Дампууралд хүргэж байгаа гол шалтгаан нь удирдлага төлөвлөлт байхгүй, дотоод болон гадаад орчноос нөлөөлж байгаа хүчин зүйлд оновчтой хариу үйлдэл үзүүлж чаддаггүй, ирээдүйгээ харсан зөв шийдвэр гаргадаггүй гээд байнга эрсдэлээ тооцож, төлөвлөж хэрэгжүүлдэг, эрсдэлийн менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн байгууллага амжилтанд хүрч чадаж байгааг 2009 оны 10 дугаар сарын “Harvard Business Review” сэтгүүлийн судалгааны тайланд тусгасан байсан.
Ихэнхи бизнес эрхлэгчийн хувьд бизнесийн ашиг, орлогод түлхүү анхаарч хөрөнгө оруулах шийдвэрээ гаргаж өдөр тутмын үйл ажиллагааг удирдан ажилладаг хэдий ч тэр бүр ирээдүйн бий болох гадаад болон дотоод орчноос бий болж байгаа хүчин зүйл, саад бэршээлийг тооцож чаддаггүйгээс болж нэг мэдэхэд томоохон тулгамдсан асуудалд ордог.
Нөгөөтэйгүүр ирээдүйд учирч болох эрсдэлийг урьдчилан харж, шийдвэрлэх эрсдэлийг удирдах төлөвлөгөө, хяналт хэрэгжилтийн тогтолцоо байдаггүйгээс орлого буурах, алдагдалд орох, бизнесийн үйл ажиллагаагаа зогсоох хүртэлх асуудал тулгарсаар байна.
Эрсдэл гэж юу вэ? Энэ нь ирээдүйд тохиолдох тодорхой бус байдал бөгөөд тухайн тодорхой хугацаа өнгөрөхөд бий болох үр дагаварыг хэлнэ. Хувь хүн, байгууллага, бизнесийн салбар, нийгэм улс оронд ирээдүйд юу тохиолдохыг шууд тодорхойлж чадахгүй, гэхдээ таамаглаж болно. Таамаглал нь хэр бодитой болохыг тохиолдож болох магадалын түвшингээр л илэрхийлж чадна. Ирээдүйд болох үйл явдал нь хувь хүн та өөрөө, байгууллагын удирдлага, салбарын түвшинд шийдвэр гаргаж байгаа сайд, улс орны бодлогыг боловсруулж байгаа улс төрчид, шийдвэр гаргах албан тушаалтан нар ямар шийдвэр гаргаж байгаа, хэрхэн удирдаж ажилласанаар тодорхойлогдоно.
Хувь хүн та, байгууллагын удирдлага, төрийн түшээд бүгд өдөр бүр шийдвэр гаргадаг. Заримдаа буруу шийдвэр гаргасныг сүүлд нь ойлгож ухаардаг. Шийдвэр гаргахдаа оновчтой сонголт хийхийг хэлдэг. Олон хувилбар, сонголтуудаас зөвийг нь тооцоолж сонгож чадвал зөв шийдвэр гардаг байна. Сонголтуудын ашигтай байх магадлалын түвшингээр аль нь өндөр байна гэдгийг хөрөнгө оруулалтын шинжилгээ хийж тооцдог бол сонголт бүрийн цаана хэрэгжүүлэхэд ямар саад, бэрхшээл учирч болох, түүнийг удирдаж даван туулж чадах эсэхийг эрсдэлийн шинжилгээгээр тооцож гаргадаг. Өөрөөр хэлбэл оновчтой сонголт хийх шийдвэр гарахдаа сонголт тус бүрийн ашиг болон эрсдэлийн хамтад нь уялдуулан тооцоолдог байна.
Эрсдэлийн шинжилгээ гэж юу вэ? Сонголт, хувилбаруудыг боловсруулахад судалгаа хийгдсэн байх хэрэгтэй. Судалгаа хийхэд анхдагч болон хоёрдогч эх сурвалжаас мэдээлэл олж авдаг. Эрсдэлийн шинжилгээ хийхэд олж авсан мэдээлэлд анализ буюу дүн шинжилгээ хийж үр дүнг тодорхойлон илэрхийлэхэд чиглэгдэнэ. Нөгөөтэйгүүр ирээдүйд тохиолдох тодорхой буй байдлыг таамаглан тооцоолоход чиглэгдсэн эрсдэлийн чанарын ба тоон шинжилгээний үр дүн юм. Таамаглалыг тохиолдох магадалын хувь хэмжээгээр илэрхийлдэг. Удирдлагын орчин үеийн хандлагад эрсдэлийг тооцохдоо аливаа үйл явдал хэзээ ч тохиолдохгүй гэж болохгүй гээд “тохиолдож болох магадлал бага” гэх буюу тодорхой хувь хэмжээгээр илэрхийлж “хэзээ ч” гэсэн ойлголтыг байхгүй болгох хэрэгтэйг гэж тодорхойлжээ.
Эрсдэлийн шинжилгээг хийхдээ байгууллагад шууд ба шууд бус байдлаар нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлох шаардлагатай байдаг. Эрсдэлийг тодорхойлохдоо байгууллагад дотоод орчноос бий болсон эрсдэл, гадаад орны эрсдэл гэж ангилж авч үздэг. Дотоод орчны эрсдэлд байгууллагын санхүүгийн эрсдэл, техник технологийн эрсдэл, үйл ажиллагааны эрсдэл гэж үндсэн ангилал байдаг. Байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа гадаад орчны эрсдэлийн ангилалд нийгэм, байгаль орчин, эдийн засаг, зах зээл, хууль эрх зүй, зах зээлийн эрсдэлүүд гэж ангилдаг байна.
Тухайн байгууллага, салбарын онцлог шинжээс хамаарч бизнесийн үйл ажиллагаанд аль аль нь шууд ба шууд бус хамаарлаар тулгамдсан асуудалд хүргэдэг.
Эрсдэлийн менежмент гэж юу вэ?
Салбарын онцлогтой уялдуулан судалгааны хамрах хүрээ, аргачлалыг боловсруулж байгууллагын дотоод ба гадаад орчны эрсдэлийг тодорхойлдог. Тодорхойлсон эрсдэлийн хамрах цар хүрээ буюу далайц, тохиолдох тоо хэмжээ буюу давтамжийг эрсдэлийн тоон ба чанарын шинжилгээний тусламжтай тооцож эрсдэлийн үзүүлэх үр дагаварын түвшингээр ангилдаг.
Эрсдэл бүрийн харилцан хамаарал буюу корилляцийг тооцож эрсдэлийг бий болгож байгаа эх үүсвэр буюу шалгаан, нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлж эдгээрийг арилгах, бууруулах, давах туулах тактик, стратегийг боловсруулдаг. Үүнийг эрсдэлийг бууруулах хариу үйлдэлийн төлөвлөгөөний хүрээнд бүрэн тооцоолж боловсруулдаг байна.
Эцэст нь уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байнгын үйл ажиллагаатай эрсдэлийн шинжээч, эрсдэлийн менежерийн тусламжтай хяналт, мониторинг хийж эрсдэлийг удирдаж үйл ажиллагааг сайжруулж байдаг.
Бизнесийн байгууллагын эрсдэлийн менежмент буюу Enterprise risk management (ERM) нь 2000 оноос хойш бизнесийн бүх салбар хурдацтай нэвтэрч эхэлсэн. Учир нь глобалчлал, улс орны эдийн засаг, нийгэм, улс төрийн өөрчлөлт, хөгжиж байгаа улс орнуудын эдийн засгийн хурдацтай өсөлт, салбарын өрсөлдөөн зэргээс шалтгаалан бизнесийн орчинд бий болж байгаа шууд ба шууд бус эрсдэлийн хамрах цар хүрээ байнга өөрчлөгдөж байна.
Иймд бизнесийн байгуулага нь цаашид оршин тогтнох, өрсөлдөхийн тулд гадаад болон дотоод орчны өөрчлөлтөөс бий болж байгаа эрсдэлийг цаг алдалгүй тооцон удирдаж тогтмол шинэчлэлт, өөрчлөлт зөв хийх шаардлагатай байгаа учраас орчин үеийн эрсдэлийн менежментийн арга барилыг эзэмшиж, бизнесийн ажил хэрэгт нэвтрүүлэх зайлшгүй хэрэгтэй байгаа юм.
эх сурвалж: ireport.mnТанд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |