Энэ дагуу НХХЯ-ны дэд сайд Д.Нямхүү болон ГАХИТ-ын дэд дарга С.Энхболд нар өчигдөр тайлбар хийв. БНСУ болон Монгол Улс Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу солонгос хэлний төвшин тогтоох шалгалтыг БНСУ-ын Хүний нөөцийн хөгжлийн агентлагийн багш нар авдаг. Монголын талаас шалгалт авах, шалгалтын тестийг засах зэрэгт хүн оролцдоггүй гэнэ. Харин Солонгост ажиллах сонирхолтой иргэдийг бүртгэх болон шалгалтыг зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах, тэнцсэн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах үүргийг ГАХИТ хүлээдэг юм байна. Тиймээс дээрх иргэдийн хүсэлтийг НХХЯ-наас харгалзан үзээд Солонгосын талд хүсэлт гаргах болсноо мэдэгдлээ.
үүнд БНСУ-ын Хүний нөөцийн хөгжлийн агентлагаас авсан солонгос
хэлний төвшин тогтоох шалгалт ямар нэгэн будлиантай болсон эсэхийг
нягтлах, шалгалтын материалыг Монголын талаас хүн байлцуулж дахин
шалгах боломжтой эсэх асуудал багтаж байна.
Үүнийг энэ сарын 26-нд Солонгосоос ирэх төлөөлөгчтэй ярилцаж
шийдвэрлэхээр болсноо дуулгалаа. Хэрвээ Солонгосын тал манай хүсэлтийг
хүлээж авбал нэмж 8100 хүний нэрийг БНСУ-ын Хөдөлмөрийн биржид
байршуулах боломж бүрдэх аж. Харин иргэдээс шалгалтын хураамж болгон
авсан 26000 төгрөгийг буцаан олгох боломжгүй гэнэ. Уг хураамжийг
БНСУ-ын Хүний нөөцийн хөгжлийн агентлагаас томилогдон ирж шалгалт авсан
багш нарын болон бусад дагалдах зардалд зарцуулжээ.
Д.МЯГМАР
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |