OKR гэж юу вэ? Орчин үед байгууллагууд амжилттай ажиллахын тулд тодорхой зорилго (Objectives) тавьж, түүнийгээ тодорхой хэмжүүрээр (Key Results) үнэлэх шаардлагатай байдаг. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй аргачлал бол OKR (Objectives and Key Results) юм.
Өөрөөр хэлбэл OKR (Objectives and Key Results) гэдэг нь байгууллага, баг болон хувь хүмүүсийн зорилгоо тодорхойлж, түүнийг хэмжих гол үр дүнгүүдийг тогтоох менежментийн аргачлал юм. Энэ аргачлалыг Intel компанийн хамтран үүсгэн байгуулагч Энди Гроув анх хөгжүүлсэн бөгөөд Google, LinkedIn, Microsoft зэрэг олон улсын томоохон компаниуд амжилттай хэрэгжүүлсэн туршлага бий.
OKR-ийн бүтэц | OKR нь дараах хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ:
Objective (Зорилго) – Байгууллага эсвэл багийн хүрэхийг хүссэн тодорхой, урам зоригтой зорилт.
- Томоохон зорилтыг тодорхойлно.
- Урам зориг өгч, чиглэл заасан байх ёстой.
- Чанарын (qualitative) шинжтэй байдаг.
Key Results (Гол үр дүнгүүд) – Зорилгод хүрснийг тодорхойлох хэмжигдэхүйц, тодорхой үр дүн.
- Зорилгодоо хүрсэн эсэхийг хэмжих тодорхой үзүүлэлтүүд.
- Тоон (quantitative) болон хэмжигдэхүйц байх ёстой.
- Ихэвчлэн 3-5 гол үр дүн тодорхойлдог.
Жишээ нь:
Зорилго: Харилцагчийн сэтгэл ханамжийг сайжруулах
- Гол үр дүн 1: Net Promoter Score (NPS-Бүтээгдэхүүн үйлчилгээг бусдад санал болгох магадлал)-г 50%-иар нэмэгдүүлэх
- Гол үр дүн 2: Харилцагчийн санал гомдлын хариу өгөх хугацааг 24 цагаас 12 цаг болгох
- Гол үр дүн 3: Харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаанд 90%-ийн эерэг үнэлгээ авах
OKR хэрхэн ажилладаг вэ?
OKR-ийг ихэвчлэн улирал тутам тодорхойлж, хэрэгжилтийг нь тогтмол хянадаг. Гол зарчим нь:
- Сорилттой байх – Зорилго нь байгууллагад өсөлт, ахиц авчрахуйц байх ёстой.
- Хэмжигдэхүйц байх – Гол үр дүнгүүд тодорхой тоон үзүүлэлттэй байх хэрэгтэй.
- Ил тод байх – Байгууллагын бүх түвшний ажилтнуудын OKR нээлттэй байх нь үр дүнтэй хэрэгжихэд тусалдаг.
- Уян хатан байх – Шаардлагатай үед OKR-ийг шинэчилж, зохицуулах боломжтой.
OKR-ийн ач холбогдол
- Байгууллагын зорилтыг тодорхой болгодог
- Багийн гишүүдийг нэг чиглэлд төвлөрүүлдэг
- Гүйцэтгэлийн үнэлгээ биш, харин стратегийн зорилгод хүрэхэд тусалдаг хэрэгсэл
- Байгууллагын соёлыг илүү ил тод, хариуцлагатай болгодог
OKR-ийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд байгууллагын соёлд нийцүүлэн, тогтмол хянаж, дүгнэж байх нь чухал. Дараагийн нийтлэлээрээ бид байгууллагын хүний нөөцийн удидлагад "OKR-ийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?" сэдвийг онцлох болно.
Салбарын анхдагч | Мэргэжлийн мэргэшсэн | Хамгийн өргөн гадаад харилцаатай | Монголын Хүний Нөөцийн Институт | 7000-1075 | 8000-1075 | 9000-1075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |