Өнөөдөр нэг байгууллагад хэд хэдэн үе зэрэгцэн ажиллаж байна гэдэг бол онцгой зүйл биш, хэвийн үздэл юм. Гэхдээ олон янз байдал нь өөрөө давуу тал байх ёстой ч, зөв удирдлага, нийтлэг ойлголтгүй үедээ эсрэгээрээ үл ойлголцол, зөрчил үүсгэж, багийн уур амьсгал, гүйцэтгэлийг доройтуулдаг.
Mather Institute-ийн саяхан нийтэлсэн 2026 Gen Xperience Study энэ асуудлыг нэлээд тод харагдуулж байна.
Судалгааны гол санаа энгийн хэрнээ хүчтэй:
Үе хоорондын ялгаа бидний төсөөлдгөөс хамаагүй бага. Харин тэдгээрийг хооронд нь холбож, тэнцвэржүүлж чаддаг гол цэг нь Gen X үеийнхэн болж байна.
Яагаад заавал Gen X гэж?
Судалгааг анзаараад харахад Gen X (45–60 нас) үеийнхэн үнэхээр өвөрмөц байр суурь эзэлж байна. Тэд технологийн хэрэглээний хувьд залуу болон ахмад үеийн дунд оршиж, ажлын стресс, харилцаа, үүсгэгч хиймэл оюун ухаан (generative AI)-д хандах хандлагын хувьд ч хэт туйлширсан биш, илүү бодитой, тэнцвэртэй дүр зурагтай байна.
Товчхондоо, Gen X бол:
Залуусын хурдыг ойлгодог,
Ахмад үеийн болгоомжлолыг хүндэтгэдэг,
Хоёуланг нь хооронд нь “орчуулж”, холбож чаддаг үе.
Жишээлбэл, 2025 оны 7-р сард АНУ-д ажил эрхэлж буй ойролцоогоор 4,000 хүнийг хамарсан судалгаагаар Gen X-ийн ажлын байран дахь AI ашиглалт нь millennial-уудаас бага ч, baby boomer-уудаас илүү байжээ.
Мөн тэд AI-ийн гаргасан контентод:
- Ахмад үеэс илүү итгэлтэй,
- Харин залуу үеэс арай болгоомжтой ханддаг гэж хариулсан байна.
Энэ нь Gen X-ийг нэг талаас ахмад үеийн дунд AI хэрэглээг дэмжих, нөгөө талаас залуу үеийнхэнд AI-ийн мэдээллийг заавал нягталж, бодит шалгалт хийх хэрэгтэйг сануулах байгалийн чиглүүлэгч болгож байгаа юм.
Үе хоорондын ялгаа үнэхээр тийм их үү?
Судалгааны хамгийн сонирхолтой хэсэг энд гарч ирнэ.
Оролцогчдын 70 гаруй хувь нь
“Өөр үеийн хамт олноос суралцах дуртай” гэж хариулжээ.
Тоонуудыг харвал:
- Gen Z – 72%
- Gen X – 76%
- Baby boomer – 77%
- Millennial – 80%
Энэ бүхэн нэг зүйлийг тодорхой харуулж байна.
Хүмүүс хоорондоо суралцахад бэлэн байна. Харин тэднийг холбож өгдөг систем, орчин, удирдлагын хандлага л ихэнх байгууллагад дутмаг байна.
“Ахмад үе технологид сул” гэдэг үнэн үү?
Судалгаа энэ нийтлэг ойлголтыг ч бас задлан харуулжээ.
Технологид дасан зохицох нь амархан эсвэл маш амархан гэж хариулсан хувь:
- Millennial – 77%
- Gen X – 69%
- Gen Z – 68%
- Baby boomer – 56%
Тийм ээ, Boomer-уудын дунд хүндрэл мэдэрдэг хувь харьцангуй өндөр. Гэхдээ тал илүү нь технологид дасан зохицож чадна гэж хариулсан нь “ахмад үе технологид муу” гэх нэг талыг барьсан дүгнэлтийг хангалттай няцааж байна.
Тайланд онцолсноор, хүний технологийн чадварыг зөвхөн нас, үеэр нь хэмжих нь хамгийн том эндүүрэл юм.
Зөрчил хаанаас үүсдэг вэ?
Хүмүүс суралцахад бэлэн байсаар атал зөрчил яагаад арилахгүй байна вэ?
Үе хоорондын зөрчлийг байнга мэдэрдэг гэж хариулсан хувь:
- Gen Z – 23%
- Millennial – 26%
- Gen X – 14%
- Baby boomer – 3%
Зөрчлийн гол шалтгаан нь ихэвчлэн:
- Ажлын чанарын талаарх өөр өөр ойлголт
- Үнэт зүйлсийн зөрүү
- Технологи ашиглалт, чадварын ялгаа
Мөн өөрсдийгөө буруугаар ойлгогддог гэж мэдэрсэн хувь:
- Gen Z – 31%
- Millennial – 26%
- Gen X – 17%
- Baby boomer – 9%
Ялангуяа Gen Z өөрсдийгөө “хэт сэтгэл хөдлөлтэй”, “дэндүү шулуун”, “хил хязгаар тогтоодог” гэх мэтээр буруу ойлгогддог гэж мэдэрч байгаа нь сүүлийн үеийн бусад судалгаатай ч давхцаж байна.
Байгууллагад өгч буй бодит мессеж
Mather Institute үүнийг маш тодорхой анхааруулжээ: “Эдгээр хэвшмэл ойлголтууд нь хор хөнөөлгүй зүйл биш.
Тэд ажилд авах, удирдах үйл явцад өрөөсгөл хандлага үүсгэж, багийн уур амьсгалыг доройтуулж, байгууллагын нэгдмэл байдлыг сулруулдаг.” Өөрөөр хэлбэл, үе хоорондын асуудал бол хүний нөөцийнхөний “Амар бус сэдэв” биш.
Энэ бол байгууллагын гүйцэтгэл, соёл, тогтвортой байдалд шууд нөлөөлөх бодит менежментийн асуудал юм.
Дүгнэлт: Gen X-ийг орхигдуулж болохгүй
Энэхүү судалгаа нэг зүйлийг маш тодорхой харуулж байна.
Gen X бол:
- Чимээгүй ч стратегийн хувьд чухал үе
- Үе хоорондын итгэл, ойлголцлыг холбож чаддаг байгалийн медиатор
- AI, технологи, хүний харилцааны тэнцвэрийн цэг
Иймээс ажил олгогчид олон үеийн багийн уялдаа холбоо, харилцаа, ойлголцол, системтэй learning culture-д илүү ухамсартай, зорилтот хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна.
Учир нь үеийг холбож чадсан байгууллага л ирээдүйг тогтвортой удирдаж чадна.
Салбарын анхдагч | Мэргэжлийн мэргэшсэн | Хамгийн өргөн гадаад харилцаатай | Монголын Хүний Нөөцийн Институт | 7000-1075 | 8000-1075 | 9000-1075
| Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай! |




