Зарим их дээд сургуулийг нэгтгэхээр боллоо
Энэ тухай БСШУ-ын сайд Ё.Отгонбаяр мэдээллээ. Дөрвөн чиглэлээр
бүтцийн өөрчлөлт хийх бөгөөд эхнийхэд нь бие даан үйл ажиллагаа явуулж
байгаа зарим сургуулийг их сургуулиудад нэгтгэхээр болсон байна. МУИС-д
Улаанбаатарын их сургууль, Гааль-эдийн засгийн дээд сургууль, Худалдаа,
үйлдвэрийн дээд сургуулийг, ШУТИС-д Барилгын коллеж, Дархан-Уул аймаг
дахь Техникийн коллежийг, СУИС-д Дүрслэх урлагийн дээд сургууль, Кино
урлагийн дээд сургууль, Радио, телевизийн дээд сургууль, Соёлын дээд
сургуулийг нэгтгэлээ. Мөн долоон их сургуулийн харьяа 12 сургууль
байдаг. Тусдаа сургалт байгаа энэ сургуулиудад сургалтын орчин тааруу,
стандартын шаардлага хангадаггүй гэж үзэж үндсэн сургуулийнх нь
бүрэлдэхүүн сургууль болгохоод шийдлээ. Архангай аймаг дахь Багшийн
коллежийг МУБИС-ийн салбар, МУИС-ийн Орхон аймаг дахь сургууль, Завхан
аймаг дахь Эдийн засгийн сургуулийг МУИС-ийн салбар сургууль болголоо.
Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуулийг
ШУТИС-ийн, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь аймаг дахь Анагаах ухааны
коллежийг ЭМШУИС-ийн салбар сургууль болгохоор шийдэв. Түүнчлэн бүс
нутгийн төлөвлөлттэй уялдуулж, Баян-Өлгий аймаг дахь Багшийн коллежийг
МУБИС-ийн харьяаллаас гаргаж, Ховд их сургуулийн салбар болголоо. Харин
ХААИС-ийн Орхон аймаг салбар сургуулийн үйл ажиллагааг зогсоож байгаа
аж. Энэ сургуулийн оюутнуудыг Орхон аймаг дахь МУИС-ийн салбар
сургуульд, заримыг нь Улаанбаатар дахь ХААИС-д шилжүүлэн сургана. Дээд
боловсрол олгож байгаа шаталсан сургалттай сургуулийг мэргэжлийн
боловсрол сургалтын байгууллага болгож үйл ажиллагааг нь өөрчлөхөөр
шийдсэн байна. Тухайлбал: Монгол Солонгосын коллеж, Үйлдвэрлэл урлалийн
сургууль, Улаангом коллеж, Ховд аймаг дахь Алтайн бүсийн салбар
сургуулийг дагнасан мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болгож, энэ
хичээлийн жил дуусгаад дээд боловсрол эзэмшихээр сурч байгаа оюутнуудыг
нь ШУТИС, ХААИС-д шилжүүлэн сургах юм. Үйлдвэрлэл урлалийн сургуульд
дээд боловсролын чиглэлээр 74, Улаангом коллежид дээд боловсрол олгох
ангид 167 оюутан сурч байгаа юм байна. Баянхонгор аймаг дахь Худалдаа
үйлдвэрлэлийн дээд сургуулийн салбар сургуулийг үйл ажиллагааг зогсоож,
энэ хичээлийн жил дуусгаад оюутнуудыг нь Улаанбаатар дахь ХҮДС-д
шилжүүлэн сургана. Дорнод дээд сургуулийг зүүн бүсийн төв сургууль болж
өргөжих ёстой гэж үзсэн, Хөгжим бүжгийн коллеж шаталбар сургалттай учир
бие даасан хэвээр үлдэж байна. Удирдлагын академи, Төмөр замын дээд
сургууль хуучин статусаараа үлдэж байгаа юм. Харин Цагдаагийн болон
Үндэсний тагнуулын академи, Хилийн цэргийн болон Батлан хамгаалахын
дээд сургуулийн бүтцийн өөрчлөлтийн асуудлыг Батлан хамгаалах, ХЗДХ-ийн
сайд, ТЕГ-ын дарга нарыг судлан тодорхой хугацааны Засгийн газарт
оруулахыг даалгажээ. Төрийн өмчит их дээд сургуулиудад бүтцийн өөрчлөлт
хийж байгаа учир оюутнуудыг шилжүүлэн сургах, багш нарыг шилжүүлэн
ажиллуулах асуудал гарч ирж байгаа юм. Энэ тухай БСШУ-ны сайд
Ё.Отгонбаяр хэлэхдээ, ямар нэг цомхотгол хийхгүй. Оюутнууд хот руу
шилжих ирэх тохиолдол гарч байгаа учир санхүүгийн бэрхшээл гарч
болзошгүй учир сургалтын төрийн сангаас дэмжлэг үзүүлнэ. Сургуулиудын
сургалтын орчныг сайжруулах, лаборатори техник хэрэгслээр хангах, багш
нарын мэргэжил дээшлүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг 2010 оны төсвийн
тодотголоор шийдүүлэх, АХБ-ны зээл тусламжаас санхүүжүүлэх арга хэмжээ
авна гэлээ.
Ш.Эрдэнэчимэг
Эх сурвалж: МОНЦАМЭ