Өдрийн үхмэл бүс ба уян хатан ажлын сорилтууд
Орчин үеийн хосолсон болон зайнаас ажиллах хэв маяг дэлхий дахины ажиллах цагийн хязгаарыг өөрчилж, уламжлалт 09:00 - 18:00 цаг хүртэлх ажлын өдрийг аажмаар үгүй хийж байна.
Microsoft-ийн хийсэн судалгаагаар орчин үеийн ажлын орчинд “гурван оргилт” хэмээх сонирхолтой үзэгдэл ажиглагджээ. Ажилтнуудын гарын хөдөлгөөн өглөө, үдээс хойш идэвхжихээс гадна орой 10 цаг орчим дахин огцом нэмэгддэг байна. Харин 16:00–18:00 цагийн хооронд хурал товлогдох нь өнгөрсөн онтой харьцуулахад 7 хувиар буурсан байна.
“Triple peak” буюу гурван оргилт гэдэг нь орчин үеийн ажилтнуудын ажлын бүтээмжийн идэвхжил тодорхой гурван үе шаттайгаар өсдөг үзэгдлийг хэлдэг. Microsoft-ийн судалгаагаар дараах гурван оргил үе ажиглагджээ:
- Өглөөний оргил — Уламжлалт ажил эхлэх цаг буюу 9:00–11:00 орчимд хүмүүс хамгийн идэвхтэй ажилладаг.
- Үдээс хойших оргил — Ихэвчлэн 14:00–15:00 цагийн хооронд дахин идэвхжил өсдөг.
- Оройн оргил — Гэнэтийн гурав дахь оргил нь орой 21:00–22:00 цагийн үед ажиглагддаг бөгөөд хүмүүс өдөртөө завгүй байсан ажлуудаа гүйцээж, мэйлд хариу бичих, тайлан боловсруулалт хийх гэх мэтээр дахин ажилдаа ордог.
Энэ нь уламжлалт 09:00-18:00 цагийн ажлын загвар өөрчлөгдөж, уян хатан байдал давамгайлж байгааг харуулдаг шинэ хандлага юм.
Уян хатан байдлын давуу талууд
Ажил ба амьдралын тэнцвэрийг дэмжих
Ажилчид 16:00-18:00 цагийн хооронд хувийн үүрэг хариуцлагаа (хүүхэд харах, биеийн тамир, түгжрэлээс зайлсхийх гэх мэт) биелүүлдэг бөгөөд үүнийгээ оройн цагт нөхөж ажиллахыг хүсдэг. Тэд өөрийн хуваарийг удирдах эрх чөлөөг үнэлж, энэ нь тэдний урам зориг, бүтээмжийг нэмэгдүүлдэг.
Ядаргааг бууруулах
Уян хатан завсарлага нь өдөржингийн ядаргааг даван туулахад тусалдаг. Ажилчид хувийн хэрэгцээгээ хангаж, завсарлага авч сэргэсний дараа бүрэн идэвхтэй, урам зоригтой ажлаа үргэлжлүүлдэг.
Ажилчдын тогтвор сууршилийг нэмэгдүүлэх
Уян хатан ажлын зохион байгуулалт нь ажил хайгчид болон ажилчдын хамгийн их үнэлдэг давуу тал болж, ажилчдын шилжилтийг бууруулдаг. Жишээ нь, Komet USA компанийн гүйцэтгэх захирал Мерседес Айсинена уян хатан байдлын ачаар ажилчдын шилжилт хөдөлгөөнийг 50%-аас 15%-д бууруулсан байна.
Уян хатан байдлын сорилтууд
Хуваарь зохицуулах хүндрэлүүд
Цагийн бүсийн ялгаа, багийн гишүүдийн офлайн байх нь яаралтай асуудлыг шийдвэрлэхэд саад учруулж, бүтээмжийг бууруулдаг.
Ажлаас халшрах хам шинж (Burnout)
Уян хатан завсарлагаас болж ажил уртасч, байнгын бэлэн байдал нь ажил ба амьдралын хил хязгаарыг үүлтүүлж, ядаргаанд хүргэх эрсдэлтэй.
Урам зориг буурах
Стандарт бус цагт ажиллах нь дотоод урам зоригийг бууруулж, бүтээмжид сөргөөр нөлөөлж болзошгүй.
Хувийн сахилга батын чадварын хязгаарлалт
“Бид бүгд том хүн учраас өөрийгөө удирдана” гэсэн ойлголт буруу байж, бүх хүн тогтмол өндөр урам зоригтой байдаггүй.
Ажлын орчны дасан зохицол ба стратегиуд
Тодорхой дүрэм журам тогтоох:
Уян хатан байдлыг бүх ажилтанд тэгшээр хамааруулж, уулзалт зохион байгуулах цагийг хязгаарлах, хувийн цагийг хүндэтгэх зэргээр тогтвортой дүрэм баримтлах.
Асинхрон* харилцааг дэмжих:
Асинхрон харилцаа гэдэг нь харилцагч талууд нэгэн зэрэг, бодит цаг дээр (real-time) харилцах шаардлагагүйгээр мэдээлэл солилцох хэлбэр юм.
Технологийн тусламжтайгаар газар зүйн байршил, ажиллах цагийн ялгаанаас үл хамааран хамтын ажиллагаа, суралцагчдын хөгжлийг дэмжих. Жишээ нь, Deloitte US бичлэгтэй сургалтуудыг ашиглаж байна.
Тэмдэглэгээг ашиглах:
“#criticalnow” гэх мэт тэргүүлэх ач холбогдлыг харуулах тагийг и-мэйл болон харилцааны хэрэгслүүдэд ашигласнаар чухал даалгавар, мэдээллийг түргэн ялгах боломжтой болгодог. (criticalnow* гэдэг нь “одоо яаралтай анхаарах ёстой” гэсэн утгатай тэргүүлэх ач холбогдлыг илтгэх тэмдэглэгээ буюу таг (tag) юм.)
И-мэйл, мессеж, ажлын даалгавар зэрэг харилцаа холбооны хэрэгслүүдэд ийм тэмдэглэгээг ашигласнаар багийн гишүүд тэр дор нь анхаарал хандуулах ёстой, цаг хугацааны хувьд нэн чухал даалгавар, мэдээллийг илүү амархан ялгаж таних боломжтой болдог.
Товчоор хэлбэл, “#criticalnow” нь:
Яаралтай, түргэн шийдвэрлэх шаардлагатай
Өнөөдөр эсвэл ойрын хугацаанд гүйцэтгэх ёстой
Эрхэм чухал үүрэг даалгавар эсвэл мэдээллийг илэрхийлдэг тусгай тэмдэг юм.
Ийм маягаар ашиглах нь ажлын урсгалыг илүү үр дүнтэй зохион байгуулахад тусалдаг.
Дөрвөн өдрийн ажлын долоо хоногийг турших:
Ажилчид оффист илүү урт цаг ажиллаж, ажлын өдрийн тоог багасгах бодлогыг туршиж, бүтээмж, ажилчдын сэтгэл ханамжид үзүүлэх нөлөөг судлах.
Өдрийн цайны завсарлагаа өөрийн хүссэнээр тохируулах:
Ажилчдын хувийн хэрэгцээнд нийцүүлэн завсарлагаа уртасгах, биеийн тамир, гэр бүлтэй цаг өнгөрүүлэх боломж олгох.
Сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих:
16:00-18:00 цагийн хооронд виртуал амралт, анхаарал төвлөрүүлэх дасгал, эрүүл мэндийн сургалт гэх мэт сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх.
Өдрийн “үхмэл бүс” болон уян хатан ажлын хэв маяг нь шинэ үеийн ажлын орчныг тодорхойлж байна. Энэ нь ажилчдын хувийн хэрэгцээг хүндэтгэх, бүтээмж, сэтгэл ханамжийг дээшлүүлэх зэрэг олон давуу талтай ч зохистой зохион байгуулалт, тодорхой дүрэм журамгүй бол сорилтуудыг дагуулж болзошгүй юм. Байгууллага, удирдлагууд эдгээр шинэ нөхцөлд амжилттай дасан зохицож, ажилчдаа эрүүл, идэвхтэй, бүтээлч байлгахуйц орчин бүрдүүлэх нь чухал байна.
Салбарын анхдагч | Мэргэжлийн мэргэшсэн | Хамгийн өргөн гадаад харилцаатай | Монголын Хүний Нөөцийн Институт | 7000-1075 | 8000-1075 | 9000-1075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |