КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ (CORPORATE GOVERNANCE), ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ
Компанийн удирдлагыг компанийн засаглал гэж ойлгодог байсан цаг өнгөрч, хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага болон тухайн компанийн нийт ажилтан албан хаагчид, бэлтгэн нийлүүлэгчид, худалдан авагчид, хэрэглэгчид гээд бүх оролцогч талуудын харилцааг зөв удирдан зохицуулах үйл ажиллагааг КОМПАНИЙН САЙН ЗАСАГЛАЛ гэж нэрлэх болжээ.Олон улсын орчин үеийн хөгжлийн чиг хандлага болон гадаад, дотоодын бизнесийн салбарын өрсөлдөх чадвар биднийг цаг хугацаа алдалгүй компанийн сайн засаглалыг бэхжүүлэхийг шаардаж байна.
Хамгийн анх 1599 онд Англи, Голландын хамтарсан EastIndia нэртэй компани байгуулагдаж байсан бол Монгол улсад 1990 оноос аж ахуй нэгж, компаниуд үүсгэн байгуулагдаж эхэлсэн түүхтэй. Гэвч бид компанийг ёсоор нь ажиллуулж чадахгүй өдийг хүрчээ.
Компанийн удирдлагыг компанийн засаглал гэж ойлгодог байсан цаг өнгөрч, хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага болон тухайн компанийн нийт ажилтан албан хаагчид, бэлтгэн нийлүүлэгчид, худалдан авагчид, хэрэглэгчид гээд бүх оролцогч талуудын харилцааг зөв удирдан зохицуулах үйл ажиллагааг КОМПАНИЙН САЙН ЗАСАГЛАЛ гэж нэрлэх болжээ.
Компанийн сайн засагалыг хэрэгжүүлсэнээр хувьцаа эзэмшигчид өөрсдийн эрхийг хэрэгжүүлэх бодит бололцоогоор хангагдахын зэрэгцээ, стратеги удирдлагыг хэрэгжүүлэх, үр ашигтай хяналт явуулах, бүх хүнд эрх тэгш хандах бүрэн бололцоо олгодгоороо ач холбогдолтойгоос гадна компанид ил тод, нээлттэй байдал, ажлын гүйцэтгэлийн чанар, тайлагналт, гүйцэтгэлийн үнэлгээ, хяналт, шагнал урамшуулал, хариуцлагын тогтолцоог зөв зохион байгуулах боломжийг олгодог давуу талтай.
Компанийн засаглал гэж юу вэ?
Компанийн засаглал КЗ гэж компанийг хэрхэн удирдах, чиглүүлэх, хянах, хууль, тогтоомж, дүрэм, журам, тогтсон дэг жаяг, процессийг багтаасан нэг цогцыг хэлнэ. КЗ-д компанитай ажил, амьдралаараа холбоотой олон хүмүүсийн хоорондын харилцаа, компанийг удирдан чиглүүлэх зорилго мөн хамаарна. КЗ-ийн гол оролцогчид нь хувь нийлүүлэгчид хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх удирдлага, төлөөлөн удирдах зөвлөл захирлуудын зөвлөл байна.
КЗ олон сэдвийг хамардаг ч хувь нийлүүлэгчид өмчлөгч-ийн эрх ашгийн үүднээс төлөөлөл хэрэгжүүлэх, тэдний өмнө үүрэг хариуцлага хүлээхтэй холбогдолтой асуудлыг хамгийн чухалд авч үздэг. КЗ-ийн систем нь хувь нийлүүлэгчдийн баялгийг өсгөх, компанийн эдийн засгийн үр ашгийг хамгийн боломжит хэлбэрээр дээшлүүлэхийн төлөө ажилладаг.
Тодорхойлолт
1. Компанийг удирдах, хянах үйл явц.
2. Өмчлөх эрх, удирдан хяналт тавих эрхийг салган тусгаарлахтай холбогдон гарч ирж байгаа олон асуудлыг судалдаг эдийн засгийн шинжлэх ухааны нэг салбар.
КЗ-ийн эрх зүйн баримт бичгүүдэд хууль тогтоомжоос гадна компанийн дүрэм, дотоод журмууд орно.
Компанийн тавьсан зорилго, түүнд хүрэх арга зам, үйл ажиллагаанд тавих хяналт ямар байхаас хамаарч КЗ-ийн бүтэц бий болох ба бүтцээс хамаарч зохицуулалтын дүрэм, журам, хэрэгжүүлэх механизм гарч ирдэг.
КЗ нь компанийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу явж байгаа эсэх, байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах, өөрчлөлт хийхийн тулд бүх оролцогчдыг бүрэн мэдээллээр хангах, мэдээлэл хүргэх арга замыг сайжруулахад зориулагддаг. КЗ нь бүх оролцогчдыг тухай бүр, ижил тэгш мэдээллээр хангах, авсан мэдээлэл дээрээ үндэслэн оролцогчдын ажиллах боломжийг хангаж өгдөг механизм юм.
Үндсэн зарчим
Төлөөлөн удирдах зөвлөл ТУЗ нь КЗ-ийн гол оролцогч нь байдаг. ТУЗ-ийн үүрэг хариуцлагад компанийн хөгжлийн стратегийн баримт бичгийг боловсруулах, дотоод дүрэм журмыг тогтоох, гүйцэтгэх удирдлагыг томилох, компанийг удирдах, гүйцэтгэх удирдлагыг шагнаж урамшуулах, өмчлөгч болон эрх бүхий байгууллагын өмнө компанийн үүрэг хүлээх чадварыг баталгаажуулах зэрэг үйл ажиллагаа багтдаг.
КЗ-ийн бүх оролцогчдод компанийн үйл ажиллаанд шууд буюу шууд бусаар нөлөөлөхүйц сонирхол үүсч байдаг. ТУЗ-ийн гишүүд буюу захирлууд, менежерүүд, ажилчид ажил хийснийхээ төлөө цалин, шагнал, урамшуулал авах ба хувь нийлүүлэгчид компанид оруулсан хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртдэг байх ёстой.
Сайн КЗ-ийн үзүүлэлтүүд:
- үнэнч шударга байдал
- итгэлтэй байдал
- бүрэн төгс байдал
- нээлттэй байдал
- ажил хэрэгч байдал
- үүрэг хариуцлага хүлээх байдал
- харилцан хүндэтгэл үзүүлэх байдал
- байгууллагын төлөө гэсэн зүтгэл
ТУЗ-ийн гишүүд, менежмент ямар засаглалийн загварыг сонгож хэрэгжүүлсний үр дүнг дүгнэж байх нь чухал юм. Гүйцэтгэх удирдлага үнэнч шударга, сонирхолын зөрчилгүй, ёс зүйтэй байсан тохиолдолд санхүүгийн тайланг үнэн зөвөөр тайлагнаж чадна.
КЗ-ын анхаарлын төвд байх гол асуудлууд:
- Байгууллагын санхүүгийн тайланг гаргах бэлтгэл ажлын удирдлага,
- Дотоод хяналт болон аудиторын бие даасан байдал,
- Компанийн удирдлагын шагнал, урамшуулал,
- ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх процесс,
- ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагын ажил үүргээ биелүүлэх нөхцөл бололцоог хангах байдал,
- Эрсдэлийн менежментийн удирдлага,
- Ноогдол ашиг хувиарлах бодлого.
Хэрэгжүүлэх механизм ба хяналт
КЗ-ийг хэрэгжүүлэх механизм ба хэрэгжилтэд тавих хяналт нь ёс зүйгүй байдал, тодорхойгүй байдлаас үүсэх муу үр дагаврыг багасгахад чиглэгдсэн байдаг. Жишээ нь, менежерийн үнэнч шударга, өөртөө итгэлтэй, нээлттэй, ажил хэрэгч байдлаар ажиллаж байгаа эсэхийг менежерээс хөрөнгө оруулагчдад өгч байгаа мэдээллийн үнэн зөвийг хөндлөнгийн гуравдагч этгээд /аудитор/-ээр баталгаажуулах замаар хянаж болно.
Дотоод КЗ-ын хяналт
Дотоод КЗ нь компанийн үйл ажиллагааг удирдан байгууллагын зорилго, зорилтыг биелүүлэхийн тулд байх ба дараах арга хэмжээг багтаана:
- ТУЗ -өөс компанид тавих хяналт: ТУЗ өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд компанийн хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж, менежерүүдийг ажилд авах, ажлаас халах, шагнах эрхээр хангагдсан байх ёстой. ТУЗ ээлжит хурлуудыг хийж байх нь цаг тухай бүр компанид тулгарч буй асуудлуудыг илрүүлж, хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг олох боломжийг олгодог. Төлөөллийн буюу компанийн гүйцэтгэх удирдлагад ордоггүй ТУЗ-ийн гишүүд нь бие даасан байх бөгөөд тийм ч идэвхтэй КЗ-ын хэрэгжүүлэгч байж чаддаггүй. ТУЗ-ийн бүтэц, зохион байгуулалт компани бүрд өөр өөр, тухайн компанийн онцлогт тохирсон байх ёстой. Компанийн гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих ТУЗ-ийн чадавхи нь бодитой мэдээлэл авах үүрэг функцтай шууд холбоотой байдаг. Компанийн гүйцэтгэх удирдлагад оролцдог ТУЗ-ийн гишүүд нь шийдвэр гаргах процессын талаар хамгийн их мэдлэгтэй байдаг тул менежерүүдийн үйл ажиллагаа, тэдгээрийн гаргаж буй санхүүгийн холбогдолтой шийдвэрүүдэд хяналт тавихад илүү тохиромжтой байдаг. Тэгэхээр Компанийн гүйцэтгэх удирдлагад оролцдог ТУЗ-ийн гишүүд нь санхүүгийн асуудлаас гадна түүнээс цаадхи асуудлыг харах боломжтой байдаг гэж хэлж болно.
- Шагнал урамшуулал: Үйл ажиллагааны үр дүнгийн шагнал нь хувь хүн тус бүрийн ажлын үр дүн дээр үндэслэн цалингийн тодорхой хувиар хэмжигдэх ёстой. Энэ нь бэлэн болон бэлэн бус мөнгөн хэлбэрээр байж болно. Үүнд хувьцаа, хувьцааны санал, жилийн үр дүнгийн шагнал, бусад тэтгэмж байж болно. Гэхдээ эдгээр нь хүмүүст ажлын урам өгдөг ч хувь хүнийг алдаа гаргах, хувийн ашиг сонирхолоор ажиллах гэх мэтээс бүрэн сэргийлж чаддаггүй.
2000 он, 2002 онд “Global Investor Opinion Survey” байгууллагын 200 томоохон хөрөнгө оруулагчдаас авсан судалгаагаар судалгаанд оролцогчдын 80 хувь нь сайн засаглалтай компанийн ТУЗ-ийн гишүүдэд илүү шагнал, урамшуулал төлөхөд бэлэн байна гэж хариулжээ. Шагналын хэмжээ зах зээл, салбараас хамаарч өөр өөр байх боловч хамгийн бага буюу Канадын компаниудад 11 хувь байхад Морокко, Египет, ОХУ-ын компаниудад 40 хувь байна.
Ихэнх ТУЗ-ийн гишүүдийн ажлын үр дүн тэдний компанидаа эзэмшдэг хувьцааны тооноос хамаардаг байна. ТУЗ-ийн гишүүдийн эзэмшлийн хувь 20-оос их бол тэд хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг нэмэгдүүлэх биш, баталгаажуулахын төлөө ажиллаж эхэлдэг байна.
Аудитын хороо
/ТУЗ-ийн дотоод зохион байгуулалт, ТУЗ-ийн хороодын тухай хэсгийг үзнэ үү./
Гадаад КЗ-ын хяналт
Гадаад хяналт гэдэг нь хувь нийлүүлэгч болон хөрөнгө оруулагчдийн зүгээс компанийн үйл ажиллагаанд тавих хяналт юм. Жишээ нь:
- Өр, авлага барагдуулах асуудал,
- Хөндлөнгийн аудит,
- Олон нийтийн хяналт,
- Компанийг худалдах, шилжүүлэх, нийлүүлэх,
- Зах зээлийн өрсөлдөөн,
- Менежерүүдийн хөдөлмөрийн зах зээл.
Тулгарч буй асуудлууд
- Санхүүгийн тайлан: Санхүү, нягтлан бодох бүртгэл, данс хөтлөлт нь ТУЗ, гүйцэтгэх захирал, хөрөнгө оруулагчийн хоорондын харилцаа холбооны хамгийн чухал асуудал байдаг. Төгс бус санхүүгийн бүртгэл нь төгс бус КЗ-ын эхлэл болдог. Үүнийг аудитын тусламжтайгаар засч залруулж болно.
- Мэдээллээр хангагдах: Хувь нийлүүлэгчид, ялангуяа жижиг хувь нийлүүлэгчид үнэн зөв мэдээллээр хангагдахгүй байх нь шууд буюу шууд бус зардлыг үүсгэдэг. Үүнийг засч залруулах арга зам нь бодитой зах зээлийн прогноз /мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчийн гаргасан зөвлөмж гэх мэт/ байх бөгөөд энэ прогнозийн дагуу хувьцаа эзэмшигч эзэмшиж буй хувьцаагаа чөлөөтэй арилжих боломжтой байх явдал юм.
- Хяналт тавих: ТУЗ-ийн үйл ажиллагааг хянах, гаргаж буй шийдвэрт нь нөлөөлөхийн тулд жижиг хувьцаа эзэмшигчид нэгдэж санал өгөх эрх бүхий /хурлын шийдвэр гаргах, захирал томилох зэрэг асуудал дээр/ бүлэг үүсгэх боломжтой байх явдал юм.
Нягтлан бодогчийн үүрэг роль
КЗ-ийн системийн үр дүнтэй, зөв хэрэгжих гол үндэс нь санхүүгийн тайлан гаргах, түүнийг тайлагнах юм. Хөрөнгийн зах зээлд оролцогчдод мэдээлэл өгөгч нь нягтлан бодогчид, аудиторууд байдаг. ТУЗ нь менежментийг хууль, тогтоомжын дагуу ёс зүйн хэм хэмжээ, бусад нөхцөл болзолд тохирсон санхүүгийн мэдээллийг гаргаж өгдөг байх хариуцлагыг хүлээж, санхүүгийн тайланг чадварлаг аудитороор баталгаажуулдаг байх ёстой.
Одоогийн хэрэглэгдэж буй нягтлан бодох бүртгэлийн систем нь байгууллага санхүү бүртгэлийн ямар арга замыг хэрэглэх вэ, ямар шалгуур үзүүлэлтүүдийг ашиглах вэ гэдэгт компани өөрсдөө сонголт хийх өргөн боломжийг олгодог. Энэ нь гүйцэтгэлийг сайжруулж харагдуулах боломжийг бүрдүүлэх бөгөөд мэдээлэл авагчийг илүү зардал гаргахад хүргэж болно. Бүр цаашилбал мэдээллийг хаалттай болгох, нуун дарагдуулах тохиолдол ч гардаг.
Хөндлөнгийн аудит хийж буй компани, аудит хийж буй компанийн менежментэд давхар зөвлөгөө өгөх тохиолдол байдаг. Энэ нь захиалагчдаа тал засах, тэдний даралт шахалтад орох гэх зэргээс болж санхүүгийн тайлангийн үнэн зөв, төгс байдлыг алдагдуулахад хүрдэг. Үүнээс сэргийлэх ганц зам нь санхүүгийн тайлангийн хэрэглэгч нь /ТУЗ, хувь нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчид/ аудит хийх компани, менежментэд зөвлөгөө өгөх компаниудыг сонгох, зөрчил гаргасан бол гэрээг цуцлах эрхтэй байх юм.
Санхүүгийн тайланг буруу ташаа гаргах, худал мэдээлэл тараах, аудитын компани аудит хийж буй компанийн менежментийн шахалтад орсноос ямар үр дагаварт хүрдэгийн тод жишээ нь АНУ-ын Энрон фирм, түүний аудитор Артур Андерсон компаниудын дампуурал юм.
Гэхдээ санхүүгийн тайланг үнэн зөв, бүрэн төгс гаргасан ч хэрэглэгч санхүүгийн тайлангаар өгсөн мэдээлэлд сайн боловсруулалт хийхгүй бол КЗ сайн хэрэгжиж чадахгүй.
КЗ-ын моделиуд
Англи-Америкийн модель
Дэлхий даяар КЗ-ын олон хэлбэрүүд байдаг. Тэдний дундаас нилээд либерал хэлбэр болох Англи-Америкийн улсуудад түгсэн хэлбэр нь хувь нийлүүлэгчдийн эрхийг илүү хамгаалсан байдаг. Төв Европ, Японд хэрэглэгддэг КЗ-ын хэлбэр /координацийн/ нь ажилчид, менежер, хэрэглэгч, нийлүүлэгч болон нийгмийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Энэ хоёр модельд аль алинд нь өрсөлдөхүйц давуу талууд байдаг. Либерал модель нь үнийн өрсөлдөөн, эрс шинэчлэлт /ололт амжилт, шинэ технологи/-ийг дэмждэг бол координацийн модель нь чанарын өрсөлдөөн, шаталсан шинэчлэлтийг хэрэгжүүлэхийг зорьдог.
АНУ-д компанийг Захирлын зөвлөл ЗЗ удирддаг. ЗЗ-ийн гишүүд захирлууд тус бүр хувь нийлүүлэгчдийн хурлаас сонгогдож, хувь нийлүүлэгчдийн өмнө хариуцлага хүлээнэ.
ЗЗ нь Ерөнхий захирал /ихэнхдээ CEO гэдэг/-ыг сонгодог. CEO нь ЗЗ-ийн гишүүн байх бөгөөд ЗЗ-өөс олгосон эрхийн хүрээнд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулах өргөн хэмжээний эрхтэй байх боловч, өөрийн шууд харьцдаг албан тушаалтнуудыг ажилд авах, ажлаас халах /эрх бүхий албан тушаалтнууд/, мөнгө өсгөх, өөр компани худалдан авах, компанийг нийлүүлэх, томоохон хөрөнгийн зарцуулалт, өртөг ихтэй төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг гол гол асуудлууд дээр ЗЗ-ийн зөвшөөрлийг авдаг. ЗЗ-ийн бусад эрх үүрэгт бодлого тодорхойлох, шийдвэр гаргах, менежментийн үйл ажиллагаанд хяналт тавих, корпораци /компани/-ийг удирдах зэрэг ордог.
Дутагдалтай тал: Жижиг хувьцаа эзэмшигч ЗЗ-ийн гишүүдийг сонгох, чөлөөлөхөд дангаараа санал гаргах боломжгүй байдаг. CEO-ийн үйл ажиллагаанд хяналт тавих ёстой ЗЗ-ийн гишүүд нь эргээд CEO-ийн эрхшээлд орох хандлагатай байдаг. Зарим ЗЗ-ийн гишүүд нь өөр компанийн CEO байдаг нь сонирхлын зөрчил үүсгэдэг гэж зарим судлаачид үздэг.
Координацийн модель
Зарим Европын орнуудын компаниудад ТУЗ, Захирлуудын зөвлөл тусдаа байдаг. ТУЗ нь хувь нийлүүлэгчдийн хурлаас сонгогдож, компанийг удирдах, гүйцэтгэх удирдлагад хяналт тавих үүрэгтэй ажилладаг. Захирлуудын зөвлөл нь гүйцэтгэх удирдлага буюу компанийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэдэг. ТУЗ дарга Chairman, Захирлуудын зөвлөлийг гүйцэтгэх захирал даргалдаг. Энэ нь гүйцэтгэх удирдлагын хэрэгжүүлдэг менежмент, ТУЗ-ийн хэрэгжүүлдэг засаглалыг салгаж өгдөг. Ингэснээр эрх мэдлийн хувиарлалтыг цэвэр салгаж өгөх бөгөөд бүх эрх мэдэл нэг хүний гарт төвлөрөх, сонирхолын зөрчил бий болохоос сэргийлдэг гэж үздэг.
Координацийн модель нь зүүн өмнөд Азийн орнуудад гэр бүлийн эзэмшлийн компаниудад ихэвчлэн байдаг. 2000 онд хийсэн судалгаагаар Зүүн өмнөд азийн орнуудад 15 гэр бүл нийт биржээр хувьцаагаа арилждаг компаниудын хөрөнгийн дийлэнхийг эзэмшдэг гэж гарсан байна. Филлиппин, Индонезид топ 15 гэр бүл хувьцаат компаниудын 50-иас дээш хувийг гэр бүлийн сүлжээгээр дамжуулан эзэмшдэг ба хөрөнгийн зах зээл дээр давамгайлдаг байна. Гэр бүлийн эзэмшлийн компаниуд мөн Итал, Франц, Испани, Бразил, Мексик, Өмнөд Америкт давамгайлдаг.
ТУЗ-ийн дотоод зохион байгуулалт, ТУЗ-ийн хороод
ТУЗ-ийн хороод нь ТУЗ-ийн хурлын хооронд ТУЗ-ийн хурлаас гадуурх үйл ажиллагааг хангах зорилгоор байгуулагдан ажилладаг. ТУЗ-д хэдэн хороо, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг компанийн онцлог, тухайн үеийн шаардлагыг харгалзан ТУЗ өөрөө байгуулдаг. Хороод, тэдгээрийн үүрэг хариуцлагыг компанийн дүрмээр зохицуулж өгдөг.
Хороодын тухай
1. Асуудал хэт төвөгтэй, ТУЗ шууд шийдвэрлэх боломжгүй, судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай тохиолдолд хороог байгуулж болно.
2. Компанийн гол үйл ажиллагааг хариуцсан байнгын хороодыг байгуулж болно. Байнгын хорооны эрх үүргийг дүрэмд зааж өгсөн байх ёстой. Мөн богино хугацаанд тухайн асуудлыг шийдвэрлэж болох тохиолдолд түр хороог байгуулж болно.
3. Хороод бодлого боловсруулж ТУЗ-ийн хурлаар шийдвэрлүүлдэг байна.
4. Хороод нь ТУЗ-ийн гишүүдийн мэдлэг, чадвар, цаг хугацаа, зүтгэл, олон урьгалч үзэл санаа, санаачлагыг бүрэн дүүрэн ашиглах ёстой.
5. Хороодын гишүүн тус бүр өөр өөрийн үүрэг хариуцлагатай байна. Нэг нь нөгөөгөө орлохгүй. Гишүүд тэгш эрхтэй байна. Хорооны гишүүд ажилтны бус захирлын түвшинд ажиллана.
6. Хороод нь сар бүр, хоёр сард эсвэл гурван сард нэг удаа хуралдаж болно. Хороодын хурал ТУЗ-ийн хурлын хооронд байвал илүү тохиромжтой.
Хороодыг байгуулах
1. Хороо нь тодорхой зорилготой байна.
2. Хороо 2-оос дээш, жишээ нь 3 гишүүнтэй байх нь хамгийн тохиромжтой.
3. ТУЗ-ийн нэг гишүүн 2-оос дээш хорооны гишүүн байж болохгүй.
4. ТУЗ-ийн хурал болгон дээр хороодын дарга нар өнгөрсөн ТУЗ-ийн хурлаас хойшхи ажлын тайлангаа тавина.
5. ТУЗ-ийн гишүүн бус /гадны эсвэл компанийн холбогдох ажилтан/ хүн хорооны гишүүн байж болно.
6. Хорооны даргыг ихэнхдээ ТУЗ-ийн дарга томилдог.
7. Хэрэв хороодын хурал үр дүнтэй болж байвал ТУЗ-ийн хурлын хоорондын зайг уртасгах боломжтой болдог.
8. ТУЗ-ийн дарга хорооны гишүүн байж болох боловч үүнд маш болгоомжтой хандах хэрэгтэй.
Байж болох хороодын жагсаалт
Хороод
Үүрэг роль
ТУЗ-ийн хөгжлийн ТУЗ-ийн үүрэг роль, бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох:
төлөвлөгөөг өөрчлөх, хороодыг бий болгох, ТУЗ-ийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх,
зарим тохиолдолд нэр дэвшүүлэх хорооны үүргийг гүйцэтгэдэг.
Үнэлгээний Компанийн зорилго, зорилт, үйл ажиллагаа, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэрэгжүүлж буй программд үнэлэлт дүгнэлт өгөх, дата анализ хийх, өөрчлөх.
Гүйцэтгэх ТУЗ-ийн үйл ажиллагааг нийтэд нь удирдан зохион байгуулна:
ялангуяа их ачааллын үед хурлуудын хооронд ажиллаж хурал дээр тайлангаа тавина. ТУЗ-ийн дарга, хороодын дарга, гишүүдтэй зөвлөлдөн ТУЗ-ийн ажлыг зохион байгуулах, гүйцэтгэх захирлын ажлын үр дүнг дүгнэх.
Санхүүгийн Санхүүгийн төлөвлөлтийг удирдаж, хянана. Ихэвчлэн санхүүгийн асуудал хариуцсан ТУЗ-ийн гишүүн удирддаг. Компанийн орлого, зарлагад хяналт тавина.
Маркетингийн Зах зээлийн боломж, хэрэглээг тодорхойлох, түүнд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, программыг тохируулах, сурталчилгаа, худалдааны программыг боловсруулах.
Хүний нөөцийн Хүний нөөцтэй холбогдолтой дүрэм, журмыг боловсруулах ажлыг удирдана, хэрэгжилтэд хяналт тавина. Зарим тохиолдолд Гүйцэтгэх захирлын ажлын үр дүнг дүгнэнэ. Компанийн удирдлагад манлайлал, менежментийн асуудал дээр зөвлөнө.
Бүтээгдэхүүн/программын хөгжлийн Үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх механизмыг боловсруулах ажлыг удирдана. Үйлчилгээнд үнэлэлт дүгнэлт өгнө. Программын хэрэгжилт дээр ТУЗ, ажилчдыг холбож өгнө.
Олон нийттэй харилцах Компанийг олон нийтэд сурталчлах, компанийн эерэг нэр хүндийг бий болгох, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй харьцах.
Аудитын Компанийн гол функцууд дээр аудит хийх ажлыг төлөвлөх, аудитийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх.
Ёс зүйн Компанийн удирдлага, нийт ажилчдыг ёс зүйтэй байлгах хөтөлбөрийг боловсруулж, мөрдүүлэх.
Шагнал урамшууллын ТУЗ-ийн гишүүд, менежмент, ажилчдын цалин, үр дүнгийн шагнал, урамшууллын хэмжээг тогтоох санал боловсруулах.
Нэр дэвшүүлэх ТУЗ-ийн гишүүдэд дутагдаж байгаа мэдлэг, туршлага, арга барилыг олж тогтоох, ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлэх, шинэ гишүүнийг сургах.
Зарим тохиолдолд ТУЗ-ийн хөгжлийн хорооны дэд хороо болж ажилладаг.
Судалгааны Компанийн үйл ажиллагааны талаар шийдвэр гаргахад хэрэгтэй судалгааг явуулах, дата цуглуулах.
Сайн КЗ-ыг хэрэгжүүлэх хэрэгсэл, арга зам
Сайн КЗ-ыг хэрэгжүүлэх, бий болгох үндэс нь Ёс зүйн дүрэм, Үйл ажиллагааны менежмент /Performance management/ хоёр юм.
Үйл ажиллагааны менежмент нь байгууллага өмнөө зорилго /зорилт/ тавих, тавьсан зорилго /зорилт/-доо хүрэхээр хийж байгаа ажлыг зохион байгуулах, үр дүнг хэмжих процесс юм. Беннис “Удирдагчид зөв юм хийдэг бол менежерүүд юмыг зөв хийдэг” гэж хэлсэн байдаг. Компанийн үйл ажиллагаанд сайн хяналт тавих, үнэлгээ өгөх нь компанийн удирдлага илүү мэдлэг, мэдээлэл олж авах, тохиолдож буй саад бэрхшээлийг олж илрүүлэх, компанийн зорилго, зорилтыг тодорхойлоход дөхөм болдог. Үйл ажиллагааны менежмент, хяналт тавих, үнэлгээ өгөхийг хослуулснаар шилжилтийн буюу хөгжиж буй улс орнууд хөгжингүй улс орнуудын хөгжлийг ч гүйцэж болно гэдгийг Өмнөд африкийн бүгд найрамдах улсын жишээ харуулж байна.
Үйл ажиллагааны менежмент сайн КЗ-ыг тогтоох, улам сайжруулах, үр дүнг нь хэрэглэгчдэд хүргэх гол хүчин зүйл болдог ч амжилтын үндсэн үзүүлэлтүүдийг орхигдуулдаг. Ингэснээр бүрэн дүүрэн амжилтад хүрэх нь дутагдалтай байдаг.
Үйл ажиллагааны менежментийг төгс болгодог гол хэрэгсэл нь Уялдуулсан үзүүлэлтийн систем /Balanced scorecard/ юм. Уялдуулсан үзүүлэлтийн систем нь байгууллагын зорилт, амжилтын үзүүлэлтүүд, үр дүнгийн үзүүлэлтүүдийг тодорхойлж, байгууллагын стратегийг санхүү, хэрэглэгч, үйл ажиллагаа, сургалт гэсэн гол хэсгүүдэд хуваан авч үздэг.
Энэ системийн гол агуулга нь компанийн үйл ажиллагааны санхүүгийн болон санхүүгийн биш үзүүлэлтүүдийг нэгтгэсэн явдал юм. Тоогоор үзүүлж болдог болон болдоггүй үзүүлэлтүүд, мөн материаллаг болон материаллаг бус хөрөнгүүдийг хооронд нь уялдуулах, ингэсэнээр үйл ажиллагааг бүхэл цогцоор нь зөв хэмжиж, дүгнэлт өгөх боломжийг олгодог.
Уялдуулсан үзүүлэлтийн систем нь удирдлагын шинэ хандлага, шинэ онол болон хөгжиж, дэлхийн томоохон болон дунд хэмжээний компаниуд өөрсдийн үйл ажиллагаандаа өргөн нэвтрүүлж байна.