Фернандо Де Сото гэсэн нэр 1500 –гаад
оны үеэс ихэд алдаршсан юм. Испаний нэрт далайчин Фернандо Де Сото
хойд Америк тивийг нээн танихад өөрийн бүхэл хүч хөдөлмөрөө зарцуулсан
байдаг. Миссипи мөрнийг анх Америк тив дээрх зураглалд оруулж газрын
зураг дээр үлдэх түүхэн боломжыг нээсэн далайчин Фернандо Де Сотогийн
нэрээр нэрлэгдсэн нэгэн эрхэм энэ зуунд дэлхийн түүхийг өөрийнхөөрөө
бичиж явна.
Эдийн засагч Фернандо Де Сото 1941 Өмнөд Америкийн Перу улсад мэндэлжээ. Дипломатчийн гэр бүлд төрсөн Фернандог долоон настай байхад нь Перуд төрийн эргэлт гарчээ. Ингээд тэдний гэр бүлийнхэн Европруу цөлөгдсөн байна. Цөллөгөнд Сибирь рүү, эсвэл говь руу ч юмуу биш , харин Европод цөлөгдсөн нь “азтай” Фернандо Де Сото Щвейцарьт боловсрол эзэмшиж эдийн засагч мэргэжилтэй болжээ. Хэдийгээр байнга төрийн эргэлт гардаг Перуд биш Европод амьдарч, алба хашиж байсан ч хүний эх нутаг элэг зүрхнээс уяатай байдаг биз дээ. Сото 38 настайдаа Перудаа эргэн ирсэн байна. Нэр хүнд томоохон газруудад эдийн засагч, зөвлөхийн багийн ахлагч, бүр Төв банкны Ерөнхийлөгчөөр хүртэл ажиллаж байсан тэр бас л сонин амьдралтай нэгэн болох япон цагаачын хүү атлаа Перугийн Ерөнхийлөгч болтлоо өсч чадсан Альберто Фүжиморигийн хувийн зөвлөхөөр ажиллаж байв. 1992 онд төрийн эргэлтээр Фүжимори ширээнээсээ унаж, тураг ядрахаар уулаа гэдгээр Япондоо очоод орогнол хүссэн тэр үеийг болтол Сото Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан юм. 2006 онд Ерөнхийлөгч болсон Ален Гарсиа хэмээх Сотогийн гадаад гадаад харилцааны хүрээ, хэлний мэдлэг, эдийн засгийн гайхалтай чадамжийг нь ашиглахаар шийдсэн байна. Тэрбээр Фернандо Де Сото АНУ-Перу-гийн чөлөөт худалдааны гэрээ байгуулах үйл явдалд туслуулж, АНУ-ын Конгресст лобби хийлгэхээр гэрээ байгуулсан байдаг. Чөлөөт эдийн засагч, хувийн өмчийн эрхийн талаар тунхагласан энэ эрхэм дэлхий дахинд ихээхэн нэр нөлөөтэй гэгддэг. Перугийн нийслэл Лима дахь Эрх чөлөө, ардчиллын институдын тэргүүнээр ажилладаг тэрбээр одоо ч АНУ-ын анхны төрийн нарийн бичгийн дарга Мадлейн Олбрайттай хамтран ажилладаг билээ. Тэр өөрийн гаргасан онол, эдийн засгийн тогтолцооныхоо онцлогын улс орон дээрээ гайхалтай туршиж чадсан. Түүний толгойлдог институдийн ажлын үр дүнд 1.2 сая перучууд, 380 мянган компаныг хар захаас чөлөөт эдийн засгийн тогтолцоо руу шилжих үндэс суурийг нь тавьж чадсан гэж үздэр байна. Түүнээс В.Путин, Х.Карзай гээд дэлхийн томоохон удирдагч нар зөвлөгөө авдаг гэж байгаа. Дэлхийд алдартай “Капиталын нууц”, “Өөр зам” зэрэг бестсэллэрүүдийн эзэн болсон түүний Монголд ирээд сонирхолтой бас хэрэгтэй мэдээллээр дүүрэн байх биз ээ. Фернандо Де Сото бол төрийн хүнд суртлыг хүчтэй шүүмжилдэг нэгэн юм. Египит, Гаити гээд нэлээд олон оронд өөрийн төслөө хэрэгжүүлж байсан бөгөөд энгийн гаити иргэн төрийн мэдлийн газар дээр лизингээр таван жил суурьшсаны эцэст худалдан авах эрхтэй болдог. Энэ хугацаанд хүнд суртлын 65 шатыг дамжих ёстой байдгийг Египтэд төрийн мэдлийн элсэн цөлд газрын зөвшөөрөл авахын хүнд суртлын 77 шатыг давж, төр болоод хувийн 31 байгууллагын хаалгыг татдаг хэмээн тоо баримтаар нь шууд хэлдэг нэгэн. Магадгүй хүнд сурталдаа баригдсан Монголд ирээд нэгийг хэлээд л буцах биз гэж бодогдмоор.
1999 онд “Тайм” сэтгүүл түүнийг Мянганы хүмүүсийн жагсаалтад багтаахдаа Өмнөд Америк тивийн тэргүүлэх таван хүний нэг болгож байв. 2004 онд дэлхийн нэр хүнд нөлөө бүхий 100 хүний нэгээр шалгарч байлаа. Түүнийг магтаж АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган, Жорж Буш, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Коффи Аннан нар үгээ хэлж байлаа. Билл Клинтон түүнийг “Дэлхийд байгаа хамгийн алдартай эдийн засагч” хэмээж байсан байдаг. Ийм нэгэн эрхэм Азийн Монголд хөл тавих гэж байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |