Ажлын байрны шинжилгээ, хүний нөөцийн төлөвлөлтийн үндсэн дээр хичнээн хүн шинээр авах шаардлагатай вэ гэдгийг мэдэж болно. Өөрөөр хэлбэл, хүний нөөцийн менежментийн эдгээр үе шатууд нь хоорондоо харилцан уялдаа холбоо бүхий тодорхой дэс дараалалтай чиг үүргүүд юм.
Байгууллага сул чөлөөтэй байгаа орон тоонд тухайн ажлын байрны шаардлагыг хангах хүмүүсийг сонгож авахын тулд өрсөлдөөнийг хангах тооны ажиллахыг хүсэж байгаа хүмүүсийг цуглуулах хэрэгтэй болдог. Ер нь тухайн байгууллагад ажилд орохыг хүсэгчдийн тоо олон байвал, нэг талаас түүний нэр хүнд зах зээл дээр өндөр байгааг, нөгөө талаас хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилж байна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагын дүр төрх сайн байна л гэсэн үг.
Байгууллагын дүр төрх сайн байх нь чадварлаг ажиллагчдыг өөртөө татах боломжийг хангаж өгч байдаг сайн талтай.
Бүрдүүлэлт нь шаардлагатай тоо, чанарыг хангах чадварлаг ажил горилогчдыг олж цуглуулах, ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг шилж сонгох боломжийг олгох нягт нарийн үйл ажиллагаа юм.
Хүний нөөцийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа нь нийгмийн халамж болон хөдөлмөрийн хууль болон бусад хуулийн зохицуулалттай тохирч байх, тэдгээрийг даган мөрдөхөд чиглэсэн байвал зохино. Ингэхлээр бүрдүүлэлт нь хуулийн дагуу зөв цагт нь зөв байранд нь зөв хүмүүсийг олж авахад ашиглагддаг хүний нөөцийн менежментийн нэг чухал чиг үүрэг юм. Бүрдүүлэлтийн үндсэн зорилго бол чадварлаг мэргэшсэн ажил горилогчдыг байгууллагынхаа нэрийн өмнөөс олж цуглуулж өөртөө татах явдал байдаг.
Хүний нөөцийг бүрдүүлэх үйл явц бол шинээр хүн ажилд авах хамгийн анхны алхам юм. Энэ үйл явц нь гадаад, дотоод эх үүсвэрээс ажилд орохыг хүсэгчдийг цуглуулах, бүртгэх, өргөдөл бөглүүлэх, судлах зэрэг үйл ажиллагааг багтаадаг. Харин сонголт нь бүрдүүлэлтийн дараагийн алхам бөгөөд орохыг хүсэгчдээс тухайн ажлын байрны шаардлагьгг хангах мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай хүмүүсийг шалгаруулж авах, нэлээд хариуцлагатай ажил байдаг.
Байгууллагын хэрэгцээт ажил, мэргэжлийн төрөлд гадаад орчинд гарч буй өөрчлөлтүүд ихээхэн нөлөөлдөг. Тухайлбал, дэлхийн улс оронд, тэр тусмаа орчин цагийн Монгол оронд компьютерийн нарийн мэдлэг, чадвар бүхий мэргэжилтнүүд байгууллага бүхэнд хэрэгцээтэй болж байна. Үүнээс гадна суудлын автомашины болон гар утасны засварын ажилтнууд ч өргөн хэрэгцээтэй байгааг орчны өөрчлөлттэй холбон тайлбарлаж болох юм. Мөн түүнчлэн дээр өгүүлснээр хуулийн зохицуулалтууд чухал нөлөөлөгч хүчин зүйлийн нэг мөн.
Хүний нөөцийн бүрдүүлэлт хүний нөөцийн менежментийн бүхий л аспектуудтай холбоотой ба хамгийн чухал гурван зүйлийн уялдаа холбоог тайлбарлая.
1. Хүний нөөцийн төлөвлөлт.
Стратегийн бүрдүүлэлтийн хөтөлбөр хийхэд өргөтгөсөн төлөвлөлт шаардлагатай болдог. Бүрдүүлэлтийн хөтөлбөр нь байгууллагын төлөвлөлтийн гурван бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хийгддэг:
1) Байгууллагын зорилго, ирээдүйд үйлдвэрлэн гаргах бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ, хөгжлийн төвшин, бүтэц, байршил зэргийг тодорхойлдог стратегийн бизнес төлөвлөлт,
2) Төрөл бүрийн төвшинд юу хийгдсэн байх ёстойг онцгойлон зааж өгдөг ажил үүргийн төлөвлөлт,
3) Байгууллагын шаардлагатай байгаа болон ирээдүйд шаардагдах ажлын төрлүүд, түүнд тохирох ажил горилогчдод тавигдах мэдлэг, ур чадвар, чадавх зэргийг тодорхойлж өгдөг.
Төлөвлөлтийн энэ гурван бүрэлдэхүүн хэсгүүд нь хоорондоо харилцан холбоотой ба хичнээн хүн ажилд авах, түүний тулд хэдэн хүн цуглуулсан байх ёстойг тодорхойлоход зайлшгүй шаардлагатай байдаг.
2. Ажлын шинжилгээ.
Ажлын шинжилгээ нь хүний нөөцийн бүрдүүлэлтэд бас чухал байдаг, учир нь байгууллагын хэрэгцээт ажил, тухайн албан тушаалд шаардагдах мэргэжлийн мэдлэг, ур чадвар, чадавхийг нарийн тодорхойлоход тусалдаг.
Дотоод болон гадаад бурдүүлэлтийн аль ч тохиолдолд тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах боловсрол, мэргэжил, ур чадвар, туршлага, цалингийн зэрэглэл зэргийг маш тодорхой болгосны дараа энэ тухай мэдээллийг тарааж эхлэх нь зүйтэй юм.
Томоохон байгууллагуудад, энэ мэдээлэл нь маш түргэн тархаж, бүрдүүлэлтэд зарцуулах хөрөнгө, цагийг хэмнэх боломжтой болгох тохиолдол цөөнгүй байдаг.
3. Сургалт ба хөгжил.
Хэрвээ бүрдүүлэлтийн үйл ажиллагаанууд нь өндөр мэргэшсэн ажил горилогчдыг цуглуулж чадсан тохиолдолд ажиллагчдын сургалтын хэрэгцээ бага байж болох талтай. Харин орчин үеийн зарим байгууллагуудад, эсрэгээр, огт мэргэжилгүй хүмүүсийг цуглуулан тэдэнд өөрийн хөтөлбөрийн дагуу сургалтыг явуулсаны дараагаар сонголт хийх явдал байдаг. Энэ нь олон газар ажиллаж янз бүрийн ур чадвар олж эзэмшсэн ажилчдыг өөрийн технологи, стандартад нийцүүлэхээс илүү бага цаг хугацаа, зардалтай байдаг байж ч болох юм.