Уулзалтын үеэр даатгалын мөнгийг нэмье гэж ярихыг урьтал болголгүй бодлого болон эмнэлгийн үйлчилгээг чанаржуулахад анхаарах хэрэгтэйг онцолж байлаа.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар “Иргэд мөнгөө төлснийхөө хариуд эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байна. Энэ нь эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн буруу биш. Үүнд шийдвэр гаргах түвшний хүмүүс буруутай. Уул уурхайгаас орох орлогыг хүн амынхаа эрүүл мэндэд яаж зарцуулах талаар Засгийн газар дорвитой зүйл сэдэхгүй байна” гээд уг даатгалыг “аврах” ажлыг иргэд, бизнес эрхлэгчидтэй хамтран хэлэлцэх нь чухал байна гэлээ.
Энэ үеэр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой МҮЭ-ийн холбооноос “Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн асуудлаар нийгмийн түншлэлийг бэхжүүлэх” тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд дараах ажлыг хийхээр тусгасан байна.
1.ЭМД-ын тогтолцоог шинэчлэх, бодлого боловсруулах үйл явцыг нийгмийн түншлэгч талуудын хоорондын зөвшилцлийн зарчмаар хэрэгжүүлнэ.
2.ЭМД-ын тогтолцоог шинэчлэх үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн түншлэлийг бэхжүүлэх хөтөлбөрийг боловсруулан гаргана.
3.ЭМД-ын салбар дахь нийгмийн түншлэл, зөвшилцлийн үйл явцад дэмжлэг үзүүлэх ажлын алба, мэргэжлийн ажлын хэсгүүдийг байгуулж, ажиллах боломж нөхцөл бүрдүүлэхэд нөлөөлнө.
4.ЭМД-ын тогтолцоог боловсронгуй болгон хөгжүүлэхэд олон улсын түншлэгч байгууллага, шинжээчдийн тусламж, дэмжлэг авах, бусад улс орнуудын үр өгөөжтэй дэвшилтэт арга туршлагыг судлах ажлыг өргөжүүлж, түншлэлд оролцогч талуудын чадавхийг бэхжүүлнэ.
5.ЭМД-ын тогтолцооны хөгжлийн асуудлаар сонирхогч байгууллага, хандивлагчид, хамтрагчдын оролцоотой Үндэсний чуулга уулзалтыг тогтмол зохион байгуулна.
2010 онд хувийн болон улсын эмнэлгийн хувьсах зардлын хэмжээг адил болгох зорилтыг холбогдох байгууллагууд тавьжээ. Тиймээс оношийн бүлэг өргөн дэлгэр байхаас гадна эмчлэх боломжтой бүх оношийн бүлэгт мөнгө төлдөг байх хэрэгтэйг онцлов.
Үүнээс гадна Эрүүл мэндийн даатгалын карт бий болгоод ашигт малтмалын орлогоос иргэдэд өгөх мөнгийг байршуулж болох гэнэ. Ингэснээр иргэд эрүүл мэндийн үйлчилгээг төвөггүй авах үр дүнтэй аж. Гэхдээ ямар эмнэлгээр үйлчлүүлэхээ тухайн хүн сонгох эрхийг олгох хэрэгтэй талаар санал хэлсэн юм. Мөн иргэдэд Эрүүл мэндийн даатгал ямар чухал гэдгийг ойлгуулах, сурталчлах, мэдлэг олгох нь чухал гэдгийг уулзалтад оролцогчид хэлж байв.
О.Булгантамир
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |