Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.97%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.12%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.97%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.94%
Гишүүдийн булан
- 2009 / 08 / 22
Монгол хүний үнэлэмж ба бүтээмж (L1)
Гэтэл өнгөрсөн түүхийнхээ туршлагаас эргэн харахад хойч үеийн бидэнд нэгэн үеийн Исламын шашний төв байсан Багдадаас  сануулга захиас ( message) үлдээсэн байна.

Энэ сургамж, дохио, сануулга юу байв? гэхээр:

Тэр үед Багдад хот нь Мусальман шашний удирдагч Халиф ал Мустасимийн удирдлаганд доор асар баян тансаг эд баялагтай, бас бат бөх хэрмэндээ жаран мянган цэрэг сахин суулгасан  лалын шашний ариун хот нь байжээ. Гэвч Монгол баатруудын өмнө тэсээгүй юм.

Монголын Хүлэг хаан уг хотыг эзлэн түүнээс асар их эд баялагийг олзолж авсны дараа Халифийг нь дуудан өмнө нь алт, эрдэнэсийн тавиад үүнийгээ ид гэж тушаажээ. Халиф тэгэхэд нь энийг идэх боломжгүй гэж хариулж гэнэ. Хүлэг хаан “Чи яах гэж үүнийг хадгалсан юм бэ? Яагаад энэ эд баялагаараа асар их цэрэг бий болгоод, хэрэм цайзаа бэхлээд биднийг зогсоохоор, тулалдах гэж ирээгүй юм” гэж асуусан гэдэг. Халиф энэ бол бурханы хүсэл байсан гэсэн юм байх. Тэгэхлээр нь Хүлэг хаан одоо болох зүйл бас бурханы хүсэл байх болно гээд хөөрхий Халифийг эд баялагтай нь хамт түгжиж орхисон гэдэг. Ингээд Халиф өөрийнхөө асар их эд баялаг дундаа өлсөж үхсэн домогтой.

Эндээс Монгол улс хүний хүч хөдөлмөр, зүтгэлийг үнэлж чаддаг байсан тул агуу их болох замаа тавьж Агуу Их Монголын төлөө энэ дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн янз бүрийн гаралтай, өөр өөр шашинтай улсууд зүтгэсэн. Тиймээс мандан цэцэглэсэн юм шүү гэсэн сургамж бидэнд үлдээжээ.

Хэрвээ бид баялагаа харамласаар байгаад, эрдэнэс дундаа өлсөж үхэх гээгүй л юм бол хүний хөдөлмөрийг үнэлж сурах хэрэгтэй ажээ. Энэ асуудалтай холбоотой харамч хүн хоёр дахин илүү төлдөг гэсэн үг хүртэл байдаг.

Харамсалтай нь хүнээ, хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг системгүй байгаа учраас  100,000 – 200,000 мянган Монголын иргэн гадаадад байдаг гэсэн хачин статистик гаргадаг. Хүнийхээ тоог тийм их хэлбэлзэлтэй бүртгэдэг мөртлөө малаа манайхан яс бүртгэнэ. Энэ чинь хүн үнэгүйдсэн, хүнийг үнэлэх үнэлэмж манайд бага байгаагийн бас нэг нотолгоо юм. Тэд эх орондоо ажил, хөдөлмөрөө хангалттай үнэлүүлэх боломжгүй учраас Чингис хааны байлдан дагууллаас хойш хамгийн ихээр харь газрыг зорин оджээ.

Дэлхийн банк[1] болон Гронинген их сургуулийн[2] (University of Groningen) судалгааг харж байхад хөдөлмөрийн нэг цагт гаргах бүтээмж дараахи байдалтай байна.

 

Улсын нэр
   

Нэг цагт гаргах бүтээмж;                   Америк доллараар
           Норвеги                                               37.44
           АНУ                                                      35.90
           Тайван                                                 21.91
           Сингапур                                             20.93
           Өмнөд Солонгос                                  18.18
           Монгол                                                 1.6  (Ё.Г)

Тэгвэл Монголын бүтээмжийг АНУ –ын ТТГ -ын[3] тооцоог  үндэслэн нэг хүнд ноогдох жилийн орлого $3200 тооцвол, долоо хоногт 40 цагаар, жилд 50 долоо хоног ажиллана гэвэл бидний хөдөлмөрийн бүтээмж $3200/2000 цаг=$1.6/цаг болж байна.

Эндээс харахад бид ойролцоогоор Норвеги, АНУ –аас 24 – 22 дахин, Азийн өндөр хөгжилтэй орнуудаасаа ойролцоогоор 12 дахин бага хөдөлмөрийн бүтээмжтэй байна.

Иймээс бидэнд бүтээмжээ яаж дээшлүүлэх эндээс улбаалаад хөдөлмөрийн үнэлгээгээ яаж ихэсгэх арга зам байна вэ? гэсэн асуулт, эсвэл эсрэгээр эхлээд хөдөлмөрийн үнэлэмжээ дээшлүүлэх, дагуулаад бүтээмжээ дээшлүүлэх шаардлага байна уу?  гэсэн тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу гэсэн асуулт шиг асуудалтай болчихоод байгаа юм.

Миний бодлоор бол хэн нэгэн компани байгуулаад хямд ажиллах хүчээр, хямд бүтээгдхүүн үйлдвэрлээд бага мөнгө хийгээд байхаар, бүгдээрээ л ядуу хэвээрээ байх юм биш үү? Хэрэв бүгдээрээ гайгүй цалин өгөөд,  дажгүй үнэтэй, чанартай бүтээгдхүүн хийгээд ахиу мөнгө хийвэл техник, технологио шинэчлэх мөнгө хуримтлуулснаар, илүү чанартай бүтээгдхүүн хийж, өндөр бүтээмжтэй байх, мөн бүтээгдхүүнийг нь худалдан авах чадвартай худалдан авагчтай болох билээ. Иймээс би эхлээд үнэлэмжээ нэмэгдүүлэх нь энэ асуудлын гогцоог тайлах эхний алхам гэж бодож байна.

Гогцоог тайлах аргууд:

1. Авилгалтай тэмцэх

Хэдэн тэрбумын асуудал шийддэг сайд, дарга нар маань хэдэн зуухан доллараар цалинжаад явж байна. Тэд чинь ирээдүйдээ санаа зовдог, адаглаад аятайхан костюм, пиджак өмсөх хэрэгтэй. Бас эрхэлж байгаа ажил нь мөнх биш тул ажлаасаа буусны дараа бусдыг царай алдан, үр хүүхдийнхээ төлөө шаналах хэрэгтэй байдаг. Иймд эдгээр хүмүүсийг гадны дунджаар жилийн зуугаас дээш мянган долларын цалинтай менежерүүдтэй хэдэн тэрбумийн гэрээг эрх тэгш хийгээд ир гэж явуулж болно гэж үү?

Тиймээс гол, чухал албан тушаалтнууддаа хангалттай цалин өгснөөр өөрсдийнхөө хөрөнгө, баялагийн асуудлаа амжилттай шийдүүлж, авилга авч ашиггүй гэрээ хийх зэрэг асуудлаас сэргийлэхэд дорвитой алхам хийж чадна гэж үзэж байна. Эс тэгвээс бид харамч хүн хоёр дахин илүү төлдөг гэдэг шиг л байгаад байна шүү дээ! Нөгөө талаар авилгал, хүнд суртал, газар авчихлаа гэдгийн чинь гол гогцоо нь энэ биш үү?

2. Олон улсын түвшинд үйл ажиллагаагаа явуулах чадвартай менежерүүдтэй болох

Жишээ нь, Монголын үйлдвэр цамц хийгээд дотоодын зах зээл дээр ₮5000-₮10,000 хавьцаа зарах, Wall Mart болон KMART-д $20-$40, GAP-д $45-$85, American eagle, Abercrombie,  Fitch гэх зэрэг дэлгүүрийн сүлжээнд $200 хавьцаа заруулж чадах нь  хөдөлмөрийн бүтээмж хэвээрээ мөртлөө хэрхэн үнэлүүлж чадахаас шалтгаалж байна. За яахав бага зэрэг үнэ дагаад материалын чанар, үнэ нэмэгдэх биз. Эндээс бид хөдөлмөрийн бүтээмж хэвээрээ шахуу мөртлөө олон улсын түвшинд ажиллаж чадах сайн менежерүүдтэй байвал бүтээгдхүүнээ хэрхэн үнэлүүлүүлэх бололцоотойг харж байна. Иймд хөгжингүй баян АНУ шиг орон  руу чиглэсэн экспортоо дэмжиж мөнгө олдог Азийн орнуудын туршлагаар л явна уу гэхээс мөнгө муутай газраас тухайлбал Орос, Хятад руу чиглэсэн экспортоос мөнгө олно гэсэн хандлагаас татгалзах хэрэгтэй. Зах зээл жинхэнэ ёсоороо хөгжөөгүй улсаас мөнгө биш салаавч авч болох талтай.

3. Гадны уул уурхайн компаниудтай ажиллах стратеги, тактикаа дахин эргэж харах 

Монгол шиг бараг бүрэн боловсорсон бүтээгдхүүн юу ч экспортолдгүй улсад цалин, бүтээгдхүүн өссөнөөр экспортод ашиггүй, Голланд өвчний туршлага шиг асуудал гарна гэж ярина гэдэг бол Монголын нөхцлийг мэддэггүй хүмүүсийн дэмий яриа юм. Голланд улс Philips гэх зэрэг электроникийн хүчирхэг компаниудтай, хөлөг онгоц энэ тэрээс авахуулаад хийдэггүй юм бараг байхгүй байсан. Тэд нефтийн баялаг орд олсноос болж цалин, хангамж энэ тэр нь ихсээд үйлдвэрийнх нь өртөг зардал өссөнөөс шалтгаалаад алдарт Philips гэх мэтүүд нь будаа болсон нь үнэн.

Гэтэл бид юугаа үйлдвэрлээд юугаа экспортлодог гэж. Бидэнд Голландын энэ сургамж даанч тохирохгүй жишээ юм аа!

Энэ бол манайх шиг уул уурхайн түүхий эдийг экспортолж  мөнгө олдог улсад баялагийн маань нэг хэсэг нь цалин хэлбэрээр үлдэхийг хааж байгаа гадныхны овжин заль билээ. Тэд Монголын нөхцөлд манай баялагийг хямд ажиллах хүчээр, дэлхийн зах зээлд зах зээлийн нь үнээр өгч ашиг олох гэсэн шунаг санаагаа манай хэдэн учир мэдэхгүй сэтгүүлчид, уншсан номноосоо цааш сэтгэх чадваргүй эдийн засагчдаар дамжуулж хэрэгжүүлж байна. Иймд уул уурхай болон дэд бүтцийн салбаруудад Монгол хүнийг ажиллуулахад дэлхийн жишэгтэй ойролцоо цалинжуулах шаардлага тавьж байх нь зүйтэй.

4. Гадаадад бизнес хийж байгаа Монголчуудаа дэмжих 

Дотоодын нийт бүтээгдхүүнээр (ДНБ)  улс орны эдийн засгийн өсөлт, ард түмний амжиргааны өсөлтийг манай нөхцөлд тооцож болохгүй. Яагаад гэвэл өсөлтийн ихэнх нь уул уурхайд хамааралтай бөгөөд тэр баялагийн ихэнх нь татварын хөнгөлттэй нөхцөлөөр татваргүй, эсвэл маш бага татвартай гадагшаа урсаж байгаа. Мөн цалин хөлсний маш бага үнэлэмжтэйгээр, тун бага зардалтайгаар бүтээгдэж гадны компаниудыг баяжуулж байдаг. Үнэн хэрэгтээ Монголын хөрсөн дэх баялаг гадагшаа урсаж байгаа учраас нэг талаас нь тайлбарлавал бид ядуурч байгаа гэсэн үг.

Тийм учраас манай ДНБ сүүлийн хэдэн жил хэд дахин өссөн мөртлөө онолын хувьд манай ядуурал хэд дахин буурах ёстой байтал зүгээр л хэдхэн хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Иймд дотоодын биш үндэстний нийт бүтээгдхүүн (ҮНБ)  гэсэн хэмжүүрээр хандвал бас нэг өөр тоо, статистик гарна шүү! ҮНБ-д юу орох вэ гэвэл манай дотоодын компаниудын бүтээгдхүүнээс авахуулаад, гадаадад ажиллаж байгаа Монголчуудын орлого хүртэл орох юм. Яагаад гэвэл энэ бүх орлого чинь Монгол хүмүүсийн ашиг орлогод хамаатай. Тэдний орлого шууд утгаар Монголын орлого болж ихэнх нь Монгол улс руу гуйвдаг шүү!

Харин манайд олборлолт хийж байгаа гадны уул уурхай компаниудын орлогын ихэнх хувь гадаадад гарснаар гадныханы үл хөдлөх хөрөнгө, банкны хадгаламж, үнэт цаас гэх мэт болон одож, бидэнд огт хамаагүй болсон мөнгийг манай Монголын дотоодын нийт бүтээгдхүүн өсөж байгаа мэтээр стастистик харж суух нь эмгэнэл ээ.

5. Чадварлаг ажиллах хүчнээ тогтоон барих, буцааж ирүүлэх

Монгол хүн залхуу биш, янз бүрийн салбарт амжилттай ажиллаж байгаа гэдгийг гадаадад байгаа хэдэн зуун мянган Монгол хүмүүсийн жишээ нотолж байна. Тэдний ажлын болон нийгмийн туршлага, ялангуяа барууны бизнес орчноос олсон мэдлэг нь хэрхэн олон улсын бизнесийн орчинд Монгол улс хөдлөх вэ? гэдэгт луужин болж өгнө. Түүнчлэн дөнгөж бүрэлдэж байгаа Монголын бизнес соёлыг зөв хандлагатай болгоход чухал гэж бодож байна.

Тайваний туршлагаас харахад 1971-79 онд жилд дөнгөж 530 оюутан буцаж ирж байсан бол тааламжтай нөхцөл бий болгосноор 1990-95 он гэхэд жилд 5040 төгсөгчид буцаж ирдэг болсон. Ингэснээр Тайваний өндөр технологийн үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсролын салбарт их нөлөө үзүүлэн дэлхийн өндөр хөгжсөн орон болоход сайнаар нөлөөлжээ. [4. 156-р хуудас]

Эцэст нь дүгнэхэд:

   1. Төрийн удирдах гол албан тушаалтнуудад Монголын нөхцөлд хангалттай сайн цалин (Минийхээр бол жилийн $50,000-$100,000) өгч авилгалаас сэргийлэх
   2. Олон улсын зах зээлд ажиллаж чаддаг, бараа бүтээгдхүүнээ тэр үнэлгээгээр үнэлүүлж чаддаг менежерүүдтэй болох
   3. Гадны уул уурхайн болон дэд бүтцийн компаниудад ажиллаж байгаа Монгол улсын иргэдийн цалинг олон улсын түвшинд байлгахыг хатуу шаардаж байх, туслах чанарын төсөл, үйл ажиллагааг заавал Монгол компаниудаар хийлгэж байхыг төрийн зүгээс зааварчилж байх
   4. Гадаад дахь Монголчуудын бизнесийг дэмжих асуудлыг төрийн бодлогын хэмжээнд тавьж элчин сайдын яамны хүрээнд хийх зайлшгүй ажлын нэг болгох
   5. Гадны бизнес орчны туршлагыг нэвтрүүлэхийн тулд тэнд ажлын туршлага олсон хүмүүст анхааралаа хандуулах

гэх зэрэг эхний шатны арга хэмжээнүүдийг авч хөдөлмөрийн үнэлэмжүүдийг дээшлүүлснээр хуримтлал үүсгэх боломжтой. Ингээд энэхүү хуримтлалаараа техник, технологийн сүүлийн үеийн ололтыг худалдан авснаараа бүтээмжээ дээшлүүлэх алхам хийж цаашдын хөгжлийн суурь тавигдах болно.

 

Ё. Гантулга

http://gantulga.wordpress.com

Австрали

  1. http://siteresources.worldbank.org/DATASTATISTICS/Resources/GDP.pdf
  2. http://www.conference-board.org/economics/database.cfm
  3. https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2004rank.html
  4. Tsu-tan, Fu. Cliff, J. Huang. Knox, Lovell. C.A. 2002. Productivity and economic performance in the Asia-Pacific region.  Cheltenham, UK ; Northampton, MA, USA : Edward Elgar Pub., 

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/07-10/25) #B435 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 09
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/23-10/11) #B434 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/09/16-10/04) #B433 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 09 / 28
Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалт MHRI LEVEL - B #432 төгсөгчдөд сертификат олгох тухай. (2024/09/09-09/27) ТӨГСӨЛТИЙН ТУШААЛ - 01/21_240927
HR Фото