- 2011 / 01 / 23
Монголчууд ба Оюун ухаан
Монголчуудын тухай товчхон:
Монголчууд нь хэл ярианы хувьд Урал-Алтайн язгуур хэлний Алтайн овгийн Монгол хэлний бүлэгт хамаардаг. Царай зүсний хувьд Оросын эрдэмтдийн тодорхойлсоноор Монголойд их төрхтний Кумид, Тунгид төрхтөнд хамаарагддаг. Тэд Далайн төвшнөөс дээш 1500 метрийн өндөрт орших Төв Азийн зундаа +45 хэм халдаг, өвөлдөө -55 хэм хүрч хүйтэрдэг эрс тэрс уур амьсгалтай өргөн уудам тал нутагт мал аж ахуй эрхлэн 4 улирлын туршид нүүдэллэн амьдарна. Энэхүү 100 хэмийн халуун хүйтний зөрүүг давж гарахын тулд тэд тэсвэр тэвчээртэй, хатуужилтай хүчирхэг болсон. Эрдэмтдийн нотлосноор бол хүйтэн уур амьсгалыг даван туулахын тулд хүний тархи томордог байна. Тэдэнд гар урлал бараг хөгжөөгүйтэй холбоотойгоор байнгын эд бараа материалын хомсдолтой байдаг учир юмханаар юм хийж, хэрэгцээгээ хангаж ирсэн нь тэднийг оюуны өндөр сэтгэн бодох чадвартай болгосон. Тэд үүнийгээ “Монголчлох” гэж нэрлэх нь бий.
Монголчуудын IQ:
Ирландын сэтгэл судлалын профессор Ричард Лүнн, Финландын улс төр судлалын профессор Тату Ванханен нарын хамтарсан судалгааны "IQ ба үндэстний баялаг" бүтээл 2002 онд хэвлэгдэн гарсан байна. Энэхүү судалгаагаар Монгол хүний оюуны чадавх 98 нэгжтэй нь тогтоогдож, дэлхийн 188 улс орны 21-д оржээ. Харин 2006 онд дахин судалгаа хийхэд Монголчуудын оюуны чадавхи эрс дээшилж, есдүгээр байрт жагсчээ. Таван жилийн хугацаанд ийм хурдацтай урагшилсан орон манайхаас өөр байхгүйг эрдэмтэд онцлоод "Монгол бол төрөлхийн өндөр IQ-тай хүмүүс. Харамсалтай нь улс төрийн систем нь хүмүүсээ боомилоод явуулахгүй байна. Дэлхий дээр монголын эрин үе ирж байна гэжээ.
Монголчуудын тархины хэмжээ:
Германы тархи судлаач О.Фогтс "...Хэрвээ ирэх зуунд байгалийн онцгой үзэгдэл болохгүй л бол хүн төрөлхтөн оюун ухааныг шүтнэ. Тэгвэл монголчууд гарцаагүй тэргүүлнэ. Учир нь тэдний тархи хамгийн том нь" гэсэн дүгнэлтийг гаргажээ. Том тархинаас том ухаан гардаг гэж үздэг. Учир нь эрүүл хүмүүсийн хувьд тархины хэмжээ ба оюун ухааны хооронд статистик дунджаар тооцсон эерэг корреляц хамаарал байдаг. Энэ бол байгалийн хууль юм. Ричард Лүнн, Тату Ванханен профессор нарын дэлхийн 185 орны 178 жилийн /1820-1998 он/ түүхэн материалд тулгуурлан одоогийн амьдран буй улс үндэстнүүдийн оюуны чадавхийг тооцож гаргасан бүтээлд “...Дэлхийн хамгийн өндөр оюуны чадавхтай орнууд азид, тэр тусмаа зүүн хойт азид байгаа. Тархиныхаа багтаамжаар энэ бүс нутгийнхан дэлхийд тэргүүлдэг...” гэсэн байна. Монгол эр хүний тархины дундаж хэмжээ 1382 гр бол Ленинийх 1340 гр, Европын цагаан арьстных 1330 гр, халуун орны хүмүүсийнх 1280 гр байдгийг тогтоожээ. Манай судлаач М.Туул, Л.Лхагва, Л.Самбуупүрэв нарын тогтоосноор 17-39 насны монгол эр хүний тархи 1363 орчим грамм гэсэн байдаг.
Монгол хүүхдүүдийн оюуны чадавхи:
Монгол Улсын Оюуны чадварын IQ төвөөс сүүлийн гурван жилд иргэдийн IQ-г тогтоох талаар байнга судалгаа хийж байна. Зөвхөн өнгөрсөн хичээлийн жилд гэхэд л 18000 орчим хүүхэд IQ-ийн түвшингээ 3 удаа тогтоолгож “Оюуны хөгжил-IQ” хичээлд хамрагдсан байна. 2001 онд 1198 сурагч, 790 насанд хүрэгчдийг шалгахад хүүхдийн дундаж IQ=101,1 насанд хүрэгчдийн IQ=101,4 ерөнхий дундаж IQ=101,2 байв. Дэлхийн улс орнуудаас онцгой авьяастай хүүхдүүдийг олж илрүүлэн XXI зууны суутнуудыг бэлтгэн гаргах зорилготой Шведийн эрдэмтдийн баг Монголд ирээд буцсан байна. Судалгааны багийнхан манай улсын эрдэмтэн доктор, багш нартай уулзаж санал бодлоо солилцжээ. Тэд олон сая, тэрбумаар тоологдох хүн амтай улс орнуудаас оюуны өндөр чадвартай 1-2 хүүхдийг тодруулсан бол Монголд 20 орчим байх магадлалтай гэж үзсэн.
Энэ бүгдээс үзэхэд Монголчуудыг дэлхий нийтээрээ хэдийнэ анхаараад хүлээн зөвшөөрч эхлээд байгаа аж. Яахав зарим нэгэн Оросын сайтуудыг уншиж байхад нөгөө л ах зангаараа Монголчуудыг доош хийсэн, үл ойшоосон нийтлэлүүд байж л байдаг. Гэхдээ биднийг ингэж дэлхий нийт сонирхож, үнэлж эхлэж байхад бид харин зүгээр суух биш энэ тал дээр илүү бодитой шинжлэх ухаанчаар хандаж, дорвитой судалгаа шинжилгээ хийж, илүү оюунлаг ирээдүйг бий болгох нь чухал болов уу даа
Javkhlan Dashdorj
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
|
|
Сэтгэгдэл бичих