүй бөгөөд хамгийн гол, хамгийн сайн хийж сурч чадах зүйлээ бусдаас илүү хийж чаддаг байх л хамгийн чухал баймаар.

Эрин Тулгат
2009.01.05

Эх сурвалж: www.cmox.org
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B440 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B439 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/21-11/08) #B438 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/07-10/25) #B435 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
HR Фото