Хүнд байдалд орсон оюутнуудад Америк дахь монголчууд тусалж, нэг, хоёроор нь гэртээ байлгаж буй. Харин нэг оюутнаас зуучлалын хөлс гэж 1400-1650 ам.доллар, дээр нь зардал энэ тэрийг нь тооцоод өчнөөн мөнгө авсан хэрнээ очоод байрлах газар, хийх ажлынх нь талаар сайтар анхаарал тавиагүй Монголын гурван компани өөрсдийгөө өмгөөлж сууна. Уг үйл явдал АНУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлэл өгөхөд хүргэжээ. Тус яамны консул Кристофер Андерсоны ярьснаар АНУ уруу оюутан солилцооны шугамаар болон сурахаар явсан оюутны тоо хоёр дахин нэмэгджээ.
Тодруулбал, энэ оны эхний хагас жилд нийт 1582 оюутанд виз олгосон байна. Уг тоо өнгөрсөн оны мөн үед 655 байсан аж. Ер нь яамны Консулын хэлтэс 2008 оноос эхлэн хот, хөдөөгийн их, дээд сургууль, коллежиудад очиж оюутны визийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсний дүнд энэ чиглэлээр виз мэдүүлэгчийн тоо нэмэгдсэн гэнэ. Нэг үгээр, өнгөрсөн оны эхний хагас жилд 1222, энэ онд 2299 хүн оюутны виз мэдүүлжээ. Зуны ажил, аяллын хөтөлбөрийн тухайд ноднин 400 оюутан хамрагдсан бол өнөө жил 1300 болж нэмэгдсэн аж.
Энэ хөтөлбөр оюутнуудад зуныхаа амралтаар ажил хийнгээ аялах боломж олгодог байна. Өөрөөр хэлбэл, оюутнууд нарийн мэргэжил шаарддаггүй буюу амралтын газар, зочид буудал, ресторан зэрэгт ажиллаж, хэрэгцээгээ хангах хэмжээний мөнгө олдог. Бас бага хэмжээний мөнгө хадгалах боломжтой гэнэ. Түүнээс ажил олгох хөтөлбөр гэж ойлгож болохгүйг консул онцоллоо.
Мөн зуучлагч байгууллагууд хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдүүдийнхээ ажлыг урьдчилан тохиролцож, бэлтгэсэн байх ёстой. Иймээс оюутнууд зуучлагчаа сонгохдоо хариуцлагатай, нухацтай хандах хэрэгтэйг сануулсан юм. Нэг үгээр Монголын зуучлагч компаниудыг оюутнууд сонгохдоо сайтар судлах шаардлагатай бололтой. Учир нь АНУ-ын зуучлагч компаниудыг тусгай шалгуураар шалгадаг, Төрийн департаментад бүртгэлтэй учраас тэр бүр асуудал үүсдэггүй аж.
Гэхдээ “Оюутнуудыг хүлээн авч буй АНУ-ын компани тэднийг орон байраар хангах ёстой. Харин тус улсад очсон оюутнууд орон байргүй, гудамжинд хонохдоо тулсан гэдэг мэдээлэл биднийг түгшээж байна. Иймээс тэдгээр оюутан болон ар гэрийнхэн нь санал, гомдлоо баримтжуулаад Хувийн хэвшлийн солилцооны албаны www.jүisas@state.goү хаяг уруу явуулах хэрэгтэй. Бид тухайн мэдээлэл, гомдлын мөрөөр зуучлагч байгууллагад хандаж судалж, нягтлах болно” хэмээн консул Кристофер Андерсон хэлсэн юм.
Тэгэхээр дээрх гурван компаниар зуучлуулж АНУ-д очсон, ажилгүй байгаа
оюутнууд эл хаягаар хандаж болох нь.
Нөгөөтэйгүүр зуучлагч компанийн зүгээс “хэлний мэдлэг муутай оюутнуудад
ажил олдохгүй бэрхшээл гарсан” мэт ойлголт төрүүлэх мэдээлэл өгч
байгаа. АНУ-ын Элчин сайдын яам виз олгохдоо хэлний мэдлэгийн төвшнийг
нь шалгуур болгосон эсэхийг тодруулсан сэтгүүлчиин асуултад консул
“Ачаалал их учраас нэг оюутантай хоёр минут орчим хугацаанд ярилцдаг.
Сайтар бэлтгэсэн байдаг болов уу. Тиймээс хэлний мэдлэгийн төвшнийг нь
энэ хоёр минутад шалгах боломж байдаггүй. Тэгээд ч тухайн оюутан очоод
хийх ажилдаа тохирч тэнцэх төвшний хэлний мэдлэгтэй эсэхийг зуучлагч
байгууллага шалгаж, хариуцах ёстой” гэж хариулсан.
Ийнхүү үүсээд буй асуудлын талаар АНУ-ын Элчин сайдын яам байр сууриа илэрхийлж, мэдээлэл өглөө. Мэдээж энэ асуудлын учрыг олж, шийдвэрлэх биз. Гагцхүү цаашид оюутнуудыг ажил, аяллын хөтөлбөрт зуучлах байгууллагад тодорхой шалгуур тавьж байх шаардлагатайг энэ үйл явдал харууллаа. АНУ-ын зуучлагч байгууллага тодорхой шалгуураар шүүгддэг гэсэн. Тэгвэл Монголын тал зуучлагч компаниудад мөн шаардлага тавихгүй бол оюутан солилцоогоор далимдуулан ашиг олох, мөнгө “босгох” сүлжээ үүсэхийг үгүйсгэх арга алга.
Оюутнууд ч өчнөөн зардал гаргаж, цаг хугацаа зарцуулж явж байгаа
болохоор зуучлагчаа сонгож, гэрээ байгуулахдаа нухацтай хандаж, үнэхээр
ажлын байр бэлэн эсэхийг нягтлах нь чухал юм.
АНУ-ын Элчин сайдын яамны зүгээс хөтөлбөрт дүгнэлт хийж, ямар оюутан нь
очоод ажилласан, ямар нь ажилд орж чадаагүй, тус улсад “харлаж” үлдсэн
хүн байгаа эсэхийг судалсны дараа визийн шалгууртаа тодорхой өөрчлөлт
оруулах гэнэ. Тухайлбал, гадаад хэлний мэдлэг өндөр байхыг шаардах ажээ.
А.ЭНЭРЭЛ
Эх сурвалж: Дандаа.мн
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |