- 2009 / 09 / 05
Д.Баярхvv: Тархины ба эдийн баян
Гэвч сэтгэхvйн хоосрол буюу тархины ядуурал хамгийн гол буруутан нь мөн. Энэ тухай өгvvлбээс:
"Баян", "баялаг" гэдэг vгийн утгыг эхлээд тунгаах аваас, эдvгээгийн монгол төсөөллөөр арай л өөр, нэг тиймэрхvv примитив гутармаар зvйл толгойд буух болов уу. "Мянгат малчин" гэж хөдөөд лут баян хvн нэлээдгvй тоогоор бий. Хотондоо 1000 хонь, 200 vхэр, азарга адуутай хvн байна гэж бодъё. Нийт өмч нь шvv дээ. Монгол ухаанаар бол энэ лут баян хvн хамгийн хvндтэй нь мөнөөсөө мөн. Гэтэл мөнгөн дvнгээр тэр их өмчийг нь тоолбол 100 сая төгрөг, эсвэл 100.000 ам.доллар хvрэх төдий. XXI зууны соёлжсон, эрvvл нийгмийн хэмжvvрээр бол ийм хэрийн мөнгийг захын хvн өмчилж, бараг тэтгэврийн хөгшдийн хадгаламжинд байж байдаг мөнгө шvv дээ. Манайд бол зовлогоо зовоож шар махтайгаа хатаж байгаад хийдэг мөнгө. Ялгаа байгаа биз?
Нэгэнтээ "баян" гэдэг хэмжvvр нь буруу гараанаас тодорхойлогдож байгаа тул баянаа дагаад хvчтэй, чадалтай, эртэй бяртай гэх тодотгол мөн буруу замаар тодорхайлогдож байна. "Мөнгөтэй л бол гvйцээ!" гэх нийгмийн сэтгэхvй маш эрчтэй тархсаныг дагаад мөнгөөр юу ч бvтээж, байгуулж, амжуулж, хийлгэж болдог гэсэн хууль vйлчилдэг. Мөнгөтэй хvнийг баян гэнэ. Баян гэж хэлvvлэхийн тулд асар их мөнгөтэй байх хэрэгтэй. Цаашаа тэр хvний бусад vзvvлэлт гол биш.
Гэтэл монголчуудын нэг их холын биш сэтгэхvйд шал өөр хэмжvvр байж ирснийг эрдмийн баярын энэ өдөр зориуд сануулъя гэлээ. Зах зээлийн эрvvл нийгмийн хэрэгцээ, оюунлиг хvмvvнлэг байдлыг манай өвөг дээдэс их эртнээс мөрөөдөж шvтэж ирснийг илтгэх:
"Дээд баян эрдэм ном
Дунд баян vр хvvхэд
Адгийн баян авдар сав, алт мөнгө, адуу мал" гэсэн онч мэргэн vгс уран зохиолын тайлбар толиноо байж байх юмаа.
Vvнийг би овоо тахилга, концерт шоу, хурдны морьдыг ивээн тэтгэдэг толгой баячуудад зориуд толилуулж байна. Тэгээд ч Боловсролын нэгэн сайд нь дээхнэ зурагтаар "Овоо тахилга, концерт шоуг битгий ивээн тэтгээч ээ, боловсролд мөнгө өгөөч ээ!" хэмээн хормой дэвсэн гуйж харагдав. Зөв бөгөөд аргаа барсан гуйлга гэж vvнийг би хэлнэ.
"Дээд баян эрдэм ном, дунд баян vр хvvхэд, адгийн баян..." гэдэг энэ онч vгс эдvгээ яг эсрэгээр эргэчихээд дээд баян гэх ойлголтын утга нь төрөл арилжаад алга болжээ. Монголын нийгмийн хамгийн ядуу давхарга гэвэл нvцгэн эрдэмтэд, тэгээд ариун vйлст багш нар маань гарцаагvй орно. ШУА, төрийн мэдлийн их сургуулийн багш профессорууд дэлхийн дунджаас хамаагvй доогуур цалинжиж, модоо барьчихаад байгаа ба хичээлийн шинэ жил эхлэхээр номоо шахаж амин зуулгаа олж байна. Захирал, декан сэтэртэн нь тооноос хэтэртэл оюутан элсvvлж хахуулиар баяжаад, эднийг юун дээд баян, бvхэлдээ дундаас доошоо орсон эмзэг давхарга болжээ.
Оюуны хөдөлмөрийн vнэлэмж навсайтлаа унаж, зах зээлийн ердийн нэг бараанаас ч дор орчихоод байна. Оюунтан моодноос гарсан, багш нарын цалин захын худалдаачны орлогоос хэт бага болсон учраас багш хийх хvн мөд олдохоо болино, энэ янзаараа бол. Бензин шатахууны vнэ нэммэгц гурил, мах, эм тарианы vнэ тэнгэрт хаддаг бол шатахууны vнийг дагалдуулаад ном, оюуны бvтээлийн vнийг хэн ч нэмж зvрхэлдэггvй. Номын vнэ хамаагvй ирсэн нь эрдэм тvгээх буяны сэтгэлийнх биш, ерөөсөө хэн ч тоож авахаа больсонд байгаа юм. Хөөрхий нvцгэн эрдэмтэд эрдмийн зэрэг горилсон компанийн эздийн диссертацийг бичсэн шиг, эсвэл бvтээлийнхээ нэрийг сольж цаадуулдаа худалдаад л.
Компанийн захирал докторууд нь "Бvтээлгvй эрдэмтэн жимсгvй модтой адил" гэсэн нэгэн онч vгийг яг нотлохоор, тоо нь хэт олдоод тусдаа академи байгуулчихад хvрэлцэхvйц болжээ. "Одоо мөнгөтэй л XVH сурдаг болжээ. Гэтэл тархийг бурхан өгдөг. Хичнээн мөнгө байгаад ч ухаантай болохгvй. Хөгжилтэй орнуудад авьяастай хvнд сурах боломж олгодог. Яагаад гэвэл боловсролгvйгээр улс орны хөгжил хаашаа ч хөдлөхгvй гэдгийг аль эрт ойлгосон учраас" хэмээн Оросын нэрт зрдэмтэн Сергей Капица яг онож хэлжээ.
Монголын улс төр гэж баян ядууг тодруулдаг нэгэн лут гаж механизм байна. Бичиг vсгийн чадвар, оюуны vнэлэмж гэж ярихаа азнаад улс төрч гээд нэрлvvлээд байгаа нийгмийн нөлөө бvхий хvмvvсээс нь маажиж vзвэл мөнгөөр зодсоор УИХ-д орж ирсэн, эсвэл ТVЦ-нээс эхэлсэн худалдаагаа том дэлгvvр болгоод мөнгөө намдаа хандивлаад дvvргийн нам дарга болсон, хот хөдөөгvй овойсон их хөрөнгөтэй, азарга адуутай, ил далд лиценз, уурхайтай гэхчлэн, нэг иймэрхvv намтартай бэрдийн тулам болсон нь улс төрд зонхилж байгаад ичих айх хосолмоор. Энэ нөхөд төр барилцаад ирэхээрээ мөдхөн доктор, академич болчихсон цохиж явахад нийгэм гайхахгvй. Ийм хvмvvсийн амьдрал улам баян тансаг болж дэвжиж байгаад атаархаад яахав. Арабын нэгэн цэцэн vг буй. Тэр нь "Хvмvvс дөрвөн янз байх аж.
1) Мэддэг, мэддэгийгээ мэддэг хvн. Тvvнийг цэцэн хvн гэх бөгөөд тvvнээс суралцах хэрэгтэй.
2) Мэддэг, мэддэгийгээ мэддэггvй хvн. Тvvнийг хэнэггvй хvн гэх бөгөөд тvvнийг сэргээх хэрэгтэй.
3) Мэддэггvй, мэддэггvйгээ мэддэг хvн. Тvvнийг юм сурах хvн гээд тvvнд юм зааж өгөх хэрэгтэй.
4) Мэддэггvй, мэддэггvйгээ мэддэггvй хvн. Тvvнийг "илжиг" гэх бөгөөд хөөн явуулбаас зохино" гэжээ. Тэгвэл 100 наслахгvй байж 1000 жилийн хөрөнгө мөнгө цуглуулсан илжигнvvд Монголоор дvvрэн байгаа бус уу? Тиймvvдийг нийгмээс ховх арчих хэрэгтэй.
Одоо бидний өдөр тутмын vзэгдэл болчихоод буй ядуурал, ажилгvйдэл, орон гэргvй тэнvvчлэл, боловсролгvйдэл дээр барагдашгvй, цадаж ханашгvй их дуу хуур, урлаг уран сайхан, шоу хослон зэрэгцэн яваа нь яваандаа Монголыг дэлхийд сондгойруулж нэг мэдэхнээ дуу хөгжим, цэнгvvн шоу бялхсан ядуурлын туйл болгож мэдэхээр байна. Ингэхгvй гэвэл айл өрх бvр биш гэхэд ядахдаа саахалт хот айлын дунд нэг компьютертэй, интернэтэд ядахнаа долоо хоногт ганц удаа нэвтрэх хvсэлтэй, ахуй ба арилжааныхан бvгдээрээ наад захын англи хэлтэй, дэлхийн жишгээр зөв хооллох наад захын хэмжvvртэй, орчлонгийн тухай наад захын зөв төсөөлөлтэй болох, юуны өмнө боловсролыг толгой дээрээ тахиж, боловсролтой эрдэмтэй хvмvvсийг шигшиж орой дээрээ залах хэрэгтэй.
"Их мэдлэг бол хvний дээд чимэг мөн!" хэмээх К.Марксын лут vг бий. "Эдээр биеэ чимэхээр, эрдмээр биеэ чим!" гэх монгол нэгэн онч vг бас байна аа. Харин манай нийгэмд энэ vгсийн утга хаачсан бэ? "Гангараа" хэмээх нэгэн чамин лут ойлголт байх ба машин, гар утас, зуслангийн олон давхар хаус, уясан азарга нь гангараа болж зонхилсон өнөөгийн Монголд жинхэнэ чимэг болох эрдмээ өчvvхэн ч болов дээдлээч ээ хэмээн уриалъя. XXI зууны монголчууд бол шинжлэх ухаан-технологийн боловсролын төлөө vхэлдэх ёстойсон. Ерөөсөө боловсролын vvрэг роль нэмэгдэж, тvvний агуулга өөрчлөгдөж, чанар нь дээшилчихээд байна. Нанотехнологи, оюун ухаан-мэдлэгт тулгуурласан цоо шинэ нийгэмд амьдарч ажиллах, тvvний хурдыг даах тэсвэрлэх чадвартай монголчуудын төлөө залбиръя!
Проф.Олхонуд Д.Баярхvv
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
|
|
Сэтгэгдэл бичих