Сило Алманса хэмээх Испани бүсгүй цэвэрлэгээний бүтээгдэхүүн гаргадаг Эколайн компанид ажилд горилогчийн анкет бөглөж өгчээ. Тэрээр гурван өдөр үргэлжилсэн олон янзын уралдаан тэмцээн бүхий өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын үйл явцын үеэр унаж, бусад оролцогчдод гишгүүлэн нуруундаа хүнд гэмтэл авсан тул тус компанийг шүүхэд өгсөн байна.
Алманса “Сонгон шалгаруулалтын үеэр ажил горилогчдыг сэдэлжүүлэх хичээл орсон бөгөөд тус сургалтанд хамрагдаж байгаа 40-50 хүнийг борлуулалт сайн хийх сэдэл өгөх, сэтгэлийг нь хөөргөх зорилготой байсан юм. Шалгаруулалт хийж буй менежер шалан дээр мөнгө тавихад хүмүүс цасан нуранги шиг түрэн дайрцгаасан. Би хөдөлгөөнгүй зогссон байсан ч мөн адил дарагдах байсан” хэмээжээ. Ослын дараа Алманса түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрээр босож чадахгүй хэдэн өдөр эмнэлэгт хэвтэж, хоёр сарын турш согог заслын бүс зүүжээ. Эколайн компани түүнийг ажилд авсан боловч туршилтын хугацаанд тэнцээгүй хэмээн сарын дотор ажлаас нь халжээ. Тэрээр гэмтлийн улмаас бүтэн жилийн турш эмчилгээ хийлгэсний эцэст бүрэн эдгэрсэн байна.
Дэлхий даяар байгууллагууд шилдэг ажилтнуудыг олохын тулд шалгаруулалтын өвөрмөц арга барил хэрэглэх болсон. Хүний нөөцийн мэргэжилтнүүд энэ тухай “Цагдаа хүчний байгууллагад биеийн хүч шалгасан шалгаруулалт хэрэгтэй ч “Эколайн” компанийн хувьд энэ төрлийн шалгаруулалт шаардлагагүй байсан” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.
Сүүлийн үед компаниуд илүү нарийн, хүнд сонгон шаогаруулалт хийх болсон талаар хүний нөөцийн мэргэжилтнүүд “Дэлхийн хэмжээний компаниуд хувь хүний чадвар, зан аашийг нь чухалчилхаа больсон. Харин ирээдүйн шаардагдах ур чадвар, тэдгээрийг хөгжүүлэхийн тулд юу хэрэгтэйг илүү сайн ойлгодог болсон. Тэд сайн манлайлагч, менежер эсвэл дунд шатны сайн менежер, дэлхийн хэмжээнд ажиллаж чадах мэргэжилтэнг хүсдэг болсон тул өвөрмөц сонгон шалгаруулалтын явцууд илүү түлхүү хөгжиж байна” гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: МХНИ-н #HumanCapital удирдагчийн сэтгүүл
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |