Гишүүнчлэл
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
26.71%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
32.90%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.69%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
12.70%
Гишүүдийн булан
- 2011 / 06 / 29
Хөдөлмөрийг хүн бий болгосон
Хөдөлмөр гэж юу вэ?

Өмнөх нийгэмд “Хөдөлмөр хүнийг бий болгосон” гэх Энгелсийн үгийн буруу орчуулга олонтаа сонсогддог байлаа. Хүн дүрст мичнээс ухаант хүн үүсэхэд “ухамсарт ажил”-ын оруулсан хувь нэмрийг тодотгож буй нь тэр биз. Гэвч энэ уриа нь утгын болон үг сонголтын хувьд оновчтой байж чадахгүй. Учир нь Хөдөлмөр сонгодог утгаараа ухамсарт хүмүүн үүссэнээс хамаагүй хожуу буюу иргэншил, нийгэмжилт, чөлөөт зах зээлийн хөгжлийн явцад үүсэн бий болсон тухай дор өгүүлнэ. Тэгээд ч ажилсаг шоргоолж одоог хүртэл хөдөлмөрлөдөг, сэтгэдэг амьтан болж хувираагүй л байна. Үгийн сонголтын хувьд ч бас ярвигтай. Жишээ нь, Европийн ихэнхи хэлэнд бугуйн “Цаг”, цаг хугацааны “Цаг” хоёрыг тус тусад нь илэрхийлэх үгс байдаг. Бугуйн цагийг англиар уотч (watch), германаар армбандүүр (armbanduhr) гэнэ. Харин цаг хугацааны цагийг англиар тайм (time), германаар цайт (zeit) гэнэ. Гэтэл манайд ЦАГ гэсэн ганц үгийг хоёр огт өөр зүйлийг илэрхийлэхэд ашигладаг.
Үүний ижил, Монгол хэлний Хөдөлмөр хэмээх үгээр “ажил”, “ажлын байр”, “чөлөөт сонголтын харилцаа” гэх ойлголтуудыг давхар илэрхийлж байгаа нь ойлголтын зөрүүг бий болгодог юм. Өнөөдөр засгийн газар сарын 150 мянган төгрөгний цалинтай ажлын байр бий болгож чадна. Гэтэл залуус нь харьд зорихыг илүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл залуус тус ажлын байрыг голж байна. Тэгэхээр энэ хөдөлмөр мөн үү? Мэдээж биш.

Шинэ залуу үедээ хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй ажлын байрыг олноор нь бий болгох нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй бодлогын үр дүн байж чадах уу? Ер нь Хөдөлмөрийн зах зээлийн бодлого болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого гэж юу вэ? Өөр хоорондоо нэгэн ижил зүйл үү, эсвэл өөр өөр ойлголтууд уу? Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийн бодлого хэр зохистой түвшинд байна вэ? Өнөөгийн бидний амьдарч буй нийгэм, цаг үетэй харьцуулан эдгээр асуултуудад хариулахын тулд эхлээд хөдөлмөрийн зах зээл гэж юу болохыг томъёолъё.

Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн зах зээлийг ажил олгогч болон ажилтны хооронд үүсч буй сайн дурын харилцаануудын нийлбэр гэж тодорхойлж болно. Энэхүү харилцаа нь хүнлэг, зохистой ажлын байраар илрэх ёстой. Ажлын байр нь ажил олгогчийн хувьд ашиг олох зориулалттай хөрөнгө оруулалт бол, ажилтны хувьд өөрийн болоод гэр бүлийн амьдрах зардлыг санхүүжүүлэхэд хангалттай хэмжээний орлого олох нэгэн боломж юм.

Хүй нэгдлийн үед хүмүүс хоолоо олж идэхийн төлөө тэмцдэг байсныг хөдөлмөр гэж тодорхойлж болохгүй. Боолын нийгмийн үед дарангуйлал, мөлжлөгийн аргаар биеийн хүчийг албадан ашигладаг байсан, харин хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байв. Феодалын нийгмийн үед ч “Хөдөлмөр” гэж тодорхойлохуйц үзэгдэл хомс. Мэдээж дархан, мужаан гэх хөлсний ажилчид байсан ч тэдэнд хууль эрхзүйн хамгаалалт бараг байсангүй. Хамжлагат ёсны үед газрын эзэд тариачин, малчдын ажлын төлөөсөнд өлбөрөхгүй байхад хүрэлцэхүйц төдий хоол унд, эд материал өгдөг байв. Мэдээж ардчиллын амин сүнс болсон чөлөөт сонголтын эрх хамжлагын тариачин, малчдад байгаагүй аж.

Тэгвэл Хөдөлмөр (-ийн харилцаа) жинхэнэ утгаараа хэзээ үүсэв ээ гэсэн асуулт гарч ирж байна. Түүх сөхвөл, капитализмын түрүү үеийн Англи, Франц зэрэг оронд феодалууд олноороо дампуурч, нийгмийн давхаргын өндөрлөгөөс шахагдаж эхэлснээр уламжлалт хамжлагын тогтолцоо нуран унаж, тариачид, малчид үй олноороо үгүйрэн хоосорч эхэлжээ. Өлсгөлөн, өвчин, ядуурлаас зугтсан тэд хот, суурин газрыг бараадаж хөдөлмөрөө үнэлүүлэх зах зээл хайх болжээ. Ингэснээр шинэ капиталистуудын өмнө асар хямд ажиллах хүчийг ашиглан үйлдвэрлэлийг хөгжүүлэх маш том боломж нээгдсэн байна. Нэг талаас ажиллах хүчээ “чөлөөтэй зарах” хүсэлтэй суурьшин ирэгчид, нөгөө талаас илүү их ашиг олох хүсэлтэй шинэ капиталистууд бие биендээ “сайн дурын үндсэн дээр” татагдах болсноор хөдөлмөрийн зах зээл үүсч эхэлжээ. Хэдий албадлагын бус ч гэсэн түрүү капитализмын үеийн хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогчийн эрхийг хэт хамгаалсан хуулиар зохицуулагддаг байв. “Гинжнээс өөр алдах зүйлгүй” пролетари анги бий болсон нь нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэх аюулыг учруулах болжээ. Иймд төр, ялангуяа төрийн бодлогыг тодорхойлогч нарын дунд хүчээ авч эхэлсэн социалистууд ажилчин ангийн эрх ашгийг хамгаалсан зүй ёсны шаардлагыг тавьж тэмцсэн нь хөдөлмөрийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Учир нь үе дамжин улайрсан капиталистуудын их шунал эдийн засгийн үндсэн харилцааг гажуудуулах, улмаар ардчиллын тогтвортой хөгжилд ч аюул учруулах түвшинд хүрээд байв.

Хөдөлмөрийн харилцаа Монгол улсад

Харин манай улсын хувьд, зөвхөн феодалын төдийгүй социализмын үед “Хөдөлмөр нь чөлөөт сонголтын зарчим дээр үүсэх харилцаа” гэдэг утгаараа үүсч хөгжөөгүй байсан гэхэд хилсдэхгүй. Ялангуяа социалист нийгэмд хэн, хэзээ, хаана, хэрхэн ажиллахыг хувь хүн өөрөө биш нам засаг, эрх мэдэлтнүүд шийддэг байв. Тэр үеийн Монголын хууль хүрсэн хөгжлийн түвшиндээ хэт ахадсан, хэт аж үйлдвэржсэн нийгмийн харилцааг загвар болгосон байсан байж болох юм. “Ажлын байр хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх ёстой” гэсэн аль ч үзэл суртлаас үл хамаарах эдийн засгийн энгийн нэгэн суурь зарчим биелэлээ бүрэн олох нь ховор байсан. Харин хөдөлмөр эрхлэлтийн бодлого нь нам засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, коммунист онолын “давуу”-г харуулах гэсэн оролдлого болж хувирсан нь зах зээлийн мөн чанарыг ойлгоогүй хэт зүүний социалистуудын алдааг харуулж байв. Үнэндээ Хөдөлмөрийн харилцаа гэх ойлголт сонгодог зах зээлийн утгаараа өнөөдрийн ардчилсан Монгол оронд үүсгэлээ олж эхэлж байна гэх үндэстэй.

Эрхзүйн орчин, бодлого

Ардчилсан хувьсгалын дараах Монгол Улсад Хөдөлмөрийн зах зээлийн харилцааг шууд зохицуулах учиртай 70 орчим хууль, тогтоол, зөвлөмж болон бусад эрхзүйн акт байна. Гэсэн хэдий ч дорвитой үр дүнд хүрч чадахгүй л байна. Бид юун дээр алдаад байна вэ? Магадгүй бид Бодлогоо ойлгохгүй байгаа юм биш үү? Өнөөдөр олон хүн хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хөдөлмөрийн зах зээлийн бодлоготой хольж хутгаж андуурдаг. Улс төрчид нь ч, бодлого боловсруулагчид нь ч мөн адил цэгцтэй ойлголтоор хомс байгаа учир, бодлогоо зөв томьёолж, хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн шүүмжлэл олонтоо сонсогддог. Хөдөлмөр эрхлэлтийн асуудалд хандах зарим улс төрчдийн хандлага хэт социалист эсхүл тунхаглалын шинж чанартай хэвээр байна. Гэтэл бидний бахархан дууриах дуртай хөгжингүй орнуудад Хөдөлмөрийн бодлого судлал улам бүр нарийсан хөгжсөөр байгаа юм.

Дор үзүүлсэн зурагт Хөдөлмөрийн Зах Зээлийн Бодлого болон Хөдөлмөр Эрхлэлтийн Бодлого гэсэн хоёр тусдаа ойлголтын ялгааг үзүүлэв:

Хөдөлмөр Эрхлэлтийн Бодлого нь бие даасан саланги эд биш. Харин энэ нь бодлогуудын найрал юм. Ардчилсан төрийн бодлого боловсруулагчид Төрийг олон төрлийн хөгжмийн зэмсгийг удирдаж буй Удирдаач гэж харж сурсан тохиолдолд л бид хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг ойлгож, зөв томьёолж, бодлого боловсруулж бас хэрэгжүүлж чадна.

Хөдөлмөрийн Зах Зээл (ХЗЗ)-ийн Бодлого:

• ХЗЗ-ийн эрхзүйн орчин: хөдөлмөрийн болон хөдөлмөр эрхлэлтийг шууд дэмжих хууль

• ХЗЗ-ийн идэвхитэй бодлого: ажилгүй иргэдийг дахин сургах, хөдөлмөр зуучлал

• ХЗЗ-ийн идэвхигүй бодлого: ажилгүйдлийн тэтгэмж

ХЗЗ-ийн бодлого амжилтанд хүрэх эсэх нь Хөдөлмөр эрхлэлтийн бодлого буюу суурь орчин хэр бүрдсэн бэ гэдгээс хамаарна. Үнэндээ Хөдөлмөр эрхлэлтийн бодлого нь өөрөө цогц зүйл бөгөөд, Жижиг дунд үйлдвэрийн, Төсөв, санхүүгийн, Татварын, Мөнгөний, Валютын ханшны тогтолцоо, Цалин, хөдөлмөрийн хөлсний, Нийгмийн халамжийн, Худалдааны, Аж үйлдвэржилтийн, Бүс, орон нутгийн, Боловсролын гэх зэрэг бодлогуудын зохистой нийлэмж болно. Гэвч бодлого тус бүрээр ойлголт, судалгаа, төлөвлөлт, хэрэгжилт гэх үе шатуудыг харгалзан, зах зээлийн эдийн засгийн суурь зарчмуудтай хэр нийцэж байгаад дүгнэлт өгөх шаардлагатай. Жишээлбэл:

 Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг боловсронгуй болгох

Эхний ээлжинд Хөдөлмөрийн зах зээлийн бодлого болон Хөдөлмөр эрхлэлтийн бодлогоо ялгаж салгаж сурах хэрэгтэй байна. Дараа нь макро орчны бусад бодлогууд хоорондоо хэр зохицож, нийцэж бас зангидагдаж байна, тэдгээрийн нийцэл нь хэр байгааг олж харж, дүгнэж сурах хэрэгтэй болов уу. Өөрөөр хэлбэл, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд зөвхөн хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтанд чиглэсэн хууль тогтоомж, баримт бичгүүд дээр анхаарал хандуулах бус, харин дээр дурьдагдсан бусад бодлогын хүрээнд батлах хууль тогтоомж, зорилго чиглэлүүд нь хөдөлмөр эрхлэлтийн зохистой харьцааг дэмжиж байгаа эсэхийг болон тэдгээр нь урт, дунд болон богино хугацааны зорилго зорилтуудын хүрээнд хэр тодорхой, ойлгомжтой байж, өөр хоорондоо нийцэж буйг мөн анхааран харах хэрэгтэй юм.

Ардчилсан нийгэмд улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хангагч гол хүч нь ажилтай, орлоготой дундаж давхарга байдаг. Түүнчлэн ажлын байрны дийлэнхи хэсгийг (80%) жижиг дунд үйлдвэрүүд бий болгож, улмаар экспортын болон татварын орлогын зонхилох (80%) хэсгийг бүрдүүлдэг. Монгол Улс ч яаралтай энэ загварт шилжих ёстой. Харамсалтай нь ЖДҮ-ийн талаархи ойлголт хэт ерөнхий, ЖДҮ хөгжих орчныг бүрдүүлэх талаар төр маш хангалтгүй ажиллаж байгаа юм. Ялангуяа нэгдсэн, цогц судалгааг гүйцэтгэж, улмаар далайцтай хөтөлбөр боловсруулах замаар нөөц боломжийг бүрэн идэвхижүүлэх, нийгмийг манлайлах чадвар сул байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд /дээрхи хүснэгт/ зорилгын эрэмбийг тогтоох замаар, хувийн хэвшил ялангуяа ЖДҮ-ийн хөгжлийг урт хугацаанд тогтвортой хангах орчныг суурийг тавих нь чухал юм. Нийгмийн оролцогч талуудын хооронд ойлголцлыг жигдлэх шаардлагатай. Иймэрхүү нийгмийн ойлголцлыг хөхиүлэх замаар судалгааны үндэслэлтэй бодлого боловсруулж амжилтанд хүрсэн орнууд байна. Жишээ нь, Голланд болон Ирланд улс ХЗЗ-ийн идэвхигүй бодлогоос зоригтой татгалзаж, идэвхитэй бодлогод хөрөнгө хүчээ оновчтой хаяснаар богино хугацаанд ажилгүйдлийг бууруулж чадсан юм. Ер нь төрийн оролцоог зоригтой хумьж, хувийн хэвшилд илүү эрх чөлөө, боломжийг нээж өгөх нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хамгийн тогтвортой загвар гэдгийг өрсөлдөх чадвар сайтай, Сингапур, Дани гэх зэрэг жижиг орнуудын туршлага бэлээхэн нотолж байна.

Эцэст нь дүгнэхэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэдэг маань маш олон хүчин зүйлсийн оролцооноос бүрдэнэ. Нэн түрүүнд нам инфляци, экспортын баримжаатай жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг чухалчилж, шийдвэр гаргаж байх нь зүйтэй. Өнөөдрийн УИХ, ЗГ аас гарч буй шийдвэрүүд нэг нь нэгнээ үгүйсгэсэн, цаг зуурын шинжтэй байх нь бий. Жишээ нь, хэт үрэлгэн төсвийн бодлого нь инфляцийг хөөргөдөж, үүний эсрэг авч буй хатуу мөнгөний бодлого нь бодит секторыг боомилж ажлын байрыг устгаж байгаа юм. Иймд эдийн засгийн бодлого шийдвэрийн гол цөм, эрхэм зорилго нь хөдөлмөр эрхлэлт, бизнесийн тогтвортой орчин гэдгийг улс төрчид ч, сонгогчид ч ойлгох нь чухал байна.

www.economicclub.mn

Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2024 / 12 / 14
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын ахисан шатны мэргэшүүлэх, эрчимжүүлсэн сургалтын хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн (24/12/03-12/14) #A044 элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-A) түвшний сертификат олгосугай.
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B440 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/11/11-11/29) #B439 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
- 2024 / 11 / 29
-2024 / 11 / 29
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/21-11/08) #B438 (21 хоног | онлайн ба танхим хосолсон анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B437 (21 хоног | танхимын анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
-2024 / 11 / 09
Монголын Хүний Нөөцийн Институтийн (MHRI) Хүний нөөцийн удирдлагын үндсэн сургалтыг бүрэн дүүргэсэн (2024/10/14-11/01) #B436 (21 хоног | Онлайн анги) элсэлтийн дараах төгсөгчдөд (MHRI Level-B) түвшний сертификат олгосугай.
HR Фото