- 2010 / 07 / 16
Таны хүүхэд босс болох эсэхийг бурхан биш та мэднэ
Босс хүн өдөрт маш олон төрлийн ажлыг амжуулж чадвал ашиг орлого нь
өндөр байж чаддаг. Жишээ нь нягтлан хүн тооцоогоо л бодно, барилгын
инженер хүн зураг төслөө л хийнэ. Тэгвэл дарга хүн ажилчид, санхүү зээл,
байр сав, ашиг орлого, борлуулалт, реклам сурталчилгаа, үйлдвэрлэл
үйлчилгээ, хэрэглэгч үйлчлүүлэгч, чанар чансаа, дэвшил хөгжил, цалин
мөнгө, татвар татаас гээд тоо томшгүй олон зүйлд зэрэг анхаарлаа
хандуулж, хянаж явахгүй бол байгууллагын үйл ажиллагаа доголдох гээд их
хэцүү байдаг. Тиймээс багаасаа олон төрлийн ажлыг амжуулаад сурчихсан
хүүхэд том болоод даргыг түвэггүй хийдэг.
*Дайчин хүн л ихийг бүтээж чадна
Хүүхдээ дайчин шаргуу болгохын тулд өдөрт олон ажилд татан оролцуулж,
идэвхитэй амьдруулах хэрэгтэй. Энэ хэрээр чадварлаг удирдагч болж чадна.
Өөрөөр хэлбэл өдөрт маш олон ажил амжуулж чаддаг зуршил бага байхад нь
тогтоочихвол яг тэр зуршилаараа насан турш ихийг бүтээдэг хүн болдог.
Ихийг бүтээвэл мэдээж таны хүүхэд их ашиг орлого олж, хангалуун сайхан
амьдрах болно.
Манай мэргэдийн сайхан үг байдаг. “Нас залуу, цус шингэн дээр” гэдэг.
Энэ үгийн цаад утга бол нас явж, цус өтгөрчихсөн хойно янз бүрийн юм
сурах, өөртөө янз бүрийн хэвшил тогтооход маш хэцүү болчихдог гэсэн үг
юм. Цус өтгөрөөд ирэхээр хүн удаан сэтгэж, хөдөлдөг. Дээр нь өтгөн
цустай бие маш амархан туйлддаг. Нэг үгээр хэлбэл нас залуу байхад цус
шингэн байдаг. Цус шингэн байхын хэрээр толгой тархи, бие бялдар хөнгөн
сэтгэж, ядрахгүй ажиллаж байдаг гэсэн үг юм. Тиймээс цус шингэн дээрээ
өдөрт олон зүйлийг амжуулдаг болоод зуршчихвал тэр хэвшлээрээ насан турш
явдаг байна. Амьдрал ч үүнийг үргэлж баталж байдаг. Жишээ нь таны
хүүхэд орчуулагч боллоо гэхэд хүүхэд байхдаа дайчин шаргуу болгоод
төлөвшүүлчихвэл сард нэг ном орчуулж чадна гэсэн үг. Жилд арван ном
орчуулсан нь их цалин авах уу, нэг ном орчуулсан нь их авах уу гэдэг нь
хэнд ч ойлгомжтой.
*Цаг бариад сурчихвал олон ажил амжуулах боломжтой
Хүүхдийг яаж дайчин шаргуу хүн болгож төлөвшүүлэх вэ? Юуны өмнө хүүхдийг
өдөрт нэг зүйлтэй олон цагаар зууралдаж суулгахгүй байх хэрэгтэй.
Зурагт үзсэн ч, гадаа тоглосон ч, даалгавраа хийсэн ч, гэрээ цэвэрлэсэн ч
цаг заагаад яаруулах хэрэгтэй. Жишээ нь 30 минутын дотор аяга тавгаа
угаана шүү гэж хэлээд орхих биш. Товлосон хугацаандаа дуусгаж чадах
эсэхийг та ажиглах хэрэгтэй. Тэгээд дуусах шинжгүй бол хажуугаар нь та
өөрөө биечлээд туслаад өг. Тэд ингэж цагтаа төлөвлөснөө амжуулахад нь
томчууд туслаад байвал хүүхэд их урамтай ажилладаг. Дараа нь хүүхэд
тогтсон зуршилаараа хурдан даалгавраа хийж, гэрээ цэвэрлэж, хувцасаа
угааж, гаднаас тоглож байгаад цагтаа орж ирээд сурчихдаг.
Тэгээд ч нэг ажлыг олон цагаар хийх үед хүний тархи их ядардаг. Яагаад
гэвэл нэг л төрлийн зүйл хийснээс болж мэдрэл ядаргаанд ордог. Томчууд
нь ч гэсэн нэг юмтай удаан зууралдуулахгүйн тулд өдрийн хийх ажлаа
өөрөөр хувиарлах шаардлагатай. Манайхан амралтын өдөр болохоор өнөөдөр
гэрээс гарахгүй дан гэрээ цэвэрлэнэ, хувцасаа угаана гэдэг. Энэ үед том
хүний ч, хүүхдийн ч тархи толгой амардаггүй. Сайн амрахгүй бол
маргаашийн шинэ хичээлээ ойлгохгүй ирэх аюултай. Том хүн ч ажлын бүтээмж
муутай байдаг. Тиймээс ажлын өдөр ч бай, амралтын өдөр ч бай цаг тутамд
өөр өөр зүйл хийхээр төлөвлөх хэрэгтэй. Энэ хэрээр хүүхэд олон ажлыг
зэрэг амжуулж чаддаг болж төлөвшдөг.
Манайхан болохоор ээж нь хоол хийж байна, чи даалгавраа хий, зурагтаа үз
гэдэг. Гэтэл компьютер, машин бүтээсэн тэр хөгжилтэй орны хүмүүсийг
эцэг эх нь яаж хүмүүжүүлсэн бэ? Хүүхэдтэйгээ хамтраад хоолоо хийгээд,
хувцасаа угаагаад, гэрээ цэвэрлээд, дараа нь хамтраад гадаа салхинд
алхдаг, хамт амарч тоглодог, хамтдаа хүүхэлдэйн кино үзэж, үлгэр ярьдаг.
Хүүхэд ч энэ үед амьдралд маш сонирхолтой, идэвхитэй нэгэн байдаг. Тэд
ингэж хүүхдээ хамтын хөдөлмөрөөр, анхаарал хайр халамжаараа ухаалаг хүн
болгож төлөвшүүлдэг.
Хүүхэд гэр орны, сургууль ангийн бүх ажилд идэвхитэй оролцохын хэрээр
мөн дайчин шаргуу болдог. Тиймээс хүүхдийн хүсэл санаачлагыг идэвхитэй
дэмж. Ингэж ээж аав, найз нөхөдтэйгээ хамтарч ажиллаж, тоглож наадаж,
идэвхитэй амьдрах нь хүүхдэд ч маш сонирхолтой, таашаалтай, аз жаргалтай
байдаг. Хүүхэд байхдаа олон ажлыг өдөрт амжуулдаг болчихвол яг тэр
зуршилаараа босс болоод олон салбараа хянаж, зоримог шийдвэр гаргаж
чаддаг болдог. Тэгээд ч дайчин шаргуу хүн харваас илт байдаг. Тийм л
хүнийг хүмүүс дарга болгодог. Тэгэхээр та хүүхдээ дарга болоосой гэж хий
залбирах биш харваас дарга төрхтэй гэж хүн хэлэхээр хүүхдээ болгочихвол
гарцаагүй дарга болно. Цаг заагаад түүндээ ажлаа, даалгавраа, амралтаа
багтааж хийгээд сурчихвал хүүхэд цэвэрхэн хувцастай, даалгавраа
хийчихсэн, сэтгэл санаа өөдрөг алхдаг бас сайн талтай. Хамаг юмаа
амжуулчихсан хүн толгой дээгүүр, нүүр бардам хүн рүү харж, бусадтай
чөлөөтэй харьцдаг. Энэ төрхийг л хүмүүс дарга болох хүн гэдэг.
*Бичлэн тусал
Хүүхдийг ном унш, оймсоо угаа, гэрээ цэвэрлэ, зурагтаа унтраа гэж
томчууд үглээд ямар ч нэмэргүй. Яагаад гэвэл хүүхдийн ухамсар гүйцэд
хөгжөөгүй байдаг. Хамгийн үр дүнтэй хүмүүжлийн арга бол томчууд
өөрсдийгөө дагуулан сургах арга юм. Бүгдээрээ гадаа гараад 30 минут
болоод орж ирнэ, энэ хүүхэлдэйн киног дуусангуут ээж нь зурагт унтраана,
нэг цагийн дотор хамтдаа хоолоо хийнэ, нэг цаг шоот тоглоомоор тоглоно,
нэг цаг үлгэр ярьж өгнө гэх мэтээр эхлээд томчууд төлөвлөж өгөөд, тэр
төлөвлөсөн цагтаа багтаахад нь биечлэн туслах хэрэгтэй. Нилээн хэд ингэж
тусласны дараа хүүхэд тэр тогтсон хэвшилээрээ цаашаа хийгээд явчихдаг.
Та өөрөө ч бүх ажлаа хүүхдийн дэргэд цаг заагаад, төлөвлөөд хийх
хэрэгтэй. Ингэснээр та ч зөндөө ажил амжуулсан байх болно. Гэр орон,
хувцас хунар цэвэрхэн, хоолоо гэрийнхэнтэйгээ хамтарч хийгээд,
хүүхдийнхээ хүмүүжил, тоглоом наадам, амралт, ухаан нь тэлэхэд аль
хэдийн цаг зарцуулж амжсан байна.
Та нэгэнт хүүхдээ удирдагч болгоё гэж зорьсон бол заавал бусдаас илүү
анхаарал тавьж байж санасандаа хүрэх боломжтой. Тиймээс хүүхдийнхээ
сэдсэн янз бүрийн зүйлийг идэвхитэй дэмжин тусла. Энэ хэрээр хүүхэд
дайчин шаргуу болдог. Томчууд хүсэл сонирхолыг нь дэмжихгүй бол хүүхдийн
амьдралын идэвхи буурах аюултай байдаг. Өдөр бүр идэвхитэй амьдруулахын
хэрээр хүүхэд дайчин болдог.
Зарим үед та бүр хүүхэддээ сонирхолтой зүйл сэдэж өгөөд, хамтраад хийх
хэрэгтэй. Жишээ нь таны хүүхэд зураг зурах дуртай бол дүүгийнхээ юмуу
найзынхаа төрсөн өдөрт зориулаад зураг зурах санал тавих хэрэгтэй.
Ингээд том ватман цаас аваад ханан дээр тогтоогоод харандаа, будаг
шунхыг нь бэлдэж өг. Хүүхэд дуртай ажлаа хийх үедээ маш таашаалтай
байдаг. Дээр нь зурсан зургаа хараад сэтгэлийн таашаал авдаг. Ингэж
хүүхдэд хийсэн бүтээснээсээ таашаал авдаг, бусдад анхаарал халамж
тавьдаг, зорьсондоо заавал хүрдэг, сэтгэснээ хийдэг, хүнийг хайрлаж
хүндэлдэг, бүтээлч зан чанар давхар сууж байдаг.
*Сурганы үр дүнтэй арга
Монголчуудын бас нэг алдаатай бодол бол хүүхдийн хийсвэр сэтгэлгээнд
эмзэглэдэг явдал. Хүүхэд өсвөр нас хүртлээ янз бүрийн мэргэжлийг сонгон
мөрөөдөж ярьдаг. Үүнд та эмзэглэх хэрэггүй. Энэ бол хүүхдийн эцсийн шийд
биш. Харин ч тэр мөрөөдөл хүсэл дээр нь тулгуурлаад хүүхдийн хувийн ур
чадварыг нь хөгжүүлж авах хэрэгтэй юм. Жишээ нь нисгэгч болно гэж ярих
үед нь эвлүүлдэг зурган эсвэл тоглоомон онгоц авч өгөх хэрэгтэй. Үүнийг
нь дэмжээд байвал нисгэгч болчихно гэж манайхан эмзэглэдэг буруу. Онгоц
эвлүүлж тоглосноор хүүхдийн гарын эв дүй, хөдөлгөөний хурд, сэтгээний
ур, бүтээлч сэтэхүй, зорьсондоо хүрдэг чанарууд хөгжиж байдаг. Хүүхдийн
хүсэл сонирхолыг дагуулан хувийн ур чадварыг нь хөгжүүлэх гэж яг үүнийг
хэлээд байгаа юм. Сонирхолтой зүйлдээ хүүхэд маш сайн анхаарлаа
төвлөрүүлж, тэвчээртэй хийж дуусгадаг сайн талтай. Ер нь хүүхдийг ойлгоц
сайн, хөдөлгөөний хурдтай, хариуцлагатай, зорьсондоо хүрдэг, хийж буй
зүйлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлж чаддаг, сэтгэл тавьж хийдэг зэрэг
хувийн ур чадваруудыг нь хөгжүүлчихсэн байхад ямар ч мэргэжлийг
чадварлаг эзэмшиж, ажиллаж чаддаг.
Манай томчуудын гаргадаг бас нэг алдаа бол хүүхдийн тусламжийг хааяа
авдаг. Хүүхдийг ядартал нь ажил хийлгэ, тасралтгүй юм хийлгэ гэсэн үг
биш. Өдөр бүр хийж байгаа ажилдаа туслуул, хүүхдийнхээ хийж буй зүйлд
тусал, хамтраад идэвхитэй амар, тоглож наад гэж байгаа юм. Янз бүрийн
тэмцээн уралдаанд оролцохыг нь идэвхитэй дэмжих хэрэгтэй. Өдөрт олон
янзын хүмүүстэй харьцахын хэрээр хүүхдийн хэл яриа, овсгоо самбаа хөгжиж
байдаг.
*Энгийн аргаар хөгжүүлэх
Хүүхэдтэйгээ оюуны чадамжийн дасгалуудыг |IQ-ийн бодлогууд| бодох,
овсгоо самбаа шаардсан хөгжөөнт болон спорт тоглоомууд тоглох, уулын
оргил булаалдах, усанд сэлэх болон гүйх зэргээр уралдах, компьютер
тоглоомууд тоглох, уралдаж гадаад үг болон дөрвөн мөрт шүлэг цээжлэх,
түргэн хэллэг хэлэх гэх мэтээр өдөрт янз бүрийн ажил, амралт зохион
байгуулж идэвхитэй амьдарвал хүүхдийн сэтгээ, хэл яриа, овсгоо самбаа,
хариуцлагатай байдал, бүтээлч чанар, хүнлэг ёс зэрэг чанарууд давхар
хөгжиж байдаг. Хүүхдийг төлөвшүүлж хөгжүүлнэ гэхээр манай эцэг эхчүүд
ном сурах бичиг бариад эсвэл тусгай цаг гаргаад ажиллана гэж ойлгоод
байдаг. Ажиллаж, амарч, алхаж явах дундаа л хүүхдээ төлөвшүүлэн
хөгжүүлж, хүмүүжүүлэх зорилго тавих хэрэгтэй. Жишээ нь манай эцэг эхчүүд
цаасан дээр хоёр дээр нэмэх нь хоёр гэж биччихээд хэд вэ, буруу байна
гээд хүүхдийнхээ толгойг чичлээд байдаг. Ялангуяа эцэг эхчүүд бол бага
насны хүүхдэд сонирхолтой сурганы аргыг сонгож авах хэрэгтэй. Жишээ нь
машин юмуу автобусанд явж байхдаа чамд ээж нь хоёр чихэр, аав нь хоёр
чихэр өгвөл нийлээд хэд болох вэ? гэх мэтчилэн хүүхдийг шахаж шаардсан
хандлагаар биш зугаацаж яваа маягаар чадварыг нь хөгжүүлдэг.
Манайхан хүүхдээсээ шалгалт авч байгаа маягаар сургалтаа явуулдаг. Энэ
нь хүүхдэд маш сонирхолгүй байдаг учир их идэвхигүй хариулдаг. Идэвхигүй
байхынхаа хэрээр оюуны хөгжил муу явагдаж байдаг. Жишээ нь энэ ямар
өнгө вэ гээд тулгаад асуугаад байдаг. Гэтэл сурганы зөв арга барилтай
эцэг эхчүүд хүүхдэд өнгийг маш хялбар аргаар тогтоолгодог. Жишээ нь
ээждээ тэр цэнхэр харандааг аваад өг, хар гутлаа аваад ир, шар цаастай
чихрийг нь чи өөрөө ид, улаан цаастайг нь ахдаа өг гэх мэтчилэн өдөрт
өнгө заасан хоёр гурван өгүүлбэр яриад байхад сарын дараа бүх өнгийг
хүүхэд тогтоочихсон байх жишээтэй. Дүрсийг ч мөн адил, тоог ч мөн адил
иймэрхүү амьдралтай жишээгээр ярихад хүүхэд хурдан сонирхолтой сурдаг.
Манай эцэг эхийн болон сургуулийн сурганы арга бол маш үр дүнгүй, хүүхэд
залхаасан арга юм. Амьдрал практиктай ямар ч холбоогүй хийсвэр онол
хүүхдэд заагаад байдаг. Амьдрал дээр нүдэнд харагдахгүй зүйлийг хүүхэд
сонсохоос дургүй нь хүрдэг. Танд ч гэсэн ажилд чинь хэрэг болох үгүй нь
мэдэгдэхгүй шинжлэх ухааны хэллэгүүдээр яриад байвал таны нүд анилдана
биз дээ. Тиймээс хүүхдийнхээ ойлгоцыг сайжруулахын тулд амьдрал дээр
жишээлж цаад утга учрыг нь хүүхэд сонирхож сонсохоор тайлбарлах
хэрэгтэй. Жишээ нь манайхан эцэг эх ч, багш ч нэг метр зуун смтай
тэнцэнэ гээд хийсвэр л яриад байдаг. Нэг метр гэдэг чинь ийм даавууг
хэлж байгаа юм гэж амьдрал дээр харуулах хэрэгтэй. Энэ даавууг зуун
хэсэг болгоод хуваачихвал дөрвөлжин дэвтэрийн хоёр дөрвөлжин нүд шиг
жижигхэн энэ хэсгийг нэг см гээд байгаа юм гэж тайлбарлаж өгөх тусам
хүүхдийн ойлгоц сайжирч хөгждөг. Түүнээс хийсвэр тоо их бодсоноор
хүүхдийн ойлгоц сайжрахгүй. Өөрөөр хэлбэл даалгаврын арван бодлогыг
бүгдийг нь бодохдоо гол биш амьдрал дээрх цаад утгыг нь нэгийг нь гэсэн
ойлгож чадвал ухаан нь тэлж чадна.
Аливаа юмыг хурдан сурахын хэрээр хүүхэд их дайчин зан чанартай болдог.
Энэ хэрээр мөн сэтгэх, тогтоох чадвар нь хурдан болж хөгждөг. Зөвхөн
босс ч биш бүх мэргэжлүүд дайчин шаргуу байхыг шаарддаг. Амьдрал дээр
дайчин хүн ихийг бүтээдэг. Ихийг бүтээсэн хүн их ашиг орлоготой, өндөр
цалинтай байх болно. Дайчин шаргуу хүн хангалуун сайхан амьдарч чадахаас
гадна хамгийн гол нь хийж бүтээсэн их үйлсээ хараад сэтгэлийн их аз
жаргалтай амьдардаг байна.
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
|
|
Сэтгэгдэл бичих